Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно
1 Цагийн өмнө
62
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.12/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно  

Ерөнхий сайдын зүгээс төслийг эрчимжүүлэх үүргийг Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд өгч, салбарын уялдаа холбоог сайжруулж, нэгдсэн удирдлагаар хангахыг үүрэг болголоо.  2026 оны 9 дүгээр сард ашиглалтад орох уг төмөр замын зурвас газартай давхцаж байгаа иргэн, ААН-ийн эзэмшил газрыг чөлөөлөх, обьектыг нүүлгэн шилжүүлэх, цахилгаан дамжуулах болон түгээх шугам, дэд станцыг хамгаалах, шилжүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллана. 

Энэхүү төмөр зам нь Багахангай өртөөнөөс салаалан Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндий болон мөн аймгийн Алтанбулаг сумаар дамжин Эмээлт өртөөнд холбогдоно. Төмөр замын бүтээн байгуулалтыг “Монголын төмөр зам” ТӨХК нь 2 үе шаттай хэрэгжүүлж байна. 

-2025.04.25-нд эхэлсэн Багахангай өртөөнөөс Хөшигийн хөндий хүртэлх 87.8 км төмөр замын барилга угсралт, 5 байршилд баригдаж буй гүүрэн байгууламж, ус өнгөрүүлэх хоолойн ажлууд 100%, төмөр замын дээд бүтцийн угсралтын ажил 86.6 %-ийн гүйцэтгэлтэй. 

-2026 онд эхэлсэн Хөшигийн хөндийгөөс Эмээлт өртөөнд холбох газар шорооны ажил 48.2 хувьтай үргэлжилж байна. 

Төслийн бүтээн байгуулалтад дотоодын 95 ААН, 4,000 гаруй инженер, техникийн ажилчид оролцож, III зэрэглэлийн ачаа, зорчигч тээврийн зориулалттай 127.1км гол зам, 177.4км дэлгэмэл урт бүхий, 3 зөрлөг, 4 өртөө барьж, байгуулахаар төлөвлөжээ. 

zasag_2608121 

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална 

Монгол Улсын Засгийн газар шатахуун, түлштэй холбоотой богино, дунд, урт хугацааны төлөвлөгөө гарган ажиллаж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ОХУ, БНХАУ, БНСУ-аас авах шатахууны нийлүүлэлтийн дүн мэдээ болон Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тосны үйлдвэрийн тулгамдаж буй асуудал, хууль тогтоомжийн гацааг арилгах чиглэлээр холбогдох сайд нарт үүрэг өглөө. 

Тухайлбал, 

-Газрын тосны үйлдвэрийн татвар өр төлбөртэй холбоотой үүсэх харилцаа, зээлийн шугам, хэмжээг нэмэгдүүлэх 

-Төслийг үйлдвэр технологийн парк хэлбэрээр хөгжүүлж үйл ажиллагааг нь жигд, хурдацтай явуулах

-Үйлдвэрийн бүтээн байгуулалт, талбайг дотоодын цэргийн хамгаалалтад авах 

-Үйлдвэрт ажиллах алба хаагчдыг мэргэшүүлэх, сургах төлөвлөгөө, тооцоо гаргахыг Эдийн засаг, хөгжлийн сайд болон Боловсролын сайдад үүрэг болгох

-Иргэдийг үнэн зөв мэдээллээр хангах, үр дүнг нээлттэй, үнэн бодитоор мэдээлэх

-Үйлдвэрээс ирүүлсэн зөвшөөрөл, бусад албан бичгийн хариуг холбогдох албаныхан яаралтай өгөх зэрэг 14 асуудлыг шийдвэрлэж, долоо хоног бүр хэрэгжилтийг хянаж явна гэв. Үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 гаруй хувьтай, 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. 

Ерөнхий сайд Н.Учрал, “Монгол Улс газрын тосны салбарт эрэл хайгуул, олборлолтоо эрчимжүүлнэ. Импортын хараат байдлыг бууруулах бодлогын хүрээнд Газрын тосны үйлдвэрийг Ерөнхий сайдын бүрэн хяналтад авч, сар бүр тулгарсан асуудлыг би өөрөө шийдвэрлэж ажиллана. 2028 онд ашиглалтад оруулахын төлөө хамтраад ажиллацгаая” гэж хэллээ.

Мөн газрын тос, шатахууны нөөцийн агуулах сав барих 21 ААН-ийн 26 төсөлд Монголбанкнаас 360 гаруй тэрбумын зээл гаргасан бөгөөд 23 өдрийн нөөцийг бүрдүүлэх агуулахын ажлын явцын талаар мэдээлэл сонслоо. Ерөнхий сайд шаардагдах албан бичгийг эс үйлдэхүй гаргаж гацаахгүй байх, төслүүдэд олгогдох санхүүжилтийг тухай бүр мэдээлж, шийдвэрлэх, дууссан төслийг Улсын комисс шуурхай хүлээн авах, стандартыг мөрдүүлэх үүргийг тус, тус өглөө. 

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.