Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Зөвлөлийн даргаар З.Ган-Очир сонгогдлоо
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Зөвлөлийн хурал боллоо. МУУҮА-ийн Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, Зөвлөлийн гишүүн З.Ган-Очир Зөвлөлийн даргаар сонгогдлоо.
Зөвлөлийн дарга З.Ган-Очир нь МУУҮА-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр гүйцэтгэх юм.
З.Ган-Очир нь Канадын Хэйлибюри коллежийн Уул уурхайн сургууль болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр, Нью-Йоркийн Их сургуулийг санхүүгийн магистр зэргээр төгссөн, уул уурхайн инженер, санхүүч мэргэжилтэй юм.
Тэрээр Канадын “Nanisivik” цайрын далд уурхайд маркшейдерээр ажлын гараагаа эхлэн “Asia Gold”, “Хөх Тэнгэр Минералс”, “Aspire Mining” ХХК зэрэг уул уурхайн салбарын дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад мэргэжлийн болон удирдах түвшинд ажилласан туршлагатай.
Мөн Оюу толгой ордын нийт хувьцааны 34 хувийг эзэмшдэг “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийг төлөөлөн “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан.