Бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийн нэгдэл болох Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын XXI ээлжит их хурал энэ оны есдүгээр сарын 20-нд болохоор товлогджээ. Энэ удаагийн хурлаар МҮХАҮТ-ын 2019-2023 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, Хяналтын зөвлөлийн тайланг танилцуулахаас гадна МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүд, ерөнхийлөгч болон Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгон батлах юм.
Түүнчлэн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл танилцуулга хийх, тэргүүлэх асуудлуудыг тодорхойлох, танхимын үүрэг оролцоог хэлэлцэх асуудлууд багтжээ.
Дөрвөн жилд нэг удаа болдог тус их хурлын нэг чухал үйл явдал нь танхимын удирдах дээд байгууллагын бүтэц, удирдлагуудаа сонгодог явдал. Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг төлөөлөн хамгаалах, илэрхийлэх хуулиар хүлээсэн үүрэгтэйн хувьд ирэх дөрвөн жилд тус байгууллагыг удирдан чиглүүлж, үйл ажиллагааг идэвхжүүлэх Удирдах зөвлөл, МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгууль нь анхаарал татаж байна.
Дээр дурдсан сонгуульт албан тушаалд нэр дэвшиж, дэвшүүлэх нь танхимын нийт гишүүд, хурлын төлөөлөгчид, бие даагчдын хувьд нээлттэй, ил тод байдгаараа онцлогтой. МҮХАҮТ-ын дүрмийн дагуу Үндэсний танхимын Удирдах зөвлөлд гишүүнээр элсээд гурваас дээш жил болсон, гишүүний үүргийн ямар нэг зөрчилгүй танхимын гишүүд нэр дэвших эрхтэй аж. Ингэхдээ 2023 оны наймдугаар 10-наас өмнө гишүүнээр элссэн байх ба есдүгээр сарын 15-ны байдлаар гишүүнчлэлийн хураамжийг бүрэн төлснөөр ээлжит XXI их хуралд оролцох эрхтэй болох нь.
Улмаар 22 гишүүнийг төлөөлөх ардчиллын зарчмаар, үлдэх 53 гишүүнийг их хурлын гишүүд дундаас шууд ардчиллын зарчмаар, Хяналтын зөвлөлийн гишүүдийг их хурлын гишүүд дундаас тус тус нэр дэвшүүлэн сонгох юм байна.
Нэр дэвшүүлэх ажлыг их хурал эхлэхээс хоёр хоногийн өмнө буюу 2023 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 17:.00 цагаар дуусгавар болгож, танхимаас томилогдсон комисс нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч, их хуралд танилцуулах ажээ. Танхимын ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн даргад нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр, товч намтраа бэлтгэн, есдүгээр сарын 18-ны 17:00 цагт МҮХАҮТ-ын Нэр дэвшүүлэх комисст хүлээлгэн өгөх юм.