“Оюу толгой” компанийн зүгээс ус ашиглахтай холбогдуулан дараах тайлбар, тодруулгыг гаргажээ. Үүнд, “Оюу толгой” компани нь Монгол Улсын хууль тогтоомжид заасан аливаа татвар, хураамжийг төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гаргаагүй, холбогдох хууль, тогтоомж болон гэрээнүүдийн дагуу ус ашигласны төлбөрөө бүрэн төлж ирсэн болно. Энэ асуудал нь 2009 онд байгуулагдсан Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, 2012 онд батлагдсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, 2021 онд батлагдсан журмын зөрүүтэй байдлаас үүдэлтэй" хэмээн дурджээ.
Тодруулбал, "Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд хуулийн заалт, татварын орчныг тухайн үеийнхээр тогтворжуулж, 2009 оноос хойш бий болсон аливаа шинэ татварыг ногдуулахгүй байхаар тусгасан. Ингэснээр гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд татварын тогтвортой орчинд уурхайн үйл ажиллагаанд хөрөнгө оруулах нөхцөлийг хөрөнгө оруулагчид бүрдүүлсэн юм. Харин олон нийтийн сүлжээнд дурдагдаж буй “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль” нь 2012 онд батлагдсан бөгөөд уг хуулийг хэрэгжүүлэх төлбөр тооцооны журам 2021 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан. Хөрөнгө оруулалтын гэрээний татварын орчныг тогтворжуулах заалттай харшилж байгаа тул “Оюу толгой” компани өнөөдрийг хүртэл уг төлбөрийг төлөх үүрэг хүлээгээгүй гэсэн байр суурьтай байсан.
Усны төлбөрийн тухайд, “Оюу толгой” компани нь 2013 оноос хойш ус ашигласны төлбөрт нийт 218 тэрбум төгрөг төлсөн.
Ус бохирдуулсны төлбөрийн тухайд, Оюу толгой үйлдвэр нь “Zero discharge” буюу “байгальд ус хаяхгүй” байх зарчмыг баримталж ажилладаг тул ус бохирдуулсан эсэхэд дүгнэлт гаргуулах шаардлагатай. Учир нь:
• Оюу толгойн үйлдвэрлэлд ашиглаж буй усыг ундны усны эх үүсвэрээс бус 150-400 метрийн гүнд байрлах Гүний хоолойн газрын доорх усны ордоос татдаг, ундны усны стандартаас 2.5-4 дахин өндөр эрдэсжилттэй тул ахуйн зориулалтаар ашигладаггүй.
• Үйлдвэрлэлд ашигласан усыг байгальд асгадаггүй буюу зориулалтын хаягдлын далангийн байгууламжид хадгалж, дунджаар 87 хувийг дахин ашигладаг.
• Үлдсэн ус нь хаягдлын даланд түгжигдэх, агаар мандалд ууршдаг зүй тогтолтой.
Тиймээс усны асуудалтай холбоотойгоор нэгдсэн ойлголтод хүрэх зорилгоор бид хаягдал усны дүгнэлт гаргуулах хүсэлтийг Усны газарт хүргүүлээд байна" хэмээн мэдээллээ.