БНХАУ-ын Боао хотноо зохион байгуулагдаж буй “Боао Азийн форум-2026” жилийн чуулга уулзалт үргэлжилж байна. Чуулганы хүрээнд болсон “Бүс нутгийн зохицуулалтыг сайжруулж, санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих нь” болон “Тарифын дайн дахь дэлхийн худалдааны шинэ дүр төрх” салбар хуралдаанд Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт оролцож байна.
Тэрбээр Олон улсын төлбөр тооцооны банк (BIS)-ны Ази, Номхон далайн бүсийн ерөнхий төлөөлөгч Жан Тао болон бусад улсын төв банкны удирдлагуудын хамтаар бүс нутгийн санхүүгийн аюулгүй байдлын сүлжээг (Financial Safety Net) бэхжүүлэх сэдвээр салбар хуралдаанд илтгэл тавьж бодлогын байр сууриа илэрхийлжээ.
Илтгэлийнхээ үеэр Ерөнхийлөгч С.Наранцогт дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал, геополитикийн зөрчил, өрийн түвшний өсөлт зэрэг сорилтууд бодлого боловсруулагчдад нэмэлт дарамт болж буйг онцлоод, Монгол Улсын туршлагад тулгуурласан дараах гурван чиглэлийг тодотгожээ.
Мөн тэрбээр тарифын хязгаарлалт, геополитикийн сорилтуудын нөхцөлд Монгол Улсын баримталж буй бодлогыг танилцуулж, худалдааны саад тотгорыг бууруулахад хил дамнасан төлбөр тооцоонд орон нутгийн валютын хэрэглээг нэмэгдүүлэх, санхүүгийн интеграцийг гүнзгийрүүлэх нь чухал болохыг онцолсон байна.
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт үгийнхээ төгсгөлд “Тодорхойгүй байдал өсөн нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд ямар ч улс дангаараа амжилтад хүрэх боломжгүй. Бидний хүч хамтын ажиллагаанд оршино” хэмээн онцолж, Монгол Улс бүс нутгийн тогтвортой, тэсвэртэй ирээдүйг бүтээхэд идэвх, санаачлагатай хамтарч оролцохоо бататгажээ.
Чуулга уулзалтын үеэр Монголбанкны зүгээс хэрэгжүүлж буй бодлого, туршлага нь бүс нутгийн бусад хөгжиж буй орнуудын хувьд санхүүгийн дархлааг тогтоох сайн туршлага болж байна хэмээсэн бөгөөд дэлхийн санхүүгийн засаглалыг сайжруулах, бүс нутгийн бодлогын уялдаа холбоо, институцийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, санхүүгийн аюулгүйн сүлжээг гүнзгийрүүлж, системийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай гэдэгт оролцогч талууд санал нэгдлээ.