“Уул уурхайн долоо хоног-2023” хөрөнгө оруулалтыг онцолно
2023.09.10
453
 “Уул уурхайн долоо хоног-2023” хөрөнгө оруулалтыг онцолно
Уул уурхайн салбарынхны хамгийн том чуулган нь “Mining week”. Монгол Улсын эдийн засгийн гол хөшүүрэг болж байгаа уул уурхайн салбарт шинэ хөрөнгө оруулалт татах, Шинэ сэргэлтийн бодлогыг эрчимжүүлэх, аж үйлдвэржилтийг хурдасгах, энэхүү амбицад хүч нэмэх, хөшүүрэг болох том боломж “Уул уурхайн долоо хоног” болж байна.

Эрдэс баялгийн салбарын хамгийн том чуулган “Mining week-2023” нэгдсэн арга хэмжээ 2023 оны 10 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна. Тус арга хэмжээг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци хамтран зохион байгуулна. 

2022 онд Монгол Улсад анх удаа эрдэс баялгийн салбарын бүх түвшний оролцогчид салбарын хөгжлийг идэвхжүүлэх, гаднын хөрөнгө оруулагчдыг татах, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих, Монгол Улсын Засгийн газрын бодлогод хүч нэмэх, хөшүүрэг болох боломжуудыг эрэлхийлэх зорилгоор нэгэн дээвэр дор уул уурхайн салбарынхан тав хоногийн турш хамтдаа чуулсан билээ.

Арга хэмжээний үр дүнд салбарын өрсөлдөх чадварыг тодорхойлох, дэлхий нийтийн чиг хандлага, зах зээлийн эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, төрөөс баримталж буй бодлого шийдвэрт иргэд, орон нийтийн оролцоог хангаж, хамтарсан шийдлийг эрэлхийлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг сэргээх, хууль, эрх зүйн шинэчлэлийг хурдасгах зэрэг салбарт тулгамдаж буй олон асуудлыг шат шатны байгууллагуудын оролцоотойгоор нээлттэй хэлэлцэж, цаашдын чиглэлээ тодорхойлсон юм.

Монгол Улсын эдийн засгийн гол хөшүүрэг болж байгаа уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татах,  Шинэ сэргэлтийн бодлогыг эрчимжүүлэх, аж үйлдвэржилтийг хурдасгах, энэхүү амбицад хүч нэмэх, хөшүүрэг болох том боломж нь “Уул уурхайн долоо хоног” арга хэмжээ юм. 

Долоо хоногийн турш үргэлжлэх тус арга хэмжээ нь уул уурхайн салбарын бодлогын семинар, хөрөнгө оруулалтын чуулган, хариуцлагатай уул уурхайн семинар, үзэсгэлэн гээд төрөл бүрийн арга хэмжээний цогцолбор. Уул уурхайн салбарынхан хамгийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр Улаанбаатар хотод хуран чуулна. Энэхүү арга хэмжээний үеэр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад эрдэс баялгийн хайгуул, олборлолтын өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын орчны талаар цогц мэдээлэл өгч, санхүүгийн зах зээл, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын боломжийн талаар ч өргөн хэлэлцүүлэг өрнөнө.

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.