Хөсөр хаягдсан хүнд үйлдвэрийн салбар хөгжих эсэхийг парламентийн 126 шийднэ
12 Цагийн өмнө
148
Хөсөр хаягдсан хүнд үйлдвэрийн салбар хөгжих эсэхийг парламентийн 126 шийднэ

Угааж боловсруулах бус ухаж зөөх л уул уурхайн ажил, улсын бодлогын эцсийн зорилт мэт нэгэн үе байлаа. Нэмүү өртөг шингээх, боловсруулах нь тунхаг төдий яриа байв. Өнгөрсөн хугацаанд олон, олон мега төсөл цаасан дээр ийм байдлаар бууж, засаг төр хэрэгжүүлэх бус хийх ажлын жагсаалт болгодог байлаа. Сайд болгон үйлдвэр барих амбийцтай. Үүний ойрын жишээ гэвэл 14 мега төсөл. Эрх зүйн орчин нь тодорхой бус салбар бол хүнд үйлдвэр.

Хөсөр хаягдсан хүнд үйлдвэрийн салбарт баримжаалах хууль, бататгах бодлого гэж байсангүй. Сайд болгон аж үйлдвэрийн шинэ байршил тогтоож, шинэ төслийн санаа тээж явдаг. Энэ салбарт нэгдмэл бодлого, уялдаа холбоо, бодлогын залгамж чанар байсангүй. Эдгээрийн уршгаар аж үйлдвэрийн төлөвлөлт алдагдсан, хүний нөөц бэлтгэгдээгүй, хэрэгжих боломжтой төслүүд царцсан, улсын мөнгөөр олон удаа ТЭЗҮ боловсруулахаас улс маань хэтэрсэнгүй.

Хувийн хэвшлийн төслүүд бодлогын дэмжлэггүй унаж, ганц нэг нь бор зүрхээрээ хамаг эрсдэлээ үүрэн арай гэж ашиглалтад нь орж байна. Тодруулбал, Алтанширээт, Гэрэл говь үйлдвэрлэл, технологийн парк бүхий төслүүд цар тахалтай жилүүдэд хөдөлж байсан. Тэд улсын бодлогоос давж сэтгэж, алс хэтийн ирээдүйг олж харсан хэрэг.

Аж үйлдвэрийн төрөлжсөн парк байгуулах ажлыг төр талаас "Эрдэнэс Монгол" эхлүүлж, одоогоор "Эрдэнэс ҮТП" гэж компани угсарч, тус компани нь төслийн хэд хэдэн нэгжтэй улсын төсвийн мөнгөөр амьдарч байна. Төслүүд нь хэзээ барианд орох, хэрхэн хэрэгжих, хөрөнгө оруулалт татах эсэх нь тодорхой бус. 2028 оны УИХ-ын сонгуулийн дараа эдгээр төслүүд байх эсэх, асар зардалтай компани "амьд байх" үгүй нь хүртэл бүрхэг байгаа юм. 

Хуучнаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам 2024 оны сонгуулийн дараа Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болж, бодлого тодорхойлон хэрэгжүүлэх төрийн бүтэц нэр усаа шинэчилснээр "аж үйлдвэр"-т анхаарч ажиллах юм байна гэсэн мессеж өгсөн. Тэгвэл Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс гадна Хүнд үйлдвэрийн тухай хуулийг төслийг ирэх хаврын чуулганаар УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна. Салбар толгойлох сайд нь Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төслийг явуулж байж бид түүхий эдээ илүү гүн боловсруулах, олборлолтоос боловсруулалт руу шилжинэ гэдгийг цохон тэмдэглэж байна. 

Хүнд аж үйлдвэр хөгжих түүхий эд нь бидэнд байна. Зэс, төмрийн хүдэр, нүүрс гээд боловсруулах, борлуулах бараа нь, худалдан авах зах зээл нь хажууд хил залган байна. Ийм таатай нөхцөл өгөгдсөн авч бид өнгөрсөн хугацаанд боломжоо ашиглаж, орлогоо нэмэгдүүлж чадсангүй. Одоо л олон жил ярьсан хүнд үйлдвэрийн эрх зүйн орчныг бүрдүүлэх алхмаа Засгийн газар хийх гэж байна.

Хууль нь байхгүй, бодлого нь тодорхойгүй учраас хөрөнгө оруулагчид хүнд үйлдвэрийн салбараас ихээхэн хол хөндий, тэр хэрээр аж үйлдвэрийн хөгжил удааширч иржээ. Хөгжиж буй болон өндөр хөгжилд хүрсэн улс орнууд хүнд үйлдвэрийн хөгжлийн ашиг тусыг хүртэж, өнөөдрийн хүчирхэг эдийн засгаа дийлэнх нь цогцлоосон байдаг. Үүний тод жишээ бол БНСУ. Тэд аж үйлдвэрийн хувьсгалыг эхлүүлж, экспортын баримжаатай хүнд үйлдвэрийн бодлогыг хүчтэй дэмжсэн түүхтэй. Ингэж "Азийн бар" орны нэг болох замнал нь эхэлсэн. 

Монгол Улсын хувьд "Хүнд үйлдвэрийн үндэсний хөгжлийн хөтөлбөр"-ийн 2019 оны Засгийн газрын 214 дүгээр тогтоолтой. Уг хөтөлбөрт "Монгол Улсын эдийн засгийн суурь бүтцийг бүрдүүлэх зорилгоор  дэд бүтцийн хөгжил, олон улсын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан металлурги, машин байгууламж, газрын тос, нүүрс боловсруулах болон химийн үйлдвэрийг байгуулж хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэн нутагшуулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, улмаар хүнд үйлдвэрийн салбараас эдийн засагт оруулах үр өгөөжийг дээшлүүлэхэд энэ хөтөлбөрийн зорилго оршино" гэж тодорхойлсон байна. 

Хөтөлбөрийн зорилгыг хангах эхний зорилт нь "Хүнд үйлдвэрийн хөрөнгө оруулалт болон татварын таатай, тогтвортой эрхзүйн орчинг бий болгох" хэмээн нарийвчлан авч үзжээ.  2019 оноос хойш өнөөдрийг хүртэл хүнд үйлдвэрийн эрхзүйн "ай сав" бүрдээгүй, хөрөнгө оруулалт болон татварын таатай, тогтвортой орчин бий болоогүй байна. УИХ-ын ирэх хаврын чуулганаар хүнд үйлдвэрийн салбар хөгжих эсэхийг 126 шийдэх нь. 

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.