Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн хэлтсээс Монгол Улсын хэмжээнд ашигт малтмалын 1 төрлөөр жил бүр хэтийн төлөвийн судалгаа бэлтгэн гаргадаг. Энэ хүрээнд, Дэлхийн газрын ховор элементийн зах зээл өнөөгийн байдал болон Монгол Улсын хэмжээнд газрын ховор элементийн геологи, хайгуулын үйл ажиллагаа, газрын ховор элементийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж бүтээгдэхүүн үйлдвэрлэл, түүнээс олох орлого, улс орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар хураамж, шинээр бий болох болох ажлын байр зэрэг үзүүлэлтээр хэтийн төлөвийн судалгааг боловсруулжээ.
Дэлхийн зарим улс орнууд зэс, литий, никель, газрын ховор элемент, цайр, кобальт, графит зэрэг элементүүдийг “чухал ач холбогдол”-той, мөн өөрөөр “өндөр технологийн түүхий эд”, “стратегийн түүхий эд” ч гэж тодорхойлоод байна. Харин Монгол Улсын хувьд газрын ховор элементийн төслүүд хайгуулын үе шатаас олборлолт, боловсруулалтын салбар руу төдийлэн цааш ахиж чадахгүй байгаа. Энэ цаг үед Монгол Улсын Газрын ховор элементийн хэтийн төлөвийн суурь судалгаа хийх нь эдгээр төслүүдийн бодит боломжийг үнэлэх, үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой хэмээн үзжээ.
Хятадын Баян-Овоо, АНУ-ын Моунтайн Пасс, Австралын Моунт Вэлд уурхай, Оросын Ловозеро, Бразилын Сэра Вердэ зэрэг томоохон уурхайнууд тогтвортой олборлолт хийж байгаа ба эдгээр уурхайнууд дэлхийн нийт ГХЭ олборлолтын 70-80 орчим хувийг эзэлдэг. Үүнээс гадна Хойд, Өмнөд Америк, Өмнөд Африк, Евро-Азийн бүс нутгуудад ГХЭ-ийн хайгуулын үе шат дуусаж, урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэлийн судалгаа хийдэж, олборлоход бэлэн болсон төслүүд ихээхэн нэмэгдэж байна.
Дэлхийн ГХЭ олборлолтын гол төв нь Хятад, АНУ, Австрали зэрэг улсууд байна. Дэлхийд ГХЭ 2013 онд 100 мянган тонн орчим байсан бол, 2024 оны байдлаар 4 дахин өсөж 400 мянган тонн болоод байна. Энэхүү олборлолтын дийлэнхийг буюу 67%-ийг Хятад улс дангаараа, мөн 11%-ийг АНУ тус тус олборлож байна.
Үндэсний Геологийн албаны мэдээллээр Монгол Улсын 9 аймгийн 16 сумын хэмжээнд нийт 26 илрэл бүртгэгдсэн. Эдгээрээс ГХЭ-ийн монацитийн хүдэрт дагалдахаар кальцит, доломит, апатит, бастнезит, хайлуур жонш зэрэг элементүүд агуулсан 21 илрэл, бүртгэгдсэн иттрийн илрэлд дагалдахаар тантал, ниоби зэрэг элемент агуулсан 2 илрэл байна.
Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн Улсын нэгдсэн тоо бүртгэлд газрын ховор элементийн 6 орд бүртгэлтэй байна. Эдгээр ордуудын нөөцийн хэмжээг нэгтгэж үзвэл 499.3 сая тонн хүдэрт 2.4 сая тонн газрын ховор элементийн исэл, дагалдахаар 63.2 тонн стронцийн исэл, 67.5 мянган тонн фосфорит, 32.2 мянган тонн гематит, 438.5 мянган тонн цирконийн исэл, 60.9 мянган тонн ниобийн исэл, шороон ордын 596.7 мянган м3 элсэнд 274.52 тонн газрын ховор элемент, дагалдахаар 1.24 тонн уран, 20.3 тонн торийн исэл, 74.6 тонн церийн исэл байна.
Судалгааны ажлын тайланг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү...