Уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөлөөллийг хэлэлцэнэ
2024.02.05
286
Уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөлөөллийг хэлэлцэнэ
Хэлэлцүүлгийн хүрээнд уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын Монгол Улсын эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөлөл, боломж, сорилтуудын талаар хэлэлцэх төдийгүй цаашид боломжийг нэмэгдүүлэх, эрсдэлээс сэргийлэх шийдлийг тодорхойлно.

СЭЗИС болон Монголын бизнесийн зөвлөл хамтран “Уул уурхайн салбар ба Гадаадын шууд хөрөнгө оруулалт” сэдэвт хэлэлцүүлгийг Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд энэ сарын 7-нд зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэгт төрийн байгууллагууд, уул уурхайн компаниуд, мэргэжлийн холбоодын төлөөлөл болон салбарын багш, судлаач, экспертүүд оролцоно.

Хэлэлцүүлгийн хүрээнд уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын Монгол Улсын эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөлөл, боломж, сорилтуудын талаар хэлэлцэх төдийгүй цаашид боломжийг нэмэгдүүлэх, эрсдэлээс сэргийлэх шийдлийг тодорхойлох юм. Тэрчлэн талууд нэгдсэн ойлголттой болох ач холбогдолтой. 

Хэлэлцүүлгийг Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Түмэнцогт нээх бол эхний илтгэлийг "Монголын Улсын эдийн засагт үзүүлэх гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөлөө, хөрөнгө оруулалтын орчин" сэдвээр Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын Үйлдвэржилт, дэд бүтцийн хэлтсийн дарга Ш.Маргад хэлэлцүүлнэ.

Удаах илтгэлийг ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш М.Дагва "Уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын боломж, сорилт" сэдвээр тавих юм. СЭЗИС-ийн дэд профессор Ж.Дэлгэрсайхан "Уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө"-г хэлэлцүүлнэ. 

Өнөөдрийн байдлаар гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр манай улс  43 улстай, давхар татварын гэрээг 26 оронтой тус тус байгуулаад байна. Мөн Сөүлийн конвенц, Хөрөнгө  оруулалтын маргааныг шийдвэрлэх Вашингтоны конвенцид нэгдэн оржээ.

 Монгол Улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын 82.5 хувь уул уурхай, олборлох салбарт орж байна. 1990-2022 оны хооронд манай улсад гадаадын 120 улсын 14,836 компани байгуулагдан нийт 39.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байжээ.

Монгол Улсад хөрөнгө оруулалт татах гол салбарууд нь ашигт малтмалын хайгуул, уул уурхай, газрын тосны хайгуул, олборлолтын төслүүд хэвээр. Эрдэс баялгийн салбар нь улсын нэгдсэн төсвийн орлогын 24.8 хувь, экспортын 90 гаруй хувийг бүрдүүлж байна. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.