"Эрдэнэ Ресурс" компани нь өндөр агуулга бүхий Баянхөндий алтны төслийн бүтээн байгуулалтаа эхлүүллээ. Тус компани Баянхөндий төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэрийг гарган, төсөл хөгжүүлэлтийн хүрээнд Монгол Улсын уул уурхайн салбарт тэргүүлэгч хувийн компани болох MMC-тэй байгуулсан стратегийн түншлэлийн гэрээг эцэслэсэн тухайгаа танилцууллаа.
"Баянхөндий алтны уурхай нь өндөр агуулга бүхий илээр олборлох боломжтой төслүүдийн нэг бөгөөд олборлолтын оргил үедээ Монгол Улсын хамгийн том алт олборлогч болно" хэмээн Эрдэнэ Ресурсийн ерѳнхийлѳгч, гүйцэтгэх захирал Петер Акерли тодотгосон байна.
"Бид хамтдаа Монгол Улсын эрдэс баялгийн салбарт шинэ боломжуудыг нээж, тус салбарын эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэн Эрдэнэ Ресурсийн хувьцаа эзэмшигчдэд урт хугацааны үнэ цэнийг бий болгох болно” гэж Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК-ийн зүгээс мэдэгдлээ.
Баянхөндий төслийн хүрээнд 4.0 г/т дундаж алтны агуулга бүхий 513,000 унц батлагдсан ба магадалсан үйлдвэрлэлийн нѳѳц (“P&P”)-ийг олборлох бөгөөд уурхайн ашиглалтын 2 дахь жилээс эхлэн 5 дахь жилийг дуустал жилд дунджаар 87,000 унц алт олборлох төлөвтэй байна.
Бүтээн байгуулалт 12 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа ба энэ хугацаанд боловсруулах үйлдвэрийн бутлуур, бетон зуурмагийн үйлдвэр, түлшний агуулах, түр кемп, барилгын зам, талбайн тэгшилгээ, нарийвчилсан газар шорооны ажлууд, томоохон төмөр бетон суурь, баганын суурилуулалт зэрэг байгууламжуудыг барьжээ.
Бүтээн байгуулалтын бэлтгэл ажил болон төслийн инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын (“EPC”) үйлчилгээний гэрээг М-Си-Эс Проперти ХХК (“MCSP”) буюу ММС-ийн харилцан хамаарал бүхий компанитай хийжээ. Монгол Улсад 25 жилийн турш үйл ажиллагаа эрхэлсэн MCSP нь уул уурхайн салбарын томоохон туслан гүйцэтгэгч.
Үүсгэн байгуулагдсанаас хойш MCSP нь Рио Тинтогийн Оюутолгойн далд уурхайн дэд бүтцийг, ММС-ийн Ухаа худаг дахь металлургийн нүүрсний уурхайн үйл ажиллагааны боловсруулах бус дэд бүтцийг тус тус амжилттай барьж байгуулсан. EPC гэрээ нь 54 сая ам.доллараар үнэлэгдсэн нь төслийн шууд зардлын 60 хувийг эзэлж байна.
Бүтээн байгуулалтын үе шатан дахь хамгийн чухал үйл ажиллагааны нэг нь боловсруулах үйлдвэрийн байгууламж юм. Бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын хүрээнд боловсруулах үйлдвэрийн суурь нь тавигдсан. Боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 2024 оны эцэст дуусаж, 2025 оны 1-дүгээр улиралд ашиглалтад орохоор төлөвлөж байна. Төслийн хуваарийн дагуу 2025 оны 2-р улиралд анхны бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөжээ.