Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ. Тайланг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн, дэд дарга Н.Хүдэрчулуун танилцуулж, хороо нь өнөөдрийн байдлаар 11 салбарын 5,930 зохицуулалттай этгээдийн үйл ажиллагаанд зохицуулалт, хяналт тавин ажиллаж байгааг онцлов.
Санхүүгийн салбарын зах зээлийн нийт үнэлгээ, хөрөнгийн хэмжээ 2025 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 26.8 хувьд хүрээд байна. Тухайлбал, хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 13.8 их наяд төгрөгт хүрч, хувьцааны хөрвөх чадвар 2.1 хувьтай байна. Арилжаанд оролцогчдын 72.4 хувийг дотоодын компаниудын гүйлгээ эзэлж байгаа нь үнэт цаасны зах зээл дэх дотоодын оролцогчдын идэвхжил өндөр байгааг харуулж байна.
Мөн уул уурхайн бүтээгдэхүүний биржээр 27.8 сая тонн бүтээгдэхүүн арилжаалжээ.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хувьцааны хамтын санхүүжилтийн үйлчилгээ, банкны хадгаламжийн сертификатыг зах зээлд арилжих, үнэт цаас зээлэх, зээлдүүлэх үйлчилгээ, олон улсын санхүүгийн байгууллагын оролцоотой үнэт цаас гаргах, “нийгмийн бонд”, “тогтвортой байдлын бонд” зэрэг шинэ санхүүгийн хэрэгслийг нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Түүнчлэн хувийн хөрөнгө оруулалтын санг гэрээний үндсэн дээр байгуулах боломжийг бий болгоод байна.
Даатгалын салбарын нийт хөрөнгө 771.3 тэрбум төгрөгт, нөөц сан 352.1 тэрбум төгрөгт хүрч, даатгалын компаниудын нийт нөхөн төлбөрийн зардал 193.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 20.8 хувиар, 2021 оны мөн үетэй харьцуулахад 2.8 дахин өссөн үзүүлэлттэй байна. Мөн хадгаламж, зээлийн хоршооны салбарын нийт хөрөнгө 6.2 хувиар өсөж 379.0 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Харин банк бус санхүүгийн салбарт хэрэглээний зээлийн хэт өсөлтийг хязгаарлах, өрийн дарамтыг бууруулах, бизнесийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн. Үүнд банк бус санхүүгийн байгууллагуудын эх үүсвэрт хязгаарлалт тогтоох, хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг тогтоох, цахим зээлийн давхардлыг бууруулах, УИХ-ын 79, 124 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зэрэг ажил багтаж байна.
Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн зах зээлийн уялдаа холбоо, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор эрх зүйн орчны шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж, даатгал, бичил санхүү болон хөрөнгийн зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, санхүүгийн хэрэгслийг төрөлжүүлэхэд анхаарч байна.
Мөн санхүүгийн технологид суурилсан инновацыг дэмжих, их өгөгдөлд тулгуурласан хяналтын тогтолцоог нэвтрүүлэх, ногоон санхүүжилт, хариуцлагатай хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх, салбарын тогтвортой байдлыг хангах чиглэлээр бодлого хэрэгжүүлж буй.
Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн зах зээлийн олон талт бүтээгдэхүүн, үйлчилгээ, зах зээл хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх зорилгоор эрх зүйн орчны шинэчлэлийг шат дараатай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд даатгалын хамрах хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, урт хугацааны даатгалыг хөгжүүлэх, бичил санхүүгийн зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэн өргөжүүлэх, хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг сайжруулж, хөрөнгө оруулагчид чиглэсэн санхүүгийн хэрэгслийг төрөлжүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Мөн санхүүгийн технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжих, их өгөгдөлд суурилсан хяналтын тогтолцоог нэвтрүүлэх, ногоон санхүүжилт болон хариуцлагатай хөрөнгө оруулалтыг дэмжих, иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, гадаад, дотоод эрсдэлийн үед салбарын тогтвортой байдлыг хангах арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд даатгалын багц хуулийг боловсруулж, бичил санхүүгийн салбарын эрх зүйн орчныг Факторингийн тухай, Санхүүгийн түрээсийн тухай, Хамтын санхүүжилтийн үйлчилгээний тухай хуулиудаар боловсронгуй болгох, мөн хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилгоор Хөрөнгө оруулалтын сангийн тухай (REIT), Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн шинэчлэлийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаар танилцууллаа.
Танилцуулгын дараа УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц хөрөнгийн зах зээлийн сүүлийн жилүүдийн өсөлт болон эрх зүйн шинэчлэлийн сайжруулах хүрээнд хийсэн ажлыг сайшаагаад цаашид ч анхаарч ажиллахыг онцлов. Харин УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Засгийн газрын “Чөлөөлье” санаачилга болон эдийн засгийн эрх чөлөөний дөрвөн чөлөөлөлтийн бодлогыг санхүүгийн салбарт хэрэгжүүлэхийг, УИХ-ын гишүүн Л.Соронзонболд банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн хүүг бууруулах чиглэлд бодлогын дэмжлэгийг нэмэгдүүлэх шаардлагатайг онцолсон юм.