“Оюу толгой” компани бол Монгол Улсын эдийн засаг болон нийгэмд томоохон үүрэг гүйцэтгэдэг үндэсний компаниудын нэг билээ. Энэ утгаараа манай улсын салбар салбарын шилдэг мэргэжилтнүүд уг компанид ажиллаж, улсдаа болоод нийгэмд хувь нэмрээ оруулахыг хүсдэг .
Тэгвэл энэхүү компанид хэрхэн ажилд орох вэ?
Сүүлийн жилүүдэд “Оюу толгой” ХХК-д ажилд авна, ороход тусална хэмээн мөнгө нэхэмжлэх, өөр бусад шударга бус үйл ажиллагаа нийгэмд тархах болсон. Энэ нь хэзээ ч тус компанид ажилд ороход түлхэц болохгүй. Хэрэвзээ та “Оюу толгой” компанид ажиллахыг хүсдэг, ажилд орохоор зэхэж байгаа бол ямар нэг зуучлагч, гуравдагч этгээдийн оролцоо хэрэггүй гэдгийг нийтлэлийн эхэнд анхааруулъя.
Мөн элдэв танил тал хайх ч шаардлагагүй. Тэгвэл яг яаж орох юм бэ гэж үү? Хариулт нь, та тухайн горилж буй орон тоонд тохирох зохих мэдлэг чадвар, туршлага, шаардлагыг хангасан байх хэрэгтэй. Тухайлбал, “Оюу толгой” компани хүний нөөцийн сонгон шалгаруулалтаа ажил горилогчийн мэдлэг, ур чадвар, давуу талыг тухайн ажлын байрны шаардлагад харьцуулах байдлаар ажилд шалгаруулж авдаг аж.
Дээр дурдсан зүйлсийг илүү дэлгэрүүлж, тодруулахыг хүсвэл OTcareer@ot.mn хаягаар хүний нөөцийн бүрдүүлэлтийн багтай холбогдохыг зөвлөж байна. Түүнчлэн, “Оюу толгой” ХХК-ийн хүний нөөц бүрдүүлэлт, сонгон шалгаруулалттай холбоотой аливаа гомдол санал байвал “My Voice” хөтөлбөрт MyVoiceMongolia@riotinto.com хаягаар холбогдоно уу.
Харин одоо хүний нөөцийн шалгаруулалтын талаарх мэдээллийг хүргэе. Тус компаниас зарласан ажлын байранд анкетаа илгээхдээ дараах зүйлсийг анхаараарай.
1. Таны ажлын байрны шаардлага, үүрэг даалгаврыг өөрийн туршлагатай нийцэж байгаа эсэх,
2. Таны товч намтар, ажилд орох өргөдөл нь монгол, англи хэл дээр байх,
3. Маягт хүлээн авах хугацаа дуусахаас өмнө материалаа сайтар шалгаад явуулах.
“Оюу толгой” компанид ажиллахын давуу талууд:
Энэ жил “Mongolia Talent Network” компаниас гаргасан шалгаруулалтад “Оюу толгой” компани уул уурхайн салбарын ажиллахад хамгийн таатай компаниар шалгарчээ.
“Оюу толгой” компани таны тав тух, эрүүл мэндэд анхааран, эдгээрт чиглэсэн олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг аж. Нэг жишээ дурдахад, ажилтнууд болон гэр бүлийн гишүүд нь үнэ төлбөргүй мэргэжлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө авах боломжтой аж. Мөн уурхайн талбарт чөлөөт цагаа өнгөрүүлэх спорт цогцолбор, кино театр, цахим тоглоомын төв, хөгжим болон бүжгийн сургалт, номын сан зэрэг газрыг ажилчдад зориулан бий болгосон. Та давхар өөрийгөө хөгжүүлэх боломжтой гэсэн үг юм.
Зах зээлд өрсөлдөх цалин, хангамжтай.
Уян хатан ажиллах хувилбаруудыг дэмждэг.
Цалинтай эцэг, жирэмсний болон амаржсаны чөлөө, нийгмийн үүрэг гүйцэтгэх, асран хамгаалагчийн чөлөө зэрэг шалтгаануудаар олговортой чөлөө авч болно.
Шинэ аавуудад 18 долоо хоногийн, шинэ ээжүүдэд хуульд зааснаас гадна хоёр сарын цалинтай чөлөө олгоно.
Ур чадвар, ажлын туршлага, манлайллын чадварыг хөгжүүлэх зорилгоор Рио Тинтогийн бусад уурхай дээр гурван сараас хоёр жилийн хугацаанд ажиллах боломж олгоно.
Монголын үндэсний томоохон компани “Оюу толгой”-д ажиллахад танд танил тал хэрэггүй. Гагцхүү шаардлагаа хангаад ажилд орсон цагт танд олон давуу талыг санал болгож байна.