-Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Цагаан зүрийн голын хөндий эдгэрч, орон нутаг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх боломж бүрдлээ-
Хариуцлагагүй уул уурхайн балгаар эвдэрч орхигдсон олон талбай Монгол орноор буух эзэн, буцах хаяггүй үлдсэн. Үүний нэг нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дахь Цагаан зүрийн гол. Ой тайгаар хүрээлэгдсэн энэ голын бэлчир хөндий аль эртнээс алтны олборлолтод гүн нэрвэгдсэн юм. Тодруулбал, 30 шахам жил алт руу хошуурсан олон Цагаан зүрийн хөндийд бужигнажээ. Үр дүнд нь ан амьтан дайжиж, мал сүрэг үргэн холдож, үржил шимт хөрс нь хүн, техникийн хөлд хамгийн ихээр талхлагджээ. Ингээд зогссонгүй голын ус бохирдож, гольдрилыг нь алт хайгчид дураараа өөрчилж, улмаар орчны эко систем нь алдагдаж эхэлсэн байна.
Энэ байдалд сум орон нутаг, аймаг, аймгийн Байгаль орчны газар санаа зовнин, цаашилбал Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам анхаарал хандуулж, нөхөн сэргээх шаардлагатай талбайн бүртгэлд оруулснаар Цагаан зүрийн гол эдгэрэх, тус голын бэлчир хөндий унаган төрхөө эргэн олох эхлэл тавигджээ.
Цагаан зүрийн гол мал амьтан ойртохын аргагүй өндөр гуу жалга, шороон овоолго үүссэн, нутгийн хүмүүс нь хүртэл танихааргүй болтол унаган төрхөө алдан доройтсон гашуун сургамжтай газар. Байгалийн жамаараа нөхөн сэргэх боломжгүй болсон Цагаан зүрийн голын 600 га газарт “Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалтаар Сэлэнгэ аймгийн “Бугант нандин” ХХК , “Жинжий майнинг” ХХК газрын (техникийн) нөхөн сэргээлт хийж, Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газарт хүлээлгэн өглөө.
Компаниуд тасралтгүй 24 цагаар, өндөр зохион байгуулалттайгаар газрын нөхөн сэргээлт рүү цаг хугацаатай уралдан орсон байна. Газрын нөхөн сэргээлт гэдэг овоолгыг буулгаж, ухсан гүн нүхнүүдийг дүүргэх, өнгөн хөрсөөр нь хучилт хийн байгалийн унаган төрхөнд нь дөхүүлэх, байгалийн хөрсийг нь эргэн сэргээх явдал юм. Биологийн нөхөн сэргээлтийн өмнөх үйл явц. Нөхөн сэргээлт хийх шаардлагатай Цагаан зүрийн голын хөндийд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас “Оюу толгой” ХХК-д анх хүсэлт тавьснаар 600 га газрыг нөхөн сэргээхээр болж, тендер зарласнаар орон нутгийн хоёр компани шалгаран ажилдаа гарчээ.
“Оюу толгой” ХХК 2021 онд Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин 100 сая мод тарих үүрэг амлалт авч, 60 саяыг нь тарьж, 40 сая модтой дүйцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг ойн салбарт хийхээр болсон юм. Энэ хөтөлбөрийнхөө хүрээнд энэхүү нөхөн сэргээлтийг хийж байгаа аж.
“Оюу толгой” компани өмнө нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндийд 400 га талбайг, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт эвдэрч, орхигдсон орсон 215 га талбайг тус тус нөхөн сэргээсэн юм.
Байгаль дэлхий хүний хариуцлагагүй үйл ажиллагаагаар эвдэрч, бас хүний гараар эдгэрч болдог юм байна. Голын ай сав нөхөн сэргээлтийн үр дүнд сэргэн, холын бараа юмс тодорч, голын гольдрил урьдын төрхөндөө орж, усны өнгө тулгалагшин, урсгал нь сайжирна. Цэлгэр хөндий өмнүүр үргэлжилнэ. Өмнө нь ухсан нүх, шороон овоолго, хөл алдвал унаж мэдэх өндөр далан, усаар дүүрсэн гүн хонхрууд үзэгдэх орчныг хязгаарлаж, хүний хараа тулна. Үүгээр явахад хүнээс үргэлж сонор сэрэмж шаардана. Ан амьтан ч үргэж цэрвээд ойртохгүй. Харин одоо урьдын байдал арилж, унаган төрхөнд нь ойртуулж, дээрх аюул холджээ.
Цагаан зүрийн гол руу ирэх зам бартаа саад ихтэй, унаа тэрэгний хүч тэнхээ, жолоочийн эрдэм чадлыг ихээр сорих юм билээ. Тэр тусмаа зуны улиралд үүгээр зорчино гэдэг олон цагийн ажил болж мэдэхээр. Бороо хур ихтэй жил шавар шалбааг гэж тамтаггүй байхаар. “Анх наашаа ирэхэд үүнээс ч хүнд байсан, машин техник яваад зам улам сайжраад байгаа нь энэ” гэж бидэнтэй хамт яваа “Оюу толгой” компанийн Байгаль орчны мэргэжилтэн Ч.Баярзаяа хэлж байсан юм.
Шигүү ургасан аглаг ой хөвч үргэлжлэх хангай анхны цасанд хучигдаж, зарим газраа цагаан дээл нөмөрсөн мэт цавцайх. Ингэж яваад их хөндий урдаас ярагдан гарч ирэх нь Цагаан зүрийн голын бэлчир. Алтны компаниуд, бичил уурхайчдын /нинжа/ эх дэлхийдээ үлдээсэн олон жилийн ул мөрөөр бид урагшилж явна. Олон давхар байшинтай тэнцэх хэмжээний овоолсон шороо хаа сайгүй байсныг нь түрж тэгшилж, хуучин төрхөнд нь оруулсан байна. Одоо хүн малд аюулгүй болж, голын хөндий атрын шан татсан талбай шиг цэлгэр уужуу харагдана.
“Оюу толгой” компанийн Байгаль орчны мэргэжилтэн Ч.Баярзаяа “Энэ газрын хувьд манай компанийн 2022-2023 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндий хэмээх газарт хийж гүйцэтгэсэн 400 га газрын нөхөн сэргээлттэй адил байгалийн онцлог бүхий газар. Ойн сан болон усны санд хамаарах байгалийн өвөрмөц, үзэсгэлэнтэй тогтоцтой. Энэхүү эвдэрсэн газрыг нөхөн сэргээснээр Цагаан зүрийн голын усны урсгал, хөрс, ургамлан бүрхэвч сайжирч, экосистемийн хувьд энэ орчимд амьдардаг амьтан ургамлын зүйлийн бүрдэл болон тоо толгой нэмэгдэх нөхцөл бүрдэх биологийн олон янз байдалд чухал ач холдогдолтой” гэлээ.
Монгол орны хэмжээнд сүүлийн 30 жилийн хугацаанд хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаанаас эвдэрч, эзэнгүй орхигдсон 8,000 га газрын 5,900 га-д нь 2024 оны байдлаар нөхөн сэргээлт хийжээ. Үлдсэн 2,100 га талбайн нөхөн сэргээлтийн ажилд “Оюу толгой” ХХК болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас хүсэж, талууд дахин ширээний ард суусан байна. Ингээд Сэлэнгэ аймагт хамаарах 1,000 га-д “Оюу толгой” ХХК нөхөн сэргээлт хийхээр болж, Цагаан зүр сэргэв. “Оюу толгой” компанийн хувьд Сэлэнгэ аймагт хийхээр төлөвлөсөн нийт 1,000 га газраас үлдсэн 400 га газарт нөхөн сэргээлтийн ажлыг ирэх жил хийснээр энэхүү үүрэг амлалтаа бүрэн биелүүлж дуусах юм.
Хүний буруутай үйл ажиллагаагаар эвдэгдсэн газар сайхан болсныг харах таатай байна
Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын дарга, улсын ахлах байцаагч З.Түвшинтөгс:
-Манай Сэлэнгэ аймагт нөхөн сэргээх шаардлагатай хэд хэдэн эвдэрч, эзэнгүй орхигдсон талбай байсан. Үүний нэг нь та бидний зогсож байгаа Хүдэр сумын нутаг дахь Цагаан зүрийн гол. Энд олон жил алтны олборлолт хийгдэж, голын гольдрил нь өөрчлөгдөж, эко систем нь алдагдсан байсан. Хоёр, гурван давхар байшин шиг өндөр шороон овоолго үүссэн, их гүн цүнхээлүүд бий болсон байсан. Хүн мал, ан амьтан унах эрсдэлтэй нүхнүүд энд тэндгүй гарсан. Үүнийг “Оюу толгой” компанийн санхүүжилтээр “Бугант нандин”, “Жинжий майнинг” гэж манай аймгийн хоёр компани нийт 600 га-д техникийн нөхөн сэргээлт хийж, орон нутагт хүлээлгэн өгч байна. Голын гольдрил нь хуучин байдалдаа орсон байна. Техникээр их гүн ухсан нүх, цүнхээлийг дарж, тэгшилсэн байна. Хөв цөөрөм бүхий нуур үүсгэсэн байна. Зөвхөн байгаль гэхгүй бичил ан амьтан, ургамал биологийн төрөл зүйл гээд өчнөөн зүйл нөхөн сэргэх боломж бүрдлээ. 2026 оноос тус талбайд бид биологийн нөхөн сэргээлт хийх, улмаар “Тэрбум мод”-тойгоо холбоод ойжуулалт хийхээр төлөвлөж байна.
Цагаан зүрийн гол маань хуучин байдалдаа орж, хариуцлагагүй уул уурхайн сөрөг нөлөөлөл ариллаа
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг дарга Т.Эрдэнэбат:
-Цагаан зүрийн гол сарны гадаргуу шиг болсон байсан. Урьд нь ямар байсан, одоо ямар болсныг ажлаараа харуулж чадсан гүйцэтгэгч компаниуд, нөхөн сэргээлтийн ажилд гар бие оролцсон төрийн байгууллагууд, дэмжлэг үзүүлсэн оролцогч талуудад, тэр тусмаа “Оюу толгой” компанийн хамт олонд Хүдэрчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Цагаан зүрийн гол маань хуучин байдалдаа орж, хариуцлагагүй уул уурхайн сөрөг нөлөөлөл арилж, байгаль өөрөө өөрийгөө нөхөн сэргээх нөхцөл боломж бүрдлээ.
Сайхан хөндий байсныг нь буцаан сэргээлээ
“Бугант Нандин” компанийн захирал С.Батсүх:
-Манай “Бугант-Нандин” компани “Оюу толгой”-н санхүүжилтээр Хүдрийн Цагаан зүрийн гол гэдэг газар 200 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж дуусгалаа. Тухайн газар орныг унаган төрхөөр нь хадгалахын тулд шимт хөрс нь байгаа учраас байгаль өөрөө сэргэх боломжийг бүрдүүлэхийг их хичээлээ. Энэ төсөл маш амжилттай болж, байгалийн унаган төрхийг хадгалсан, 200 га дотор хоёр том нуур байгууллаа. Өндөр овоолго, даланг тэгшилж, байгалийн хуучин төрх рүү нь авчирлаа. Сайхан хөндий байсныг нь буцаан сэргээлээ. Анх ажил эхлэх үед үнэхээр нөхцөл байдал хүнд байсан. Олон жил ухсан, том талбай хамарсан эвдрэл үүссэн байсан. Одоо цэлгэр уужуу, саруулхан хөндий болж байна.
Цаашид биологийн нөхөн сэргээлт хийх боломж бүрдлээ
“Жинжий майнинг” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Амарзаяа:
-Биднийг ажил эхлэх үед маш их эвдрэл, доройтолд орсон талбай угтсан. Үзэгдэх орчин хязгаарлагдмал. Битүү овоолго, далантай. БОУАӨЯ-ны захиалгаар, “Оюу толгой” компанийн санхүүжилтээр бид нар 400 га талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэлээ. Газрын нөхөн сэргээлт хийснээр цаашид биологийн нөхөн сэргээлт хийх, байгаль өөрөө өөрийгөө нөхөн сэргээх орчин нөхцөл бүрдэж байна. Голын урсац сайжирч, гольдрилынхоо дагуу урсдаг боллоо. Өмнө байсан саад тээг нь ариллаа. Хүн мал, ан амьтан амьдрах орчин бүрдлээ.
Аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх боломж бүрдэж байна
Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын Газар, газрын хэвлий, уул уурхайн асуудал хариуцсан мэргэжилтэн Ө.Отгон-Эрдэнэ:
-Цагаан зүрийн гол 1970, 80-аад оноос эхлэн маш их эвдрэлд орсон, олон жил эзэнгүй орхигдсон талбайн нэг. Энэ талбайг “Оюу толгой” компанийн санхүүжилтээр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны бодлогоор 600 га талбайд нөхөн сэргээлт хийснээр талбай маш сайхан болсон байна. Нөхөн сэргээлт анх хийж байхад сумын иргэд маань мэдээлэл муу байсан. Бид хоёр, гурван удаа мэдээлэл өгч, газар дээр нь авчирч үзүүлснээр нөхөн сэргээлтийн талаар ойлголт аваад, энэ ажлыг бүрэн дэмжсэн. Манай байгууллагын зүгээс хоёр удаагийн явцын хяналт тавьсан, сум орон нутаг байнгын хяналт тавьж ажилласан. Эвдрэлд орсон энэ газрууддаа техникийн нөхөн сэргээлт хийчихлээ, дараа нь биологийн нөхөн сэргээлт, Тэрбум модны хүрээнд мод тарих, орон нутгийн тусгай хамгаалалтад авснаар аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх боломж бүрдэж байна. Мод тариад, жимсний аж ахуй хөгжүүлэх, орон нутгийн иргэд түүнээсээ амьжиргаагаа дээшлүүлэх боломж байна гэж харж байна.
Хоорондоо нэлээн зөвлөлдөж, төлөвлөгөөнийхөө дагуу яваад ард нь гарлаа
“Бугант Нандин” ХХК-ийн хэлтсийн дарга С.Хүрэлбаатар:
-Энэхүү ажлын талбар бол хүнд нөхцөл учраас төлөвлөгөөгөө эрт гаргаад, хоорондоо ч нэлээн зөвлөлдөж, төлөвлөгөөнийхөө дагуу яваад ард нь гарлаа. Манайх өмнө нь Мандал сумын нутагт Ялбагийн хөндийд 200 га-д техникийн нөхөн сэргээлт хийсэн. Энд нөхцөл байдал илүү хүнд байлаа. Үүнээс гадна Дархан-Уул аймгийн Шарын голын Хар ямаатын ам, Хургатайн аманд газрын нөхөн сэргээлт хийж хүлээлгэн өгсөн туршлагатай. Эдгээр ажлыг бүгдийг нь “Оюу толгой” компанийн хөрөнгөөр бид хийсэн. Тендерт нь шалгарсан. Нөхөн сэргээлтээ эхлүүлэхээр наашаа техникээ аваад ирэхэд нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Та нар нөхөн сэргээлт нэрээр алт ухах гэж байна гээд. Хүмүүсийн ойлголт тийм л болсон байсан. Учир байдлаа хэлээд, албаны хүмүүс ч хамт мэдээлэл өгч бидний ажил эхэлсэн. Явцын дундуур орон нутгийн хүмүүс ирж мөн танилцсан. Хийж байгаа ажлыг маань хараад бид буруу дүгнэж гэж нутгийн улс хэлж байсан.