Ирэх оны төсвийн төсөлд 1.8 сая тонн зэсийн баяжмал борлуулахаар төлөвлөж, зах зээлийн үнэ 9700 ам.доллар/тонн байна гэж Сангийн яам тооцоолоод байна.
Лондоны металлын бирж дэх цэвэр зэсийн дундаж үнэ 2024 онд 9,145 ам.доллар болж, өмнөх оноос 7.9 хувиар өссөн. Харин 2025 оны эхний 7 сарын байдлаар 9,475 ам.доллар болж, өмнөх оноос 3.6 хувиар өсөлт үзүүлсэн. Үүнд АНУ-ын тарифын бодлогын шийдвэрүүдээс үүдэлтэй томоохон үйлдвэрүүдийн зэсийн нөөцийн хэлбэлзэл нөлөөлж буй.
Дэлхийн эдийн засагт тодорхой бус байдал нэмэгдэж байгаа хэдий ч цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүч, технологийн салбарын хурдацтай хөгжлөөс шалтгаалан зэсийн эрэлт дунд хугацаанд нэмэгдэж, үнэ өсөх хүлээлттэй байна. Олон улсын шинжээчдийн таамаглалаар зэсийн дундаж үнэ 2025 онд 9,200 ам.доллар, 2026 онд 9,700 ам.долларт хүрэхээр байна гэдгийг Сангийн яам онцолсон.