Алтанбулаг боомт өдөрт 600-800 мянган тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх боломжтой боллоо
2 Өдрийн өмнө
264
Алтанбулаг боомт өдөрт 600-800 мянган тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх боломжтой боллоо
Ерөнхий сайд Г.Занданшатар Алтанбулаг хилийн боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын нээлтэд оролцлоо. Тус боомтыг шинэчилснээр өдөрт нэвтрэх зорчигчдын тоо гурав дахин, ачаа тээврийн урсгал дөрөв дахин нэмэгдэх боломж бүрдлээ. 
 
"Монгол Улс Евразийн 183 сая хүн, 2.4 их наяд долларын зах зээлд нэвтрэх, экспортын төрлийг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд Алтанбулаг боомт тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, Монгол Улс бүс нутгийн тээвэр, логистикийн гол тоглогч болоход чухал хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна"  хэмээн Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо. 
 
Алтанбулаг боомтын өргөтгөл, шинэчлэлийн хүрээнд: 
  • 14.9 тэрбум төгрөгөөр тусгаарлах зурвас бүхий дөрвөн эгнээ 1.7 км авто зам, 7000 м2 авто зогсоол, 30.000 м2 доторх талбай, иж бүрэн инженерийн шугам сүлжээг ашиглалтад оруулав.
  • 7.8 сая долларын санхүүжилтээр олон улсын стандартын боомтын барилга, ногоон байгууламж, ухаалаг цахим гарц, хяналтын рентген болон лабораторийн иж бүрдлийг бүрэн ашиглалтад орууллаа.
  • Төслийн хүрээнд зорчигч тээврийн 19, ачаа тээврийн 18, дэд бүтцийн 5 барилга, 6000 м2 ногоон байгууламж барьж байгуулав.
Алтанбулаг боомтоор өмнө нь жилд 600-900 мянган зорчигч, 200-400 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрч байсан бол боомтыг өргөтгөснөөр 1.500.000-2.000.000 зорчигч, 600.000-800.000 тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжтой боллоо. Энэхүү бүтээн байгуулалт нь улсын төсөвт дарамт учруулахгүйгээр олон улсын түншлэлийг ашиглан (Азийн хөгжлийн банкны нэн хөнгөлөлттэй зээл) хөрөнгө оруулалт татаж, эдийн засгийн өсөлтөд шууд хувь нэмрээ оруулж буй бодит жишээ болж байна.
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.