“Бид компани үүсэн байгуулагдсанаас хойших эхний арван жил буюу 1993-2003 оныг геологи хайгуул, уул уурхайг эхлүүлсэн 10 жил гэж үзэж буй. Харин 2003-2013 он буюу хоёр дахь арван жилийг уул уурхайг төрөлжүүлсэн 10 жил хэмээн томьёолж байна. Тэгвэл 2013-2023 оноор илэрхийлэгдэх гурав дахь арван жилийг Монголд аж үйлдвэрлэлийг хөгжүүлсэн 10 жил хэмээн тодорхойлж байна” гэж “Монголын Алт” (МАК) компанийн ерөнхийлөгч Нямтайширын Цэлмүүн тэмдэглэж байна. Эдүгээ 30 жилийн босгон дээр зогсож буй “Монголын Алт” (МАК) компани дараагийн 30 жил буюу 2023-2053 оныг ногоон ирээдүй рүү тэмүүлэх 30 жил хэмээн тодорхойлжээ.
Эдүгээ олон улсад байгаль орчин, нийгэм, засаглалын ESG стандартыг нэвтрүүлэх чиг хандлага давамгайлж байна. Хүрээлэн буй орчны тогтвортой байдал, нийгмийн хариуцлага, ёс зүйн засаглалыг бүхий л үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хэрэгжүүлж буй төслүүддээ онцгойлон анхаардаг “Монголын Алт” (МАК) ХХК ч ESG стандартыг нэвтрүүлж байна. “ESG хэмээх шинэ стандартыг нэвтрүүлэх нь байгууллагын ирээдүй болоод нийт хүн амын төлөө хийж буй стратегийн алхам” хэмээн Н.Цэлмүүн тодотгож байна. Тэр ч утгаараа МАК ирэх 30 жилийн хөгжлийн зураглал, стратегиа хариуцлагатай уул уурхайгаар үргэлжлүүлж, олон улсын стандартад нийцсэн үйлдвэрлэлийг бий болгоно хэмээн төлөвлөжээ. “Хүнд үйлдвэрлэлдээ бид орчин үеийн шилдэг технологи, хиймэл оюун ухааныг ашиглана. Ингэснээр бизнесийн төрөлжилт үүсэж, бүтээгч Монголыг бий болгож, тогтвортой хөгжлийг авчирч, урт хугацаандаа чинээлэг дундаж давхаргыг бий болгох юм” хэмээн тэрбээр тодруулж байна. Тиймээс ирэх 30 жилийн хугацаанд дэлхий дахины хөгжлийн зураглалтай уялдуулан МАК эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлээ шинэчилж, “Хариуцлагатай, шинэлэг хөгжлийг эрэлхийлнэ” хэмээн эрхэм зорилгоо томьёолоод байна. Мөн алсын хараагаа “Дэлхийн жишигт нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр үнэ цэнийг бий болгоно” хэмээн тодорхойлж, үнэт зүйлээ “Ямагт дэлхийд тэргүүлэх технологи, арга барилыг эзэмших чадварлаг, эвсэг хамт олныг бүрдүүлнэ” хэмээн шинэчилжээ.
Анх уул уурхайн салбараас гараагаа эхлүүлсэн МАК эдүгээ барилгын материал үйлдвэрлэл, эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, агаарын тээврийн салбарт өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулж байна. Ирэх 30 жилийн хугацаанд эдгээр салбарт хөгжлийн ямар стратеги хэрэгжүүлэхээр зорьж байгаа талаар Н.Цэлмүүн ерөнхийлөгчөөс тодруулсан юм. Товчхондоо, МАК-ийн бизнесийн цар хүрээ ийнхүү өргөн далайцтайгаар тэлэхийн хэрээр ажил хэргээ дэлхий дахины хөгжлийн зураглалтай уяж буйгаа тэрбээр тайлбарлаж байна.
Задалж анзааръя. Хүнд үйлдвэрлэлийн салбарт МАК ирэх таван жилийн хугацаанд 100 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн экспортлохыг зорьж байна. Үйлдвэрлэлийн бүтээмжийг улам бүр нэмэх чиглэлээр туузан тээвэр, автомат удирдлагатай машин ба жолоочгүй ухаалаг тээвэр ашиглаж нүүрсний экспортыг нэмэгдүүлэх боломжтой болж байгааг тэрбээр тэмдэглэв. Уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх чиглэлээр Нарийнсухайтын уурхайг түшиглэн 2.5 сая тонн, Хөөтийн уурхайд 1.5 сая тоннын хүчин чадал бүхий нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Нүүрс хийжүүлэх төслийг үе шаттайгаар хэрэгжүүлж, нэгдүгээр шатанд нийлэг хий гарган авч, Улаанбаатар хотын дулааны хэрэгцээг хангах, харин хоёрдугаар шатанд устөрөгч гарган авч өргөн хэрэглээнд нэвтрүүлэх, мөн экспортлох боломжийг судалж байна гэлээ. Эрчим хүчний нягт ихтэй, тээвэрлэх болон хадгалах боломжтой, агаарын бохирдол үүсгэдэггүй, аюулгүй гэгддэг устөрөгчийг эдүгээ олон улсад ирээдүйн түлш хэмээн нэрийдэж буй агаад уг шинэ эрчим хүчийг монголчууд өөрсдөө үйлдвэрлэх судалгааг МАК-ийн алсын хараан дор эхлүүлээд байна. Цаашилбал, нүүрс гүн боловсруулах төслүүдийг МАК дотоодын зах зээлд тэргүүлэн хэрэгжүүлэхийг Н.Цэлмүүний ярианаас анзаарч болно.
Тэрчлэн МАК ирэх 30 жилийн хугацаанд эрдэс, металлын шинэ салбарт ажил хэргээ тэлж буй нь Цагаансуваргын зэсийн орд. Тун удахгүй эдийн засгийн эргэлтэд орох энэ төслийн хүрээнд МАК 2025 он гэхэд жилд 300 мянган тонн баяжмал экспортлохоор төлөвлөж байна. Ингэснээр 1300 гаруй тогтмол ажлын байр шинээр бий болох юм. Түүнчлэн газрын тосны салбарт Төхөм-10 талбайд газрын тосны хайгуулын үйл ажиллагаа эрхэлж буй.
Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байгуулсан МАК Евроблок, МАК Евровиндоор, МАК Евровенти төслүүддээ тулгуурлан тухайн бүсэд МАК Аж үйлдвэрийн парк байгуулахаар богино хугацааны стратегидаа шигтгэсэн байна. МАК-ийн ирэх жилүүдийн стратегид барилгын материал үйлдвэрлэл онцгой байр суурь эзлэхийг энэхүү төсөл, түүний бүтээн байгуулалтаас харж болно. Монгол Улсыг барилгын материал үйлдвэрлэлийн хувьд бие даан хөгжүүлэх, импортын хамаарлыг бууруулахыг МАК эрмэлзэж байгааг үүнээс харж болно. МАК Аж үйлдвэрийн паркийг сэргээгдэх эрчим хүчээр хангахаар шийдвэрлэж, төслийг энэ онд эхлүүлжээ. “Эрчим хүчний салбарт бид энэ жилийн эхэнд судалгаа хийж, МАК-ийн хэмжээнд одоо үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр, уурхай, төслүүдэд нийт 178 Мвт эрчим хүч шаардлагатайг тогтоосон. Түүний 50 болон түүнээс дээш хувийг бид сэргээгдэх эрчим хүчээр хангах боломжтой гэсэн судалгааны нааштай үр дүн гарсан байгаа” хэмээн Н.Цэлмүүн тодруулж байна. Ирэх жилүүдэд МАК-ийн үйл ажиллагаа сэргээгдэх эрчим хүчид тулгуурлан хөгжих аж.
МАК анх 2011 онд аялал жуулчлалын салбарт хөл тавьж байлаа. Үндэсний агаарын тээврийн “Хүннү Эйр” компанийг байгуулж, орон нутгийн төдийгүй олон улсын чиглэлд нислэг үйлдэж байна. Энэ оныг хүртэл агаарын хоёр хөлөгтэй үйл ажиллагаа явуулж байсан “Хүннү Эйр” энэ оны есдүгээр сард гурав дахь хөлгөө хүлээн аваад байна. МАК аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаагаа улам бүр тэлэхээр төлөвлөж байгааг энэ хэлцэл харуулсан юм. Агаарын тээврийн компанидаа түшиглэн МАК Баян-Өлгий, Хөвсгөл, Дорнод, Өмнөговь болон Төв аймаг тэргүүтэй таван бүсэд аялал жуулчлалын 11 төслийг шат дараалан хэрэгжүүлж, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхийг эрмэлзэж байна.
МАК мөн хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаагаа тэлэхээр зорьж байна. Ерөө МАК Агро мал аж ахуйн цогцолбор төслийг хэрэгжүүлж, Төв аймгийн Баянчандмань суманд Голланд хүлэмжийн төсөл хэрэгжүүлэх аж. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал болон Төв аймгийн Баянчандмань суманд хүнсний ногоо тариалалтын үйл ажиллагааг хөдөө аж ахуйг хөгжүүлэх төслүүдийнхээ хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн Адуунчулууны хүрэн нүүрсний ордод түшиглэн органик бордооны үйлдвэр барих төслийг Шинжлэх ухааны академи болон “Трү Ти Ар Си” технологи судалгааны компанитай хамтран судалж байна.
Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш уламжлалт хөдөө аж ахуйн хөгжил орхигдож, хүнсний салбар дахь импортын хамаарал нэмэгдсэн. Нөгөө талаас, мах, махан бүтээгдэхүүний салбарт өндөр технологи хараахан нэвтрээгүй нь салбарын өрсөлдөх чадварыг хойш татах, улмаар экспортын боломжийг хязгаарлаж байгаа юм. Тэгвэл энэ салбарт МАК технологийн шинэчлэл, оновчтой стратегид тулгуурлан үйл ажиллагаагаа эхэлж буй нь энэ аж.
“Товчоор хэлбэл, хамтдаа хөгжих ирэх 30 жилийн хугацаанд бид хүнд үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгчийн байр сууриа хадгалж, сэргээгдэх эрчим хүчийг ашиглан байгаль орчинд ээлтэй компани болно. Барилгын материал үйлдвэрлэлийн хүрээнд үйлдвэрлэгчээс шууд хэрэглэгчид хүрдэг цогц үйлчилгээ үзүүлнэ. Харин эрчим хүчний салбарт байгаль орчинд ээлтэй шинэ эрчим хүч үйлдвэрлэнэ. Хөдөө аж ахуйн салбарт эрүүл хүнс үйлдвэрлэнэ. Аялал жуулчлалын салбарт олон улсын стандартыг нэвтрүүлж, Хүннү Эйр компанитайгаа хамтран цогцоор нь хөгжүүлнэ” хэмээн Н.Цэлмүүн ерөнхийлөгч үйл ажиллагаа эрхэлж буй салбаруудаа ерөнхийлөн ярьж байна. Ерөөс МАК ирэх гучин жилийн зураглалаараа ногоон, дэвшилтэт ирээдүйг зорьж буйг та харж байна.
Нямтайширын Цэлмүүний удирдлага дор МАК шинэ цагийн стратегиа дэлхийн чиг хандлагатай уялдуулан тодорхойлж байна. “Аливаа аж ахуйн нэгж, бизнес мөнхөд сорилтуудтай тулгарч байдаг. Гэхдээ тэдгээрийг даван туулах арга зам ямагт олддог. Эдийн засгийн эрсдэлийг даван туулахдаа бид бизнесээ төрөлжүүлнэ, өндөр бүтээмжийг бий болгоно, улмаар өрсөлдөх чадвараа улам сайжруулан хадгална” хэмээн тэрбээр ярьсан юм.
“Ирээдүйн 30 жилийн эхлэлийн хүрээнд бид хүний нөөцийн бодлогоо шинэчлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Тодруулбал, МАК-ийн гол үйл ажиллагаа эрхэлж буй газруудад суурьшлын бүс бий болгоно. Өмнөговь аймгийн Гурвантэс, Дорноговь аймгийн Сайншанд болон Даланжаргалан сум, Улаанбаатар хотын Налайх дүүрэгт суурьшлын бүсийг шат дараалан байгуулж, 5-11 мянган хүний амьдрах таатай орчныг бүрдүүлнэ. Ийнхүү суурьшлын бүс байгуулснаар хүний нөөцийн хувь нийгмийн хангамжийн бодлогыг хэрэгжүүлэх давуу талтайгаас гадна МАК жилд 376-800 мянган цагийг хэмнэх бололцоо үүсэж буй. Түүнчлэн тогтвортой ажилласнаар ажлын бүтээмж 10-20 хувиар нэмэгдүүлэх тооцоо гарсан. Суурьшлын бүхий л бүс сургууль, цэцэрлэг, эмнэлэг, спорт цогцолбор, үйлчилгээний төвүүдтэй байхаар зураг төсөл хийж байгаа” гэлээ.
МАК нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол, эрүүл мэнд, ногоон хөгжил, соёлын өвийн чиглэлээр идэвхтэй төсөл хэрэгжүүлж буй. Эдгээрээс боловсролын чиглэлд түлхүү ач холбогдол өгч, олон төсөл хэрэгжүүлж байна. “МАК-чууд бид боловсролын салбарыг ямагт дэмжих дуртай байдаг. Энэ хүрээнд бид АНУ-д эхний 50-д бичигддэг Эмори Их Сургуулиас шинжлэх ухаанд үндэслэн боловсруулсан SEE Learning буюу нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйд суралцахуйн хөтөлбөрийг 2018 оноос хойш ерөнхий боловсролын 65 сургуульд “Цэлмүүн Баттүшиг сан”, “МАК сан”-гийн дэмжлэгтэйгээр тууштай хэрэгжүүлж байна. Цаашлаад ерөнхий боловсролын сургуулийн цөм хөтөлбөрт оруулах зорилттой ажиллаж байгаа. Бид энэ хөтөлбөрөөр дамжуулан бусдыг энэрэх, хайрлах, хэтийн төлөвлөгөөгөө тодорхойлох чадвартай, улмаар сэтгэл зүйн дархлаатай ирээдүйг бий болгохыг зорьж байна” гэсэн юм.Өнгөрсөн 30 жилийн амжилтыг дараагийн 30 жилд үргэлжлүүлэх боломж, сорилт, стратегийнхаа талаар “Монголын Алт” (МАК) ХХК-ийн Ерөнхийлөгч Н.Цэлмүүн ийнхүү хуваалцаж байна.
“Компанийн түүх болон ирээдүйн замналын талаар тунгаан бодохдоо би аавыгаа алсын хараатай удирдагч гэдгийг чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрдөг” хэмээн тэрбээр яриандаа тэмдэглэж байлаа. Харин эдүгээ хамт олныхоо хамтаар алсын хараагаа эрхэмлэн, байгууллагаа урагш чиглүүлэх үүрэг хариуцлага түүнд ногдож буй. Дэлхийн чиг хандлагатай уялдан хөгжих түүний багийн зорилго, алсын хараа, стратеги Монголд хүнд үйлдвэрлэл төдийгүй барилгын материал үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын хөгжлийг тодорхойлж байна.