JCI байгууллагын залуус 2025 оны Ази, Номхон далайн бүсийн чуулганыг зохион байгуулж, 20 сая ам.долларын эдийн засгийн эргэлт бий болгов
9 Цагийн өмнө
79
JCI байгууллагын залуус 2025 оны Ази, Номхон далайн бүсийн чуулганыг зохион байгуулж, 20 сая ам.долларын эдийн засгийн эргэлт бий болгов

Ай даа, Монгол орны зун цаг юутай сайхан. Улаанбаатар хот маань өнгө засаж, утаа, түгжрэл, стрессийн сүүдрүүд өчүүхэн ч үгүй гурван сар биднийг дайран өнгөрдөг. Хонхны баярын жингэнээн, алдарт эхчүүдийн баяр хөөр, амралт зугаалгын өдрүүд, дэлхийн хамгийн залуу хотын завгүй амьдрал, эрч хүч… Үүнтэй зэрэгцэн залуусын хотод маань JCI байгууллагын 2025 оны Ази, Номхон далайн бүсийн чуулган зохион байгуулагдаж, дэлхийн 59 орны 5000 гаруй залуус таван өдрийн турш бужигнасан нь онцлох сонин байв. “Монгол Улс хурал зөвлөгөөн, чуулганы улс боллоо” гэх шүүмжлэлийг та бид бишгүй их сонсдог. Гэвч ийм олон орны залуус чухам юуны төлөө бүтэн дөрөв хоног цуглаж, их хотыг бужигнуулсан юм бол… 

Улаанбаатарын шинэ уур амьсгал 

Зургадугаар сарын 12-15-ны өдрүүдэд үргэлжилсэн тус арга хэмжээ Улаанбаатар хотод шинэ уур амьсгал, хөл хөдөлгөөн нэмж байсныг тодотгох хэрэгтэй. Хотын төвийн гудамж талбай, томоохон зочид буудлууд бүхэлдээ цэмцгэр хослол хийгээд өнгө өнгийн пологоор жигдэрсэн олон үндэстний зочдоор дүүрсэн харагдана. Хүүхдийн парк, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Соёлын төв өргөө, төв талбай, Энхтайваны өргөн чөлөө гээд хотын төвийн амин сүнс болсон газрууд АСПАК-аар амьсгалж байв. Учир нь зохион байгуулагчид чуулганы хүрээнд 15 төрлийн 147 хөтөлбөр, үйл ажиллагаа бэлдсэн бөгөөд өглөөнөөс орой хүртэл тасралтгүй үргэлжлэх аж. Нээлт хаалтын гайхалтай ёслолуудаас эхлээд бизнес форум, мэтгэлцээн, илтгэх урлагийн тэмцээн, сургалт, хурал уулзалтууд, олон үндэстний соёлын хөтөлбөрүүд нэгэн зэрэг зохион байгуулагдаж байв.

Тэмээн соёл, технологийн эрин хоёр нэг дор уулзсан мөч

h4ab01_1_x974 

Чуулганы хамгийн онцлох хэсэг нь нээлтийн ёслол байв. Хөтөлбөр нь бүхэлдээ өөрийн гэсэн протоколтой, олон улсын дипломат ёслолын дэг журмыг шингээсэн байгаа нь JCI байгууллагын гишүүн бус хүмүүст нэн сонирхолтой өнцөг байсныг онцлох нь зүйтэй. Чуулганд оролцогч орон бүрийг хүндэтгэлтэйгээр тайзнаа алдаршуулж, морьт баатар тухайн орны нэр бүхий тугийг намируулан давхих бөгөөд улс орон бүр өөрийн орны төлөөллийг гарч ирэхэд нэгэн дуугаар дэмжиж, улс үндэстний бахархлаа давхар харуулж байв. 

 XIII зууны үед монголчууд дэлхийн хамгийн аюулгүй худалдааны замыг цогцлоож, мэдлэг санааг чөлөөтэй солилцон, урт хугацааны энх тайвныг тогтоосон түүхтэй. Харин энэ бүхний элч, бэлгэдэл, илэрхийлэл нь дэлхийд ганц монгол хос бөхт тэмээ болон эзэн хааны эрх мэдэл, сүр хүчийг илэрхийлэх Алтан гэрэгэ байсан тул чуулганы бэлгэдлээр сонгосон аж. Тиймдээ ч нээлтийн ёслолын хамгийн торгон мөч нь JCI байгууллагын 2025 оны Ерөнхийлөгч Кейсүкэ Шимоямада, JCI байгууллагын 2025 оны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Марк Жозеф Давид, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон зохион байгуулагчдын төлөөлөл бүхий хүндэтгэн зочид  таван алтан гэрэгэг хиймэл оюун ухаанаар бүтээсэн, өвөрмөц түүхэн контенттой хослуулан нээлтийн тайзнаа залсан тэр агшин байлаа. 

Нээлтийн ёслолын дараа  ган тулганд галын дөл бадарч, оролцогчид монгол уламжлал, хоол хүнс, гар урлал, ёс жаягийг харуулсан олон тооны асар, гэрүүд бүхий нүүдэлчдийн тосгоноор зочилсон юм. JCI Япон байгууллагын гишүүн Ямамото Ицуки ”Гайхалтай галт бөмбөрийн үзүүлбэр, орчин үеийг уламжлалтай хослуулсан үндэсний бүжиг, хөгжим, дуу хууртай уламжлалт үдэшлэг миний зүрх сэтгэлд мартагдашгүй дурсамж үлдээлээ. Энэ жилийн АСПАК үнэхээр гайхалтай болж байна. Бид маш олуулаа ирсэн. Монгол орныг илүүтэй танин мэдмээр байна” хэмээн бидэнтэй сэтгэгдлээ хуваалцсан юм. 

20 сая ам.долларын эдийн засгийн урсгал 

“JCI ASPAC 2025”-ын үр дүнд Монгол Улсад 18–20 сая ам.долларын эдийн засгийн эргэлт бий болсон бөгөөд 18,000 гаруй ажлын байр шууд ба шууд бус байдлаар идэвхэжсэн гэж зохион байгуулах хороо тооцоолжээ. Бизнес форум, хөрөнгө оруулалтын танилцуулга, уулзалтуудын үр дүн ойрын жилүүдэд илүү тод харагдах төлөвтэй. Учир нь оролцогчдын дийлэнх нь бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, салбар салбарын нөлөө бүхий манлайлагчид байв. JCI ASPAC 2025 чуулган зохион байгуулах хорооны дарга О.Наранбаатар “Нэг дор 5000 гаруй хүн цуглуулсан нь Монгол Улсад болсон хамгийн том олон улсын чуулган болж байна гэсэн үг. 59 орны 5000 гаруй залуус манай оронд өөрсдийн зардлаар ирж, эдийн засагт таван өдрийн турш 20 сая ам.долларын эргэлт бий болгосонд баяртай байна. Нэг оролцогч өдөрт дунджаар 3,993 ам.долларыг зарцуулсан гэх судалгаа гарсан” хэмээн чуулганы эдийн засгийн ач холбогдлын талаар ярилаа.

Тодруулбал, Business Nexus уулзалтын үеэр 400 гаруй бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид Монголын стартапын экосистем, үйлдвэрлэл, үйлчилгээ, хөрөнгийн зах зээл, шинэ технологийн шийдлүүдтэй танилцсан бөгөөд Монгол Улсад бизнес эрхлэх сонирхлоо илэрхийлэн, түншлэл үүсгэж байлаа. 

Улаанбаатар Ногоонбаатар болсон нь

l3gr22_2_x974 

Зохион байгуулагч залуус чуулганы хүрээнд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан Net-Zero буюу хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн тэнцвэрт байдлыг хангахад хувь нэмэр оруулахаар зорьжээ. Чуулганы өмнөх өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “JCI Garden” хэмээх 5000 мод бүхий цэцэрлэгт хүрээлэнг шинэчлэн нээж, оролцогч бүрийн тоогоор мод тарьж эхэлсэн нь бэлгэдэлтэй, утга учиртай мэдрэмжийг төрүүлж байв. Цэцэрлэгт хүрээлэн дэх 5000 модыг зөвхөн тариад орхих бус жил бүр арчилж тордон, JCI Монгол байгууллагын  төсөл хөтөлбөрүүдээр дамжуулан үргэлжлүүлэн авч явахаа ч зохион байгуулагчид онцолж байлаа. Мөн мод тарихаас гадна ногоон чуулганы үзэл баримтлалыг бодитоор хэрэгжүүлж, нийтдээ 122.5 тонн нүүрстөрөгчийн хэмнэлт хийжээ. Цахим бүртгэл, усны машин, дахин боловсруулах материал, хүнсний хаягдлын датанд суурилсан менежмент, нийтийн тээвэр болон явган, дугуйн хэрэглээг дэмжсэн бодлого, цаасны хэмнэлт зэрэг олон сайн туршлагыг тус чуулганаас харж болохоор байв.

Түншлэл, манлайлал, нөхөрлөл

Чуулганы үеэр залуус зөвхөн бие биетэйгээ танилцаад зогсохгүй, бүс нутгийн хөгжил, энх тайван, хамтын ажиллагааны төлөөх бодлого, санаачилга, хөрөнгө оруулалтын боломжийг хамтдаа хэлэлцэж байв. Энэ бүхний хажуугаар спортоор дамжуулан нөхөрлөж, өрсөлдөх ч боломжтой аж. 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон “JCI Impact” салбарын баг алтан медалийн эзэн болсноос гадна Илтгэх урлагийн тэмцээнд манай улсын төлөөлөл Ариунбаярмаа тэргүүн байр эзэлсэн нь бахархууштай. 

Youth Summit арга хэмжээнд Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулдаг залуучуудын байгууллагын 500 орчим төлөөлөгч оролцож, хүний үүрэг, нийгмийн оролцоо, шинэ санаачилга сэдвийн хүрээнд урам зориг, мэдлэг дүүрэн яриа өрнүүлэв. Үг хэлж, харилцаж, сэтгэж, сэдэж чаддаг залуусын нэгдэл энд байлаа. 

Чуулган бус чадамжийн шалгуур

Чуулганы хаалтын ёслолын үеэр JCI байгууллагын 2025 оны Ерөнхийлөгч Кейсүкэ Шимоямада “Монгол Улс дэлхийд нээлттэй, бүтээлч, нийгмийн хариуцлагатай, залуу манлайллыг дэмждэг орон гэдэг ээ харуулж чадлаа” хэмээн талархлаа илэрхийлж байв. 

Олон улсын чуулган зохион байгуулснаар Монгол Улс томоохон арга хэмжээ зохион байгуулах чадамжтай гэдгийг харуулахын зэрэгцээ бид бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааны идэвхтэй оролцогч гэдгээ харуулж, шинэ түншлэл үүсгэхэд хувь нэмэр оруулах боломжтой юм. Үнэхээр ч энэхүү зорилгод дөхсөн, ойртсон арга хэмжээг JCI Монгол байгууллагын залуус хийж чаджээ. Байгальд ээлтэй зохион байгуулалт, бодит эдийн засгийн өгөөж, мэргэжлийн гүйцэтгэл, сайн дурын оролцоо, олон улсын цар хүрээ зэрэг үзүүлэлтээрээ энэхүү чуулган цаашдын ижил төрлийн арга хэмжээ зохион байгуулах суурь туршлага болж үлдэх нь гарцаагүй биз ээ. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.