Эдийн засгийн чуулган хоёр дахь өдрөө өнөөдөр үргэлжилнэ. Сүүлийн жилүүдэд тус форум баяр наадмын өмнөх өдрүүдэд зохион байгуулагдах болсон. Энэ нь нэг талаар Монгол орноо олон улсад сурталчлах, өв соёлоо таниулах боломж, завшаан. Форумд олон улсын нөлөө бүхий банк санхүү, хөрөнгө оруулалт, бизнесийн байгууллагын захирлууд илүү олноор жилээс жилд өндөр ач холбогдол өгч ирдэг болсон.
Манай улсын хувьд ч зүгээр суусангүй, жуулчин татах болон бизнесийн өргөн түншлэлийг эхлүүлэх зорилгоор гадаад сурталчилгаанд ихээр анхаарч, олон улсын мэдээллийн сувгууд урих, дэлхийд өөрсдийгөө "хүргэх" ажлыг сайтар хийж байна. Эдгээрийн үр дүн аялал жуулчлал болон бусад салбарт эрс мэдрэгдэх болсон.
Дэлхийн хөгжиж буй болон хөгжингүй улс орон болгон өөрийн асуудлаа хэлэлцдэг, хөрөнгө оруулагчдыг урьж залдаг, бизнесийн шинэ түншлэлийг эхлүүлдэг, шинэ мөнгийг дууддаг, улс төр, гадаад бодлогын түвшинд зах зээл, цаг үеэ дагадаг. Энэ жишгийг манайх Эдийн засгийн форумаар дамжуулан хийх гэж оролдож, суралцаж, туршлага сууж ирж байна. Эдийн засгийн форум бол хөгжлийн хэлэлцүүлэг болохоос улс төрийн сунгаан биш юм.
Жилийн өмнөх эдийн засгийн чуулгантай харьцуулахад энэ удаагийн форум ихээхэн онцгой цаг үед таарч байна. Сайн тал нь гэвэл улс төрийн сонгуулийн синдром арилсан, ажил хийх цаг хугацаа эхэлсэн гэсэн үг. Олон нийт, нийгмийн хүлээлт ч өөрчлөлт, бодит үр дүнг төр засгаас хүсэн хүлээж буй. Гэхдээ жилийн өмнөх Ерөнхий сайд, түүний бүрдүүлсэн танхим иж бүрнээсээ бус шинэ Ерөнхий сайд, шинэ Засгийн газартай эдийн засгийн чуулган болж байна. Энэ бол эхний онцлог. Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалт, татварын бодлогыг дахин тодорхойлох Засгийн газар хөрөнгө оруулагчдын хувьд цоо шинэ нөхцөл байдал юм. Зөвхөн гаднын хөрөнгө оруулагчдаар хэмжигдэхгүй Монголын бизнесийн орчин, хувийн хэвшилд дахиад л таавар гэсэн үг.
Улс орны одоогийн нөхцөл байдлаа авч үзвэл бизнесийн орчин нөхцөл улам муудсан, төсвийн орлого залгуулах коксжих нүүрсний үнэ огцом унасан, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын биет хэмжээ /нүүрс/ удааширсан, улсын нэгдсэн төсвийн алдагдал үлэмж тэлсэн, монгол төгрөгийн ханш үнэгүйдэх эрсдэл биежиж, инфляц өрхийн орлогыг ховх сорсон үйл явц үргэлжилж, эдийн засгийн хүндрэл өдөр ирэх тусам гүнзгийрсэн дүр зурагтай байна. Гадаад зах зээл сорилттой. Улс дотроо ч бид хэрүүлтэй байна.
Эрчим хүчний салбар манай улсын хамгийн халуун цэг болж хувирлаа. Зөвхөн дулаанаар хэмжигдэхгүй нийслэлийн гэр хорооллын иргэд ирэх өвөл юу түлэх вэ. Түлш нь алга. Нүүрс нь байна. Нүүрсээ хэрхэн боловсруулж, утаа багатай, хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулахгүй байх түлш гарган авах вэ... Үүнийг тойрсон ашиг сонирхлын зөрчил гаарч, төр өөрсдөө түлшээр бизнес хийх, тэндээс мөнгө "унагах", мөнгөөрөө сонгогчдыг худалдан авах, дарга нар нь улам баяжих өрсөлдөөн, лоби ширүүсэж байна. Ийм цаг үед Эдийн засгийн чуулган болж байна.
Монголын эдийн засгийн чуулган нь хэрхэн улсаа хөгжүүлэх вэ, төрийн хүнд суртал, дарамт шахалтыг яаж хумих вэ, авлигаас хэр хурдан ангижрах вэ, ямар хөгжлийн боломж бидэнд байна вэ, гарц шийдэл нь юу вэ, төрөөс шалтгаалсан тулгамдаж буй ямар асуудал байна вэ, түүнийг гэтлэх арга зам нь аль вэ. Эдгээрт хариулт олох, олон талын байр суурь, дуу хоолойг нэг түвшинд авчрах, ойлголт хийгээд мэдээллийн зөрүүг арилгахад чиглэнэ. Ийм чиг, үзэл баримтал дор тус форум үндсэн болон салбар хуралдааныг өрнүүлж байна.
Өнөөдөр хувийн хэвшлүүд татварын давхардсан их дарамттай, төрөөс хэт хамааралтай бизнесийн орчинд "эрх чөлөө"-гөө хайж, төр, хувийн хэвшлийн зааг ялгааг дэнслэх, түншлэлийн алтан зарчим, сайн засаглалын мөн чанарыг төрийн дунд шатанд "ухааруулах", тогтвортой бодлогыг хүсэмжилж, хүлээсэн байдалтай байна. Төр гэдэг бизнесийн том өрсөлдөгч, том шантаажтай нүүр тулж дийлэхгүй хувийн хэвшил эхнээсээ бууж өгч байна. Зарим нь хэзээ ирээд хувийн өмч хөрөнгө, бизнест маань Засгийн газар гэнэтхэн БЭТ томилж, төр өөртөө дур мэдэн авах бол гэсэн айдастай байна. Ийм уур амьсгал дунд Эдийн засгийн чуулган болж байна.
Монголд хөрөнгө оруулах хөрөнгө оруулагчдын итгэл алдарсан, тэр тусмаа уул уурхайн салбарт хөрөнгө оруулах нь туйлын эрсдэлтэй хэмээн үзэх хэмжээнд ирчихлээ. Гэтэл хөрөнгө оруулалт татах чадвартай нь одоогоор Монголд уул уурхай л байна. Ганц доллар авчрах салбараа өнгөрсөн хугацаанд засаг төр нь үгүйсгэж, хэлмэгдүүлж, улстөрчид нь өөрсдөө улс орны дайсан мэтээр харуулж, хавчсаны үр дүн нь эдийн засгийн хямрал, хүндрэл, ядуурал, ажилгүйдлээр илэрч эхэлж байна. Ийм цаг үед Эдийн засгийн чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Сүүлийн жилүүдэд уул уурхай салбарт хэрэгжсэн төслүүд хийгээд хөрөнгө оруулсан талуудад төр хамгийн том дайсан, гацаагч нь болж хувирсан байна. Ийм байдал нь өнөөдөр улсын эдийн засгаа бодитоор ярих, форумдах эхний шалтгаан болж байна. Эдийн засгийн чуулганы хөтөлбөрт Чухал ашигт малтмал болон Тогтвортой олборлолт, Сэргээгдэх эрчим хүч зэрэг улс орны өнөөдөр болон маргаашийг бүтээх чухал сэдвүүд яригдаж, хөндөгдөхөөр байгаа. Засгийн газар сэргээгдэх эрчим хүч болон цаг үе, зах зээлийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж буй чухал ашигт малтмалын талаар бодитой, тодорхой байр суурь илэрхийлэх цаг мөч ирлээ. Форумдах нь эдгээрт хариулах, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдад үг, үйлдлээ нэг гэдгээ батлан харуулах, зарлах, улс төрийн хувьд ч хариуцлагатай мэдэгдэл хийх боломж юм.
Эдийн засгийн форум дээрээ л шинэ Засгийн газар бодлогоо түс тас хэлээд, бизнес, эдийн засгийн харилцаанд бодитой шийдвэр гаргаж харуулах нь хоёр өдрийн форумын гол үр дүн байж таарна. Үгүй бол замхарна. Мартана. Дараа жил дахиад л өнөөдрийн цэгээс эхэлнэ. Маргаашийн төлөө Засгийн газар хувийн хэвшилтэйгээ хамт явах цаг үе шүү...