ТӨР-ХУВИЙН ХЭВШЛИЙН ШИНЭ ТҮНШЛЭЛИЙН ЗАГВАРЫГ ОРХОН АЙМАГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Эрдэнэтийн эдийн засгийн чуулган энэ 7 хоногийн онцлох үйл явдлын нэг байлаа. Тав дахь удаагаа зохион байгуулагдсан “Хойд бүс-Эрдэнэт 2025” эдийн засгийн чуулган төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг шинэ түвшинд авчрахад чиглэлээ. Ажил хэрэгч, нээлттэй уур амьсгал бүрдүүлсэн эдийн засгийн чуулган мэдлэг боловсрол, ноу хау, шинжлэх ухаан, хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн оролцоог чухалчлан үзлээ.
Тэр тусмаа бизнесийн орчинд итгэл төрүүлсэн, орон нутагт шинэ бизнес эхлүүлэх, шинэ түншлэлийг урин дуудахад ээлжит хөгжлийн чуулган зориулагджээ. Энэ нь мөнгө болон хүний урсгалыг хойд бүс рүү татах, тэнцвэртэй хөгжих, тогтвортой өсөлтийг бататгах, эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр олноор бий болох боломж, нөхцөлийг урьтал болгожээ.
Илгээлтийн эзэд Эрдэнэт хотоо 1976 онд байгуулсан. Ирэх онд Орхон аймгийн 50 жилийн ой тохионо. 50 жилийн хугацаанд уул уурхай, хүнд үйлдвэрлэлд тулгуурлан зууны манлай бүтээн байгуулалттай хот болон хөгжсөн. Улсын төсвийн 30 орчим хувийг, орон нутгийн төсвийн 90 орчим хувийг дангаараа төвлөрүүлж ирсэн гэхээр Эрдэнэт хот, Орхон аймаг чухам хэр их ачаа үүрдэг болох нь эндээс нэвт шувт харагдана. Харин уул уурхайн орлогыг тооцохгүйгээр эдийн засгийн үзүүлэлтээрээ улсад Орхон аймаг 19-т бичигдэж байна. Уул уурхай, Эрдэнэт үйлдвэргүйгээр өнөөдрийн Эрдэнэт хот, Орхон аймгийг төсөөлөх боломжгүй байгаа биз.
Байгалийн нөөц баялаг гэдэг хязгаарлагдмал. Нэг л өдөр шавхагдах, эдийн засгийн үр ашиггүй болох эрсдэл цаг хугацааны л асуудал юм. Тиймээс зөвхөн өнөөдрөөр сэтгэж, уул уурхайн баялагт хэт найдах бус дараа, дараагийн сонголт, учрах эрсдэлийг бууруулах арга зам, гарц шийдлийг тодорхойлох нь энэ цаг үеийн хүмүүсийн хийх ёстой ажил. Ийм учраас тав дахь удаагийн эдийн засгийн чуулган Ухаалаг, Бүтээлч, Тогтвортой хөгжлийн зүг "фокус"-аа таарууллаа.
Аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр чуулганы эхэнд “Ирээдүйн Эрдэнэт” сэдвээр хэлэлцүүлсэн илтгэлдээ “Бид цаашид аль нэг салбараас хэт хамааралтай байх нь эдийн засагт урт хугацаандаа эрсдэлтэй. Тиймээс хөгжлийн шинэ үзэл баримтлал, бодлогоо тодорхойллоо” хэмээн онцолсон нь угтах ирээдүй, ирэх маргааш, 50 жилийн дараах Эрдэнэт хотын хөгжлийг харсан хэрэг байлаа.
Эдийн засгийн тамир тэнхээ, бизнесийн орчин, засаглал, дэд бүтэц гэсэн өрсөлдөх чадварын 4 үндсэн үзүүлэлтээр 21 аймгийг тэргүүлж, сүүлийн 11 жилийн турш түүчээлж ирсэн Орхон аймаг хөгжлийн гарц, шийдлээ шинэтгэж байгаа нь энэ. Улс төсвөөс татаас дэмжлэг авдаггүй, харин улсын төсөвт орлого төвлөрүүлж яваа таван аймгийн нэг нь Орхон. Бие даасан эдийн засгийн чадамжтай тус аймагт улсын цараатай аж үйлдвэрийн томоохон төслүүд хэрэгжих шатандаа орж, Эрдэнэт хот тэр хэрээр анхаарлын төвд байж, олны нүдэнд тод томруун тусдаг.
Хүнд, хөнгөн аж үйлдвэр зэрэгцэн хөгжсөн, авто зам болон төмөр замаар улсын нийслэлтэй холбогдсон, хойд бүсийн зангилаа төв болсон гээд Орхоны онцлог их. Хөдөө аж ахуйн салбар, түүний дотор мал аж ахуй эдийн засгийн түшиц нь болсон Орхон аймаг ирэх 50 жилийн хөгжлийн чиг баримжаагаа эдийн засгийн чуулганаар хэлэлцэж, хүрэх “Алсын хараа”-гаа улам нарийвчлан зураглалаа.
Эрдэнэт үйлдвэртэй хаяа дэрлэх Орхон аймаг уул уурхайн түшиглэсэн хотуудын нэг. Дархан, Эрдэнэтийн цар хүрээ, нийгэм, эдийн засгийн эзлэх байр суурь үлэмж том. Том учраас Улаанбаатарын дараа эрэмбэлэгдэж, улсын зэрэглэлтэй таван хотын түвшинд яригдаж байгаа. Хүн амын нягтаршил ч өндөр. Харин газрын нутгийн хувьд хязгаарлагдмал орон зайд Орхоны хөгжил, ирээдүйн 50 жил зурагдаж байгаа юм.
2036 он гэхэд Эрдэнэт ямар хот болсон байх вэ... Ямар хотыг ирээдүйд орон нутаг өнөө цогцлоон төлөвлөж, түүнд зорьсон хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого ирэх жилүүдэд хэрэгжих вэ. Энэ хотын ялгарал, ондоошил нь юу байх вэ. Одоогийн давуу талаа тэд хэрхэн усалж, сул талаа яаж засах вэ. Улаанбаатарын алдааг давтах уу, улсын жишиг хот болох уу. Салаа замын уулзварт ирсэн Орхон аймаг эдийн засгийн чуулганаараа дээрх асуултын хариултыг эрэлхийлж, бизнесийн орчинд чөлөөт, идэвхтэй хамтын ажиллагааг онцгойлон авч үзэж байна. Бизнесийн таатай орчин, хувийн хэвшлийн оролцоо, манлайллыг хөгжил гэж харж байна. Хөгжилд хөтлөх гүүр нь төр, хувийн хэвшлийн түншлэл хэмээн дүгнэж байна. Тэнд ийм хөгжлийн яриа өрнөлөө.
УХААЛАГ, БҮТЭЭЛЧ, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗАМД...
Орхон аймгийн хөгжлийн үзэл баримтлал маш тодорхой. Тэд Ухаалаг, Бүтээлч, Тогтвортой хэмээх 3 үгийг хөгжлийн түлхүүр болгож, энэ дагуу бодлого, хөтөлбөрөө төсөөлж, төлөвлөж байна. Хөгжлийн байгууламжаа ингэж "угсарч" байна. Хөгжлийн үзэл баримтлалд байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлогыг тэнцвэртэй, уялдаа холбоотой, иргэн төвтэй, шинжлэх ухааны ул суурьтай, тооцоо судалгаанд үндэслэн авч явахаар зурагласан байна.
2036 он хүртэл 12 жилийн хугацаанд 3 үе шаттай хэрэгжүүлэх хөгжлийн үзэл баримтлалын эхний үе шат нь 2025-2028 оны хооронд хэрэгжих юм байна. Энэ хугацаанд нийгмийн салбарын хөгжлийг тодорхойлсон "Эрүүл оюунлаг хот", шинжлэх ухаан, судалгаанд суурилсан "Ухаалаг хот", эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгох зорилготой "Цэвэр агаартай хот" зэрэг хүний амьдрах, ажиллах, аюулгүй орчныг бүрдүүлэх төслийг хэрэгжүүлэхээр Орхон аймаг төлөвлөжээ. Эдгээр нь ирээдүйн шинэ Эрдэнэтийг бүтээх юм. Нийт 60 төсөл Орхон аймагт хэрэгжих бөгөөд үүний 6 нь Эрдэнэт үйлдвэрт хамаарах аж. Үлдсэн төслүүдэд орон нутаг нээлттэй, бүтээлч хамтын ажиллагааг хөрс сууриа болгож, хувийн хэвшлийн хийж хэрэгжүүлэх, бүтээх орон зайг бүрдүүлэх юм байна.
“Цэвэр агаартай хот” төслийн хүрээнд инженерийн дэд бүтцийн шугам сүлжээ, авто замыг засварлах, өргөтгөх, шинээр дөрвөн байршилд болон дахин төлөвлөсөн байршлуудад орон сууц барих, гэр хорооллын нүүрсний хэрэглээг тэглэх зэрэг томоохон зорилтуудыг дэвшүүлжээ. Төслийн танилцуулгыг Эрдэнэт хотын захирагч Б.Мөнхдалай эдийн засгийн чуулганд танилцуулсан юм. Эрдэнэтийн агаарыг бохирдуулагч гол эх үүсвэрүүд, тэдгээрийг шийдэх шийдэл нь юу вэ гэдэгт түүний илтгэл чиглэсэн.
“Цэвэр агаартай хот” төслийн нэг зорилго нь гэр хорооллын нүүрсний хэрэглээг тэглэх. Ингэхдээ гэр хорооллын айл өрхүүдэд дулааны насосын халаалтын шийдлийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Мөн орон сууц, хувийн сууцаа дулаалж, дулааны алдагдалгүй болсноор эрчим хүчийг хэмнэнэ. Орон сууцны гадна фасадыг дулаалахад эрчим хүчийг 20 хувиар хэмнэх боломжтой аж. Энэ чиглэлээр Эрдэнэтийн Шинжлэх ухаан технологийн парктай хамтарч “Эко хавтан” компани дулаан тусгаарлагч хавтангийн туршилтын үйлдвэрлэл явуулж байна. Үүнээс гадна ногоон байгууламжгүйгээр цэвэр агаарын талаар бид ярих боломжгүй. Тиймээс орон сууц болон гэр хорооллын дунд байх ногоон байгууламжийг нэмэгдүүлэх яриа "Хойд бүс-Эрдэнэт 2025" эдийн засгийн чуулганаар мөн л өрнөсөн юм.
ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ТӨВД...
Одоогоос 20 жилийн өмнө өнөөгийн Эрдэнэт хотын нийгмийн тулгамдсан асуудлууд харьцангуй бага, ер нь асуудал биш байжээ. Хүнд ээлтэй, ногоон байгууламж ихтэй, сургууль цэцэрлэг нь хүртээмжтэй, амьдрахад таатай, цэвэрхэн хот. Харин одоо хотжилт, хүн амын хурдацтай өсөлт түүнийг дагасан хөдөлгөөний урсгалаас үүдэлтэй авто замын түгжрэл, агаарын бохирдол гэх мэт нийгмийн асуудлууд ар араасаа ундарч Улаанбаатартай жишигдэх хэмжээнд хүрч ирсэн байна. Тиймээс хүнд ээлтэй, хүүхдэд аюулгүй хотоо сэргээхийн тулд 2036 он хүртэлх хөгжлийн шинэ үзэл баримтлалаа тодорхойлж, “Ухаалаг хот” төсөл хэрэгжүүлэх болсноо “Хойд бүс Эрдэнэт 2025” эдийн засгийн форумаар танилцуулсан юм.
Эрдэнэт хотын авто замын даац 2000 машинтай байхаар анх төлөвлөгдсөн. Тэгвэл өдгөө энэ ачаалал 15 дахин нэмэгдэж 28.6 мянган өрхөд нэг автомашин оногдож байна. Үүнээс улбаатай ажил хичээл, цуглах, тарах, цайны цагаар авто зам нь түгжирдэг болоод уджээ. Энэ мэт өдөр тутамд иргэд, хүүхэд багачуудын ажил, гэр, сургуулийн орчноосоо гараад тулгамддаг асуудал, бэрхшээлийг шийдвэрлэх “Ухаалаг хот” төслийг 2028 он хүртэл хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд 10 дэд төслийг хэрэгжүүлэх бөгөөд үр дүнд хүүхдэд аюулгүй, хүндээ ээлтэй хот болно гэж төсөөлжээ.
Хотын нэг захаас нөгөө цэг хүртэлх нийтийн тээврийн үйлчилгээг нэмэгдүүлэх, явган болон дугуйн замын сүлжээг төлөвлөх, дундын дугуй, скүүтэр гэхчлэн дундын автомашины үйлчилгээг нэвтрүүлж, хөгжүүлэх гэх мэт олон үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
"Ухаалаг хот болох зорилтоо хэрэгжүүлэхийн тулд хотын нэгдсэн мэдээллийн дата сан бүрдүүлнэ. Датад тулгуурлан хөгжлийн шийдлүүдийг гаргана. Үүний тулд нийгэм, эдийн засгийн бүхий л үзүүлэлтийг хэмжих, 450 шалгуур үзүүлэлт бүхий орон зай, судалгааны “Open Erdenet” дата санг хөгжүүлж байна. Үүнийг ашиглан иргэд нээлттэй мэдээлэл авах, хянах, оролцох боломж бүрдэнэ. Төр их өгөгдөл дээр суурилсан төлөвлөлт хийж шийдвэр гаргана. Энэ цахим систем нь нийгмийн оролцогч талууд буюу төр, хувийн хэвшил, иргэн бүгд тухайн асуудал өмнө нь ямар байсан, одоо ямар болсон, магадгүй ямар алдаа, дутагдал гарсныг санаж, дүгнэж чаддаг болно. Энэ нь хөгжлийн залгамж чанарын чухал суурь болно" хэмээн Орхон аймгийн ЗДТГ-ын Хамтын ажиллагаа, гадаад дотоодын төсөл хөтөлбөр хариуцсан удирдагч Б.Оюун-Эрдэнэ онцолсон юм.
ХУВИЙН ХЭВШИЛД ДАРААХ БОЛОМЖИЙГ ОЛГОНО
Орон нутагт, тэр тусмаа Орхон аймагт хувийн хэвшилд тулгардаг хамгийн том, нийтлэг бэрхшээл бол газар. Газраа аж ахуйн нэгж асар их зардлаар шийдлээ гэхэд дэд бүтэц, инженерийн байгууламж залгана. Энэ бас л нэг сорилт. Тэгвэл орон нутгийн удирдлагууд энэхүү зовлонг олж харж, Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн паркийн 3500 мКв ажлын байрыг бизнес эрхлэгч нарт санал болгож байна. Үүнийгээ эдийн засгийн чуулганаар маш тодорхой зарлалаа. Биотехнологийн болон органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулах аж ахуйн нэгжүүдэд хэд хэдэн төрлийн татварын дэмжлэг үзүүлэх юм байна. Үүнээс гадна Орхон аймаг, Эрдэнэт хот дахин төлөвлөсөн, орон сууцны барилга барих боломжтой 9 байршлыг хувийн хэвшилд зааж өглөө.
Орхон аймгийн эдийн засаг уул уурхай, тодруулбал, Эрдэнэт үйлдвэрийн зэсийн орлогоос асар их хамааралтай гэдгийг эхэнд дурдсан. Энэхүү хамаарал нь давуу мэт боловч сул талд тооцогдож ирсэн. Тиймээс уул уурхайн хэт хамаарлыг бууруулах, өөр бусад салбарын хөгжилд бодлогоор анхаарах зүй ёсны шаардлагатай Орхон аймаг өнөө тулж буй. Тиймээс орлогоо төрөлжүүлэх, эдийн засгаа солонгоруулах урт зам туулах их ажил руу эргэлт буцалтгүй тус аймаг зорьж байгааг аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганзориг тодотгов.
Тэрээр "Эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ биотехнологийн үйлдвэрлэл байна гэж тооцсон. Байгалийн болон хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, материалыг боловсруулан үнэ цэнтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбар гэж харж байгаа. Биотехнологийн бүтээгдэхүүн нь жин, овор хэмжээ багатай, үнэлгээ өндөртэй тул тээвэр логистикийн хүндрэлд орохгүй гэж үзсэн. Энэ салбарыг хөгжүүлснээр Эрдэнэтчүүд технологи ур чадвар, үйлдвэрлэлийн төв болно" хэмээн итгэл дүүрэн хэлж байна.
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ШИНЭ БОНД: ЭРДЭНЭТ...
Эрдэнэтийн эдийн засгийн чуулганаар хөрөнгийн зах зээлийн шинэ бүтээгдэхүүний сураг тодорлоо. 21 аймгаас анх удаагаа Орхон аймаг орон нутгийн бондыг гаргахаар төлөвлөж, бэлтгэл ажлаа хангаж эхэлжээ. 2025-2028 онд хэрэгжүүлэх 3 төслийн хөрөнгө оруулалтын дүн нь 978 тэрбум төгрөг. Үр дүнд нь ажилгүйдлийг 3 хувь хүртэл бууруулах, уул уурхайгаас бусад салбарын эдийн засгийн үзүүлэлтээр улсад тэргүүлэх зорилтыг тэд дэвшүүлжээ. Төслийг санхүүжүүлэх боломжийг хөрөнгийн зах зээл хэмээн үзэж, шаардлагатай хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг орон нутгийн бонд гаргах замаар шийдвэрлэхээр болсон байна. Орхон аймаг Эрдэнэт хотын үнэт цаас гаргах санал Засгийн газрын түвшинд дэмжигдсэн бөгөөд хөгжлийн төслүүд нь орон нутгийн төсвийн орлого хүлээхгүй хөдлөх боломж ойртох аж.