Нью Йорк хотод болсон Монголын хөрөнгө оруулалтын форумын эргэн тойронд
Нью Йорк хотод болсон Монголын хөрөнгө оруулалтын форум гаднын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээсэн чухал үйл явдал боллоо
Стратегийн зөвлөх үйлчилгээний CMM - Capital Markets Mongolia компанийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Mongolia Investment Forum” буюу “Монголын хөрөнгө оруулалтын форум” нь Сингапурт нэг удаа, Нью Йоркт хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж, 6 өөр улсын 120 гаруй зочид төлөөлөгч, өндөр түвшний хөрөнгө оруулагчид нэг дор чууллаа. Энэхүү форум нь Монгол Улсыг гадаад улс дахь мэргэжлийн хөрөнгө оруулагчидтай холбох маш өндөр ач холбогдол бүхий арга хэмжээ бөгөөд 4-дүгээр сарын 28-нд болсон форумд дараах чухал үйл явдлууд болж өнгөрлөө.
- Энэ удаагийн ээлжит форумаар Монголын эрчим хүч, банк, санхүүгийн салбар, тогтвортой хөгжлийн санхүүжилт гэх мэт чухал сэдвүүдийг онцолсон бөгөөд "Mongolia Investment Forum: New York 2025" үйл ажиллагааг нээж Нью Йорк хотын захирагчийн албаны Олон улсын харилцаа хариуцсан төлөөлөгч Эдвард Мермелштейн, МУ-ын Шадар Сайд Т.Доржханд, форумын зохион байгуулагч CMM компанийн глобал түнш StoneX Group Inc.-н Ерөнхийлөгч Чарльз Лион тус тус үг хэлж, энэ удаагийн Mongolia Investment Forum: New York 2025 нь Монгол, Америкийн хамтын ажиллагаанд чухал нөлөөтэй үйл ажиллагаа хэмээн онцолсон юм.
- Mongolia Investment Forum: New York 2025 нь үндсэн 6 илтгэл, хоёр хэлэлцүүлэгтэйгээр өрнөсөн бөгөөд хэлэлцүүлгээр Монголын эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах боломжууд, Өрийн зах зээл ба зээлжих зэрэглэл сэдвүүдийг тус тус онцоллоо.
- Мөн энэхүү форумын үеэр Монгол Улсын Эрчим хүчний реформын Үндэсний хороо дэлхийн сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэгч компаниудын нэг UPC Renewables-тэй санамж бичиг үзэглэсэн түүхэн тэмдэглүүштэй үйл явдал боллоо. Тодруулбал Дундговь аймагт баригдах нийт 2,400 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станцын төсөлд зарцуулах 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах чухал ач холбогдол бүхий хамтын ажиллагааны санамж бичиг юм.