Д.Оюунбадам: Бид хөрөнгө оруулалтын төслүүдийн үр ашгийг нь ерөөсөө ярихгүй байна
Д.Оюунбадам: Бид хөрөнгө оруулалтын төслүүдийн үр ашгийг нь ерөөсөө ярихгүй байна
Бидний төлсөн татварыг эрүүл, аюулгүй амьдрах орчныг хангах зүйлсэд зарцуулаад өгөөч гэж шаардмаар байна. Улаанбаатарын утааг хамгийн түрүүнд арилгаад өгөөч гэж шаардмаар байна.

Монгол Улсын төсөв иргэдийн амьдралд үр шимээ бүрэн дүүрэн өгөхгүй байгаа тухай шүүмжлэл дагуулсан хэвээр байгаа юм. Татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулж байж нийгэм, эдийн засгийн хөгжил урагшилна. Тиймээс төсвийг үр дүнтэй төлөвлөх шаардлагатай ба ингэж байж өөрчлөлт гарна хэмээн үзэж байгаа юм. Төсвийг хэрхэн үр дүнтэй болгох болон төсөв үр дүнгүй, үр ашиггүй байгаа талаар Нээлттэй Нийгэм Форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадамын байр суурийг эшлэн хүргэе. 

•    Төсвийн орлогыг хувилбартай тооцдог баймаар байна. Хамгийн бага, дунд зэрэг болон хамгийн өндөр гэсэн гурван янзаар тооцож, ядаж дунджаар авч байх эрх зүйн зохицуулалтыг оруулж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол зарлагаа тултал нь баталчихдаг. Тендер, хөрөнгө оруулалтууд нь явчихсан байтал орлого тасрахаар төсвийн тодотгол хийдэг, улмаар зарим эхлүүлсэн бүтээн байгуулалтаа царцаах асуудал гардаг. Тэгэхээр эхнээс нь орлогоо дунджаар төсөөлөөд аль болох хэмнэж болох зардлаа хэмнэсэн байдлаар төсвийг боловсруулах нь чухал.

•    Сүүлийн жилүүдэд 2 их наяд төгрөг давсан алдагдалтай төсөв батлаад яваад байгаа. Засгийн газрын өр 8 тэрбум ам.доллар бөгөөд төрийн өмчит компаниуд бонд гаргасан, Засгаас өрийн баталгаа гаргасан гэхчлэн өр их байгаа. Манай гадаад бонд, зээлийн хүү ам.доллароор 5-8 хувийн жилийн хүүтэй буюу нэлээд өндөртэйд орно. Зээлийн хүүгийн төлбөрт жил бүр нэлээд их мөнгө төлж байна. Сангийн сайдын багц дахь Зээлийн хүүгийн төлбөр гэдэгт 900 гаруй тэрбум төгрөг төсөвлөгдөөд явж байна. Иймд аль болох өндөр хүүтэй зээл авахаа багасгах саналтай байна.

•    Монгол Улс 2011 оноос бага орлоготой орны ангиллаас ахиж, дундаж орлоготой орны ангилалд орсон. Улмаар АХБ, Дэлхийн банк зэрэг олон улсын донор байгууллагуудаас олгож буй зээлийн хүү өссөн. Өмнө нь жилийн 1%-ийн, маш хөнгөлөлттэй зээл авдаг байсан бол одоо 2%-ийн хүүтэй, тал хувь нь арилжааны зэрэг нөхцөлөөр зээл авч байгаа. Иймд гадаадын зээлийн төслүүдийнхээ үр ашигт маш сайн анхаарах хэрэгтэй. Төслүүдийн товч танилцуулгуудыг хавсаргадаг болох шаардлагатай. Зээл өгье гэсэн дээр нь аваад, тэр нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт үр ашиггүй байвал хохиролтой. Ирээдүй хойч маань тэрийг төлөх болно. 

•    Төсвийн баримт бичиг дэх хөрөнгө оруулалтын 500 орчим төсөл 2024 онд шинээр эхлэхээр байгаа. Томоохон төсөвт өртөгтэй эдгээр төслийн танилцуулгын мэдээлэл хомс байна. Эдгээр төслийн үр ашгийг авч хэлэлцэх ёстой. Хувийн салбар, бизнесийн удирдлага, ТУЗ-өөр тухайн төслийг батлуулъя гэхэд төслийн үр ашгийн тооцоог нэхдэг. Гэтэл улсын төсөв дээр шинэ болон үргэлжилж байгаа 1000 гаруй төслийн зөвхөн жагсаалт нь л байдаг. Эдгээрийг Монгол Улсын эдийн засагт ямар үр ашигтай, нийгмийн хөгжилд ямар хувь нэмэртэй вэ гэдэг тооцооллыг шаардаж байж төслүүдийг баталдаг байх хэрэгтэй.

•    2024 оны Төсвийн тухай хуульд 3-4 хавсралт байгаа. Нэгдүгээр хавсралт дээр төсвийн ерөнхийлөн захирагчдын хүрэх үр дүнгийн үзүүлэлт гэж байдаг. Энэ дээр боловсролын салбарт сургуульд хамрагдах байдлыг тэдэн хувь дээшлүүлнэ гэдэг ч юм уу, хууль эрх зүйн орчныг сайжруулна гэх мэтээр зорилтууд дэвшүүлсэн байдаг. Энэ маягт дээр манайх хэдэн төгрөгийн төсвийг зарцуулаад уг үр дүнд хүрэх тухай мэдээллийг нийтлэхгүй, төсөв нь тусдаа, голдуу эдийн засгийн ангилал, төсвийн ерөнхийлөн захирагчийнхаа ангиллаар яваад байдаг. Тэгэхээр хүрэх үр дүнгийн үзүүлэлт, төсөв хоёроо нэлээд сайн ярьж байх шаардлагатай. Нийгэмд өрнөх мэтгэлцээнд иргэний нийгмүүд хувь нэмрээ оруулах ёстой. 

•    2023 онд хүрэх үр дүнтэйгээ, одоог явц ямар байгаа гүйцэтгэлийн танилцуулгыг оруулж байж, тэр төслөө яаж ахиулахаа төлөвлөдөг баймаар байгаа. Жил бүр ижил хүрэх үр дүнгийн зорилт тавих нь учир дутагдалтай. Гүйцэтгэл ямар байгаа тайлагнал маш хангалтгүй байгаа. Өмнөх жилийнхээ төсвийн гүйцэтгэл, хүрэх үр дүнг нэлээд ярьж байж дараагийнхаа зорилтуудаа дэвшүүлж ярих хэрэгтэй.

•    Бид хөрөнгө оруулалтын төслүүдийг ярихдаа үр ашгийг нь ерөөсөө ярихгүй байна. Татвар төлөгчдөөсөө цуглуулсан мөнгөө үр ашиг муутай зүйлд зарцуулаад байвал монголчуудын амьдрал дээшлэхгүй. Нийслэл Улаанбаатар хот л гэхэд хэдэн зуун жилийнхээ ойг тэмдэглээд байдаг, гэтэл модон жорлонгийнхоо асуудлыг шийдэж чадахгүй, улам хэцүү, утаатай, тоосжилттой агаар, хөрсний асар их бохирдолтой орчинд иргэд нь амьдарч байна.

•    Бидний төлсөн татварыг эрүүл, аюулгүй амьдрах орчныг хангах зүйлсэд зарцуулаад өгөөч гэж шаардмаар байна. Улаанбаатарын утааг хамгийн түрүүнд арилгаад өгөөч гэж шаардмаар байна. Бодит өөрчлөлтийг үр дүн гэж хэмжиж, харах хэрэгтэй. 

•    Төсвийн төслөөс харахад ногоон зоорь, бяслагны үйлдвэр барих гэх мэт хувийн хэвшлийн салбарын хийх боломжтой ажлуудыг тусгасан байна. Ийм ажлуудад төр оролцоод, ТӨК, орон нутгийн өмчит компанийн тоог нэмэх шаардлага байхгүй. Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах байтал төр нэмж бизнес хийх нь ихсээд байгааг хэлэлцлүүлэх хэрэгтэй.

•    Хөрөнгө оруулалтын 500 орчим төсөл өнгөрсөн оноос дамнаж орж ирж байгаа. Эдгээрээс нэлээд олон төслийн төсөвт өртөг маш их өссөн. Инфляц, барилгын материалын үнийн өсөлттэй холбоотойгоор үнэ өссөн байлаа гэж харахад, зарим төслийн өртөг хэдхэн хувь өссөн байхад зарим нь 2-3 нугарч өссөн байгаа. Энэ дээр ҮАГ, УИХ-ын гишүүд нэлээд анхаарах хэрэгтэй. Яагаад өссөн талаар тайлбар оруулах ёстой.

•    Төсвийн бас нэг шаардлага бол тухайн төслийг одоо бол гурван жилд багтааж хэрэгжүүлнэ гэж байгаа. Тэр төслийн төсөвт өртгийг хэрэгжих хугацаанд нь хувааснаас багагүй хэмжээний төсвийг эхний санхүүжилтэд төлөвлөж явах ёстой байдаг. Гэтэл одоо 200 гаруй тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 5-6 зам орсон байна. Гэтэл тэдгээрийн эхний санхүүжилтэд 30 тэрбум төгрөг төлөвлөчихсөн. Энэ бол Төсвийн тухай хуульд нийцэхгүй. 

•    Төсвийн нэг жилийн гүйцэтгэлд л тайлагнал, хяналт хийж байгаа. Жилийн эцсийн нэгдсэн төсвийн гүйцэтгэл дээр ҮАГ дүгнэлт өгч байна. УИХ дээр хэлэлцэж байна. Хэлэлцэхдээ маш богино, төсвийн хэлэлцүүлгээс ч богино, протоколыг нь үзэхээр Байнгын хороод нь бараг 30 минутын дотор хэлэлцээд гарч байгаа. Гэтэл гүйцэтгэл дээр маш их анхаарах ёстой. 

•    Төсвийн явцынх нь гүйцэтгэлд хяналт тавих, улирлын гүйцэтгэл гэхэд тэрийг Төсвийн байнгын хороо хэлэлцдэг байх ёстой. Төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэхдээ олон нийтийг оролцуулсан сонсголуудыг хийдэг байх хэрэгтэй. Одоо бол явцын хяналтаа маш муу тавьж байна. 

•    ҮАГ-ын зөвлөмжийн хэрэгжилт хангагдаагүй байвал хариуцлага нэлээд сайн тооцдог байх хэрэгтэй. Төсвийн ерөнхийлөн захирагч нар зөвлөмжийн дагуу юу хийснээ тайлагнаж, түүнийгээ шилэн дансанд байрлуулах ёстой. Гэтэл зарим төсвийн ерөнхийлөн захирагч нар тайлангаа байршуулахын оронд зөвлөмжийн дагуу ийм үүрэг даалгаврууд өгч байна гэсэн тушаал, төлөвлөгөөгөө л байршуулаад Шилэн дансны тухай хууль, Төсвийн тухай хуулиа хэрэгжүүлэхгүй байна.

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.