УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн бүрэлдэхүүн Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, санхүүгийн салбарын хууль, эрх зүйн орчин, хэрэгжилт болон зээлийн хүүг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй /2025.04.18/ танилцав.
Даатгалын салбарын нийт хөрөнгийн хэмжээ болон хураамжийн орлого сүүлийн гурван жилд жил тутам 20 хувиар өсөж, нийт нөөц сан гурав дахин нэмэгдсэн бол хадгаламж, зээлийн хоршооны салбарын нийт хөрөнгө 2022-2024 онд 30 орчим хувиар өссөн байна. Даатгалын салбарын хууль, эрх зүйн орчин болон хөгжлийн түвшин 2004 оны хэмжээнд гацаад байгааг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц дурдаж, энэ салбарын эрх зүйн шинэчлэлийг нэн даруй хийх шаардлага тулгамдаж байгааг хэллээ.
Өнөөдрийн байдлаар 2004 онд шинэчлэн баталсан Даатгалын тухай болон Даатгалын мэргэжлийн оролцогчдын тухай, мөн 2011 онд баталсан Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулиудаас тус салбарын эрх зүйн орчин бүрдэж буй бөгөөд амьдралын буюу урт хугацааны, мөн давхар даатгалын тогтолцоог шинэ шатанд гаргах, компаниудын хөрөнгийн зах зээлд оролцох боломжийг нээх, нэгдсэн зохицуулалт, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох Даатгалын багц хуулийн төслүүдийг боловсруулаад байгаа ажээ.