АХБ: Монголын эдийн засгийн өсөлт 2025 онд 6.6 хувьд хүрнэ
2025.04.09
314
АХБ: Монголын эдийн засгийн өсөлт 2025 онд 6.6 хувьд хүрнэ

 Уул уурхайн салбарын өсөлт, тэр дундаа зэсийн баяжмалын үйлдвэрлэлээ нэмэгдүүлж буй Оюу толгойн уурхай 2025, 2026 оны эдийн засгийн өсөлтөд гол түлхэц үзүүлэхээр байна. Мөн хөдөө аж ахуйн салбар энэ онд сэргэх төлөвтэй байна. 

Азийн Хөгжлийн Банк (АХБ) 2025 оны 4-р сарын Азийн хөгжлийн төлөв тайландаа Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.6 хувиар өснө гэж төсөөллөө. Харин 2026 онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 5.9 хувь байх төлөвтэй байна.

adbank_2025-1 

“Уул уурхай болон үйлчилгээний салбарын эрчимтэй өсөлт хөдөө аж ахуйн салбарын огцом агшилтыг нөхсөнөөр Монгол Улсын эдийн засаг 2024 онд тэсвэртэй байдлаа хадгалж чадлаа” гэж АХБ-ны Орон хариуцсан ахлах эдийн засагч Эдуард Фэйбер хэлээд "2025 болон 2026 онд уул уурхайн салбар эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр хэвээр байх бөгөөд дотоодын эрэлт өсч, дэд бүтцийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, хөдөө аж ахуйн салбар аажмаар сэргэж буй нь өсөлтөнд түлхэц үзүүлнэ. Гэсэн хэдий ч Монгол Улс түүхий эдийн экспорт, тэр дундаа нүүрсний экспортоос хамааралтай байгаа тул эрсдэл байсаар байна" хэмээн тодотгов.

Эдийн засаг идэвхжиж, төсвийн зардал тэлж, эрчим хүчний үнэ тариф өссөнөөс үүдэн инфляц 2025 онд 9.1%-д хүрч нэмэгдэх төлөвтэй байгаа бол 2026 онд 7.0% болж бага зэрэг буурах төлөвтэй байна.

Уул уурхайн үйлдвэрлэл нэмэгдсэнээр экспорт өсөх төлөвтэй байна. Харин хөрөнгө оруулалтын төслүүдэд шаардагдах үндсэн тоног төхөөрөмж, бараа материал зэрэг импортын өсөлт буурахгүй хэвээр байх хүлээлттэй байна. Барааны худалдааны тэнцэл ашигтай хэвээр байх боловч үйлчилгээний худалдааны алдагдал, орлогын гадагшлах урсгалын улмаас урсгал данс алдагдалтай хэвээр байх төлөвтэй байна.

Төсөөллийг бууруулж болзошгүй эрсдлүүд нь түүхий эдийн үнэ унах, нүүрсний эрэлт буурах, хөдөө аж ахуйн салбарт сөргөөр нөлөөлж болзошгүй байгаль цаг уурын эрсдэл, инфляц тооцоолсноос илүү нэмэгдсэнээр мөнгөний хатуу бодлого баримталж эхлэх зэрэг болно. Харин уул уурхайн салбарын үйлдвэрлэл, тэр дундаа зэсийн олборлолт төсөөлж байснаас хурдан нэмэгдэх нь эдийн засгийг төсөөллийг өсгөх магадлалтай.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.