Ж.Золжаргал: Манайхаас авах нүүрсний хэмжээ өндөр, харин үнэ тааруу байж магадгүй
Ж.Золжаргал: Манайхаас авах нүүрсний  хэмжээ өндөр, харин үнэ тааруу байж магадгүй
Ялангуяа, Азийн бүс нутаг, хөгжиж байгаа улс орнууд нүүрсгүйгээр эдийн засаг, эрчим хүчний салбар нь оршин тогтнох боломжгүй гэдэг нь тодорхой.

“Монгол Нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай нүүрсний зах зээлийн төлөв байдлын талаар ярилцлаа. Манай улс энэ онд 50, ирэх жил 60 сая тонн нүүрс экспортлох, тэр хэрээр төсөвт төвлөрөх орлогын хувь хэмжээг өндрөөр тооцож, төсөөлж буй. 

-Урд хөршид зохион байгуулагдсан “Ирээдүйн нүүрс” олон улсын хурлаас яриагаа эхлүүлье. Хурлын уур амьсгал хаашаа чиглэж, юунд зорив?

-Өнгөрсөн сард болсон "Уул уурхайн долоо хоног-2023" нэгдсэн арга хэмжээнд Дэлхийн нүүрсний ассоциацийн Ерөнхий захирал Мишель Манук тэргүүтэй удирдлагын баг  таван хүний бүрэлдэхүүнтэй ирж оролцсон. Энэ үеэр Монголын зарим компанийн төлөөлөлтэй уулзаж, манай улсад тулгамдаж байгаа асуудлуудыг судалж сонирхсон. Дараа нь Бээжинд Дэлхийн нүүрсний ассоциацийн Удирдах зөвлөлийн хурал болж өнгөрсөн. Удирдах зөвлөлд нь Coal India, Австралиас Yancoal болон Caterpillar, Komatsu гээд нүүрсний салбарын олборлогч төдийгүй томоохон оролцогч компаниуд багтдаг.

Тус хурлаар нүүрсний салбарын ирээдүй дэлхий даяар ямар байх тухай, хэрхэн эергээр хандах вэ зэрэг асуудлыг авч хэлэлцсэн бол сая Хятадын нүүрсний ассоциаци, Дэлхийн нүүрсний ассоциаци хамтраад Future Coal Summit буюу "Ирээдүйн нүүрс" хурлыг зохион байгуулж, манай ассоциаци оролцлоо. 

Хятад улс өнгөрсөн жил 4.5 тэрбум тонн нүүрс ашигласан байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин нүүрсний цэвэр технологийг илүүтэй хөгжүүлэх хэрэгтэй, ингэснээр Хятад улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлогод бодитой хувь нэмрээ оруулна гэж зарласан байсан. Тиймээс 2022 онд энэ чиглэлд тус улс нэлээд анхаарал хандуулсан юм байна. Энэ хүрээнд өмнөд хөрш нэг тэрбум тонн нүүрсийг химийн үйлдвэрлэлд буюу нүүрснээс шатахуун, хий, хуванцар материал, устөрөгч гарган авахад зарцуулсан байна.  

"Ирээдүйн нүүрс" гэсэн олон улсын хурал хион байгуулж байгаа зорилгыг ярих хэрэгтэй байх. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт бодитой зүйл учраас улс орнууд дэлхийн дулаарлыг сааруулахад өөрсдийн хувь нэмрээ оруулах хэрэгтэй, нөгөө талд нүүрсний хэрэглээ зайлшгүй гэдэг нь мөн эндээс тодорхой байна. Ялангуяа, Азийн бүс нутаг, хөгжиж буй улс орнууд нүүрсгүйгээр эдийн засаг, эрчим хүчний салбар нь оршин тогтнох боломжгүй гэдэг нь тодорхой. Нэгэнт ийм нөхцөлд нүүрснээс татгалзах тухай үндэслэлгүй хоосон ярьж явах нь эсрэгээрээ цаг алдах нөхцөлийг үүсгээд зогсохгүй сайн технологи, хүлэмжийн хийг бууруулсан үр ашигтай хэрэглээг дэмжихгүй, санхүүжилтийн хязгаарлалт тогтоохоор санхүүгийн эх үүсвэр нь хүртэл үнэтэй олдох гэх мэтээр хүлэмжийн хийг бууруулахад сөргөөр нөлөөлөх хандлага нэлээд байна. Тийм учраас нэгдүгээрт, бодит нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрье. Хоёрдугаарт, нүүрсний цэвэр технологийг ашиглаж, хүлэмжийн хийг бууруулсан үр ашигтай, хариуцлагатай олборлолт, боловсруулалт, үйл ажиллагааг дэмжье. Энэ дээр олон улсын нүүрсний том компаниуд хамтарч ажиллая гээд Дэлхийн нүүрсний ассоциацийн зорилтыг Хятадын нүүрсний ассоциаци дэмжиж, хамтран хурал зохион байгуулж, "Ирээдүйн нүүрс" гэсэн зорилтоо дэвшүүллээ. 

-2024 оны улсын төсөв ид яригдаж байна. Ирэх онд манай улс 60 сая тонн нүүрс экспортолно гэж төлөвлөсөн. Зах зээлийн үнэ ханш тогтвортой байх хүлээлт байна уу. Худалдан авагч тал нүүрс ихээр авах сонирхол хэр их байна вэ?

-Зах зээлийн хувьд олон улсад үүссэн нөхцөл байдлаас хамаарч барууны улсуудаас авах нь багасаад, ОХУ-аас илүүтэй аваад байна уу гэж харж байгаа. Тиймээс манайхаас авах хэмжээ ирэх оны хувьд өндөр байж магадгүй. Ерөнхийдөө Хятадын эдийн засаг яаж өөрчлөгдөх вэ гэдгийг хэлж мэдэхгүй байна. Таамаглал гаргадаг барууны судлаачид эдийн засгийн өсөлт нь сайн биш, муу байна гээд байгаа. Муу байвал нүүрс, эрчим хүчний хэрэглээ дорвитой өсөхгүй. Өөрсдийнх нь хэлж байгаагаар бол барилга, үл хөдлөхийн салбар муу байгаа. Том хэмжээний дэд бүтэц, төмөр зам, гүүр зэрэг том ажлууд урагшилж байгаа нь төмөр, ган, коксын хэрэглээг бариад байгаа гэж үзэж байгаа юм билээ. Тэгэхээр ирэх жил Монголоос, Оросоос түлхүү авч байгаа тул татан авалт нь өндөр байх болов уу. Үнийн хувьд харин эсрэгээрээ тааруухан байх болов уу даа. Яагаад гэвэл бүс нутгийн татан авалт илүү их хийгээд ирэхээр Америк, Австрали тивийн сайн чанарын коксжих нүүрсний хэмжээ нь багасна. Тэдний хувьд өндөр үнэтэй. Орос бол янз бүрийн нөхцөл байдлаас болоод тодорхой хэмжээгээр арай хямд үнээр нүүрсээ борлуулж байгаа. Манайх олон улсын зах зээлтэй харьцуулахад харьцангуй хямд үнээр нийлүүлдэг. Тэгэхээр үнэ сайн өсөхгүй байх. 

-Нүүрсний төслүүдэд хөрөнгө оруулалт сонирхлыг яаж нэмэгдүүлэх, "Ирээдүйн нүүрс" хурлаар энэ талаар ярилцсан байх?

-Сая болсон хурал дээр Хятадаас гадна Африкийн хэд хэдэн улс байсан. Өмнөд Африк, Ботсвана, Зимбабве гээд. Сонирхолтой нь, Өмнөд Африк ХХ зуунаас хойш л нүүрснээс нефть бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, импортын хамаарлаа бууруулахын тулд. Түүнийх нь араас Ботсвана улсын төрийн өмчит компани нь төслөө бэлдчихсэн, сонгон шалгаруулалтын шатандаа орж байгаа юм билээ. Тэр нь хоёр тэрбум ам.долларын нүүрс-химийн үйлдвэрийн том төсөл. Зимбабве жижиг хэмжээний туршилтын үйлдвэр барьчихсан ажиллуулаад, том төслийн бэлтгэл ажлаа хангаж байх жишээтэй. Эдгээр улсаар тогтохгүй Индонез, Малайз гээд нүүрстэй улсууд байгаа. Бид нүүрснийхээ төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүнд одоо цаг алдах учиргүй. Хувийн хэвшлийн санаачилгыг төр засаг дэмжээд явах нь үр дүнтэй. Олон улсын хэмжээнд нүүрс бол хүлэмжийн хийн ялгарал ихтэй боловч бууруулах аргыг дор бүрнээ тууштай эрэлхийлж байна. Гэхдээ нүүрснээс татгалзах юм бол “Тогтвортой хөгжлийн 17 зорилт”-доо хүрэх боломжгүй. Тийм болохоор ухаалаг байдлаар ашиглана. Ашиглахаар санхүүжүүлж болно гэдэг итгэл үнэмшлийг санхүүгийн байгууллагуудад төрүүлнэ. Томоохон зарим санхүүгийн байгууллага Дэлхийн нүүрсний ассоциацийн санаачилгыг анхаараад, уулзалтууд хийгээд эхэлсэн юм билээ. Хэрэв тэгэх юм бол байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж байгаа нүүрсний том төслүүд хэрэгжих, санхүүжилт татах боломжтой болно гэсэн үг. Тэгвэл монголчуудыг хүлээж авах л байх. 

-Африкийн орнуудад баригдаж байгаа үйлдвэрүүд нь ямар үйлдвэрүүд вэ. Угаах үйлдвэр үү, цэвэр технологийн үйлдвэрийн туршилтууд уу?

-Тэр бол нүүрснээс шатахуун гаргаж авах үйлдвэрүүд. Австрали бол нүүрснээс устөрөгч гаргаад, одоохондоо харьцангуй бага хүчин чадлаар Япон руу тээвэрлэж байгаа. Индонези нүүрснээс хийн түлш үйлдвэрлэхээр ажиллаж байна. Төслөө бэлдэж байгаа юм билээ. Хятад улс бол дээр ярьсанчлан өнгөрсөн жил бараг тэрбум тонн нүүрсийг химийн үйлдвэрлэлд зарцуулсан, энэ бол асар том тоо. Цаашид ч улам нэмэгдэх нь тодорхой зүйл. 

-Танай ассоциацийн гишүүнээр "Эрдэнэс Тавантолгой" байдаг. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд БЭТ ирж, онцгой дэглэмд энэ компани ажиллалаа. Ассиоцацийн зүгээс харахад, олгогдсон цаг хугацаанд хэр үр дүнтэй ажилласан гэж харж байгаа вэ. Компани цаашид өөрийн потенциал, нөөц боломжоо нэмэхийн тулд юун дээр илүү анхаарах шаардлагатай вэ?

-БЭТ томилогдсон өнгөрсөн нэг жилийн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” хэрхэн ажилласан, ямар үр дүнгүүд гарсныг гол тоонууд нь харуулж байгаа учраас сайн гэдэгтэй санал нийлж байгаа. Онцгой нөхцөл байдалд валют оруулж ирэх даалгавартай ажилласан шүү дээ. Тэр үүргээ бүрэн гүйцэтгэсэн. Гэхдээ иймэрхүү онцгой нөхцөлтэй олон жил ажиллаж болохгүй байх. Яагаад гэвэл олон жил нэг зүйлд анхаарах юм бол хөрс хуулалт нь хоцрох ч гэдэг юмуу, ирээдүйд зардал нь нэмэгдэнэ, уурхайн үр ашиг унах эрсдэлтэй. Тиймээс бизнес төлөвлөгөө гэж олон жил ноцолдож байж гаргаж авсан байгаа. Тэр нь дарга цэрэг солигдохоос үл хамаараад зөв тодорхой, технологийн дагуу төлөвлөсөн зүйлсээ үргэлжлүүлээд л явах ёстой. Шинэ удирдлагууд нь тэр талаар анхаарах байх. 

Ерөнхий дүнгээрээ бол нэг жилд гарсан тоон үзүүлэлтүүд илэрхий сайн харагдаж байгаа. Биржийн арилжаа хэдийгээр маргаантай ч тодорхой хэмжээгээр жигдрээд явж байгаа. Бас нэг дэвшил. Тэр утгаараа бол эерэг үр дүнтэй ажил болсон гэж бодож байна. 

-Төсөв хэлэлцэж байгаа цаг үед АМНАТ-ын талаарх танай урьдын байр суурь хэвээрээ байгаа юу, өөрчлөгдсөн үү. 2024 оны төсөв дээр нүүрсний салбартай холбоотой боловсруулах үйлдвэрийг дэмжсэн заалт орж байгааг Сангийн сайд тодотгож байсан. Энэ талаар та байр сууриа хэлэхгүй юу?

-АМНАТ-ын талаарх байр суурь хэвээрээ байгаа. АМНАТ бол төлөгдөөд явах ёстой. Гэхдээ жишиг үнэ, татвар бодох үнийн дүнгээ хиймлээр тавьдаг асуудал яг л хэвээрээ байгаа. Одоо биржээр зарвал биржийн үнээр боддог болно гэсэн нь нэг шат ахиж байгаа зүйл бол байна. Гэхдээ бүгдийг нь биржээр зарахгүй шүү дээ. Тэр тохиолдолд яах вэ гэхээр ялгаагүй л хиймэл өндөр үнээрээ барих гээд байна л даа. Тэгэхээр биржээр зараагүй нүүрсийг биржийн нүүрстэй дүйцүүлэх, чанарынх нь ангиллаар томъёонд оруулж, хамаарлыг нь тооцож гаргаад үнээ боддог ч юм уу, тиймэрхүү зохицуулалт хийвэл бодит байдалд илүү нийцэх байх. Тэрнээс биш хиймэл үнээс авах гээд байдаг асуудал хэвээр байгаа.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.