Д.Сумхүү: Боломж нь байдаг бол аль болох эртхэн Цөмийн цахилгаан станц барих ажлыг эхлүүлэх хэрэгтэй
1 Өдрийн өмнө
1730
Д.Сумхүү: Боломж нь байдаг бол аль болох эртхэн Цөмийн цахилгаан станц барих ажлыг эхлүүлэх хэрэгтэй

-Уран олборлолтын технологиуд дотроос хүрээлэн буй орчинд хамгийн ээлтэй нь манайд ашиглах технологи-

ОХУ-ын Дубна хотод байрладаг Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн Нейтроны физикийн лабораторийн цөмийн аюулгүй байдлын группын Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Д.Сумхүүтэй ярилцлаа. Ураны төсөл тойрсон баталгаа, нотолгоогүй хуурамч мэдээлэл, цуурхалд хариулт болгох үүднээс мэргэжлийн хүний байр суурийг бид чухалчиллаа. 

-Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач. Та хаана, ямар мэргэжил эзэмшсэн бэ?

-Уншигч олондоо энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Намайг Даваасүрэнгийн Сумхүү гэдэг. Миний хувьд 2008 онд Монгол Улсын Их Сургуулийг Физикч мэргэжлээр төгссөн. ОХУ-ын Дубна хотод байрладаг Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд (ЦШНИ) Физик-Математикийн ухааны дэд эрдэмтний зэргээ 2019 онд хамгаалсан. 

-Одоо Дубна хотноо та ямар ажил эрхэлж байна вэ?

-Би Дубна хотод 2011 оны сүүлээр Засгийн газрын томилолтоор ирсэн. Ирсэн цагаасаа хойш ЦШНИ-ийн Нейтроны физикийн лабораторийн цөмийн аюулгүй байдлын группд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байгаад 2021 оноос хойш одоог хүртэл чөлөөт орон тоон дээр эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар ажиллаж байна.

Нейтроны физикийн лабораторид дэлхий дээр цорын ганц байдаг хосгүй өвөрмөц ажиллагаатай хурдан нейтроны импульсийн реактор ИБР-2М гэж судалгааны цөмийн реактор ажилладаг. Би энэ реакторын динамик өөрчлөлтийг туршилтаар болон загварчлалаар тандан судлах судалгааны ажилд оролцож байгаа. Бидний судалгааны ажлын үр дүн уг цөмийн реакторын найдвартай, тогтвортой ажиллагааг үнэлж, цаашид хэрхэн яаж ажиллуулах вэ гэдгийг шийдэж, шууд уялдаатай ажилладаг болохоор ихээхэн сонирхолтой, ач холбогдолтой ажилд тооцогддог.

-Манай улс олон жил яригдсан ураны төслөө оны өмнөхөн урагшлуулж, Хөрөнгө оруулагч талтай гэрээгээ байгууллаа. Та эх орондоо болсон энэхүү үйл явдлыг холоос хэрхэн дүгнэж, харж байв?

-Цаг үеэ олсон чухал үйл явдал гэж харж, хувьдаа ихээхэн олзуурхаж байгаа. Цаг нь болсон. Манай улс ураны нийт тогтоогдсон нөөцөөрөө дэлхийн нийт нөөцийн хоёр хувийг эзэлж, эхний аравт жагсдаг улсын хувьд уран олборлож эдийн засгийн эргэлтэд оруулах нь түүхэн алхам. Бид Казахстан, Узбекстан зэрэг улсаас жишээ авах хэрэгтэй. Учир нь эдгээр орнууд уран олборлоод удаж байна. Казахстан бүр дэлхийд тэргүүлэх байранд явж байна. Тиймээс бид бүхэн энэ бүгдээс суралцаж, улс орноо хөгжүүлэхийн тулд уран болон бусад ашигт малтмалаа байгаль экологид сөрөг нөлөө багатай, хариуцлагатайгаар дэвшилтэд технологи ашиглан олборлож, эдийн засгийн эргэлтэд оруулах нь зөв зүйтэй.  

Манай улсын ураны хүдэр олборлох гэж буй газрын доор уусган олборлох технологи нь дэлхийд танигдсан, шалгарсан технологи. Дэлхийд олборлож буй нийт ураны 50-аас илүү хувийг энэ технологийг ашиглан олборлодог. Зөөвч Овоогийн хувьд газрын доор уусган олборлох технологи нь тохиромжтой гэж мэргэжилтнүүд үзэж, техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулж, тооцоо судалгаагаа хийсэн байсан. Газрын доор уусган олборлох технологийн давуу тал бол уламжлалт ил, далд уул уурхайн өртөг өндөртэй уулын ажлыг хэмнэхээс гадна урантай хамт газрын хэвлийд байдаг цацраг идэвхит ради хэмээх элемент газрын гадарга дээр бараг гаргаж ирдэггүйд байгаа юм. 

Хагас зуун жилийн түүхэнд Олон улсын атомын энергийн агентлаг газрын доор уусган олборлох технологиор уран олборлосноос болж ажилтан цацрагийн шарлагад өртөж өвдсөн тохиолдол бүртгэгдээгүй байна. Олборлосны дараа нөхөн сэргээлтийн ажлаа ерөөсөө орхигдуулж болохгүй. Бүгдийг тогтоосон норм, стандартын дагуу хариуцлагатай, сайтар хяналттай гүйцэтгэх хэрэгтэй. Бусдаар энд өөр ноцтой аюул байхгүй. Шинжлэх ухаан алхам тутам хөгжиж, уран олборлох технологи жилээс жилд улам сайжирч байгааг хэлье.

-Ураны олборлолтод хүхрийн хүчлийн сулруулсан уусмал ашигладаг юм байна. Энэ нь байгаль орчинд ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ. Ийм батлагдсан, бүртгэгдсэн тохиолдол гэж байгаа юу?

-Газрын доор уусган олборлох технологид хамгийн түгээмэл хэрэглэдэг нь хүхрийн хүчлийн уусмал. Энэ технологийг ЗХУ-ын үед туршиж, сайжруулсаар ирсэн бөгөөд одоог хүртэл ашиглах явцад байгаль экологид болон мэргэжлийн хүмүүст сөргөөр нөлөөлсөн, хордсон, хордуулсан зүйл ажиглагдаагүй, бүртгэгдээгүй юм байна лээ. Уран олборлолтын технологиуд дотроос хүрээлэн буй орчинд хамгийн ээлтэй нь манайд ашиглах технологи гэж хэлж болно.

-Ураны олборлолт нь гүний усыг бохирдуулдаг уу?

-Газрын доор уусган олборлох технологиор уран олборлох гэж байгаа бол урьдчилаад маш олон тооны нарийн судалгаа, туршилтын ажлууд шат дараатай хийгддэг. Энэ бүхний үндсэн дээр олборлолтын явцад гүний ус бохирдох уу үгүй юу, бохирдсон тохиолдолд хэрхэн нөхөн сэргээлт хийж хорыг саармагжуулах, цэвэршүүлэх зэрэг арга хэмжээнүүд нарийн стандарт, хяналтын доор явагддаг. Манай улсын хувьд эдгээр судалгаа шинжилгээний ажлуудаа сайтар зохион байгуулж, мэргэжлийн байгууллагуудын дүн шинжилгээнүүд гараад олборлож болно гэж үзсэн учраас л энэ төслөө урагшлуулж, олборлох гэрээгээ хийсэн гэж ойлгож байгаа. Манай уншигчид мэргэжлийн байгууллагуудын нийтэлж буй тайлан тооцоо, мэдээллийг сайтар тунгааж, нягталж байх хэрэгтэй. Сүүлийн үед цахим сувгуудаар эзэн бие, эх сурвалж нь тодорхойгүй, худал, ташаа мэдээлэл санаатай, санаандгүй ихээр цацагдаж, ард иргэдийг төөрөгдүүлж, айдаст автуулж, буруу зөрүү ойлголт их өгч байгаа харагддаг. Манайд хойд хөрш ураныг олборлож л байна. Зарим хүний яриад байгаа шиг ноцтой аюул, сөрөг нөлөөлөл энд гараагүй, салбар нь харин ч эрчимтэй хөгжиж, урагшилж байна.

-Газар доор уусган олборлох аргыг улс орнууд хэр түгээмэл ашиглаж байна вэ. Тухайлбал, Оросууд энэ аргыг хэрэглэдэг үү?

-Дэлхий дээр нийт олборлож буй ураны 50-аас илүү хувийг газрын доор уусган олборлох технологиор олборлож байгаа бол манай хойд хөршийн хувьд 60-аас илүү хувийг энэ технологиор олборлож байна. ОХУ-д дэлхийн нийт ураны нөөцийн 8 орчим хувь нь бий. Харин дэлхий дээр нийт олборлож буй ураны 5 орчим хувийг ОХУ олборлодог. Хоёр үндсэн ордоос газрын доор уусган олборлох тенологийн дагуу олборлолт хийдэг. Энэ хоёр ордын нэг нь Буриадын нутагт бий. Тэнд одоогийн байдлаар байгаль экологид хор хөнөөл учруулсан сөрөг зүйл ажиглагдаагүй. Цаг тухай бүрдээ мониторингийн судалгаагаа хийгээд явж байна.

-Ураны хүдэр олборлоход газар доор уусган олборлох технологи манайх ашиглана. Энэ технологи нь хэр шалгарсан арга вэ?

 -Газрын доор уусган олборлох технологи нь ил, далд олборлолтоос хамаагүй аюулгүй төдийгүй экологид үзүүлэх хор хөнөөл багатай технологи юм. Ураныг олборлохоос аваад боловсруулах, цөмийн цахилгаан станцын түлш хийх, ашигласны дараа хадгалах, дахин боловсруулах хүртэл олон янзын шат дамжлагад нийцсэн хамгаалах, хадгалах, тээвэрлэх олон улсын стандарт гэж бий. Дэлхийн бүх улсад энэ стандартын дагуу урантай харьцаж, ашиглаж байгаа. Шинжлэх ухаан технологи хөгжихийн хэрээр цацраг идэвхит бодис, туяанаас хамгаалах багаж хэрэгсэл, хэрэглэгдэхүүнүүдийг өндөр түвшинд хөгжүүлж ашиглаж байгаа.  

 -Цөмийн технологийг хөгжүүлэх нь яагаад чухал вэ. Тэр тусмаа цахилгаан эрчим хүчээ гаднаас импортоо авч байгаа манай улсад цэвэр эрчим хүч гэж нэрлээд байгаа атомын цахилгаан станц-цөмийн реактор барих боломжтой юу?

-Цөмийн технологи нь хүн төрлөхтний хөгжилд асар их нөлөөтэй, эрчимтэй хөгжиж буй өндөр технологи. Цөмийн технологийн хөгжлийн үр шимийг бид өдөр болгон амьдралдаа ашиглаж, хэрэглэж байна. Манай улсын хувьд эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, хил гааль зэрэг олон салбарт энэ технологийг ашиглаж, үр өгөөжөө өгсөөр, мөн хөгжиж сайжирсаар байгаа. Манай улсын хувьд энэ технологийг нутагшуулж, үр шимийг нь хүртэж буй салбар цөөнгүй бөгөөд хууль эрх зүйн орчноо шат дараатайгаар сайжруулж буй нь сайшаалтай боловч олон нийтийн дунд буй үнэн-худал цуу яриа, хардалт сэрдэлтийн хэтийдсэн байдал газар авч байгаа нь туйлын харамсалтай.

Монгол Улсад цөмийн физик, цөмийн технологи хөгжих үндэс суурийг 1956 оноос хойш Дубнад ажиллаж байсан ахмад эрдэмтэд тавьж өгсөн гэж ойлгодог. Одоо бол манай улс Ази, Европ, Америк зэрэг олон тооны улстай хамтын ажиллагаатай, хамтран ажиллаж байна. Манай МУИС-д цөмийн технологи, цөмийн инженерчлэлийн чиглэлийн орчин үеийн олон улсын программын дагуу мэргэжилтэн бэлтгэж байгаа нь энэ технологи хөгжих бас нэг үндэс суурь болж байгаа.

Манайд эхний ээлжид бага чадлын цөмийн цахилгаан станц барих нь зүйтэй гэж мэргэжилтнүүд үздэг юм байна лээ, тэр нь ч зөв. Боломж нь байдаг бол аль болох эртхэн энэ ажлыг эхлүүлэх хэрэгтэй. Учир нь цөмийн цахилгаан станц барихад дор хаяж 10-15 жил шаардагдана. Манай улс урьдчилсан судалгааны ажлуудаа эртнээс хийгээд явж байх хэрэгтэй. Цөмийн технологи эх оронд маань салбар бүрт үр шимээ өгч, ард иргэд энэ технологийг илүү сайн ойлгож, ач холбогдолыг нь үнэлж, бас залуучууд маань энэ чиглэлээр илүү мэргэшиж Монголдоо төдийгүй олон улсад үнэлэгдсэн, эрдэмтэн, инженерүүд олон болоосой гэж хүсэж байна.

-Цөмийн технологи нь хүн төрөлхтний нэг томоохон ололт, дэвшил. Энэ технологийн талаар та нэмж юу хэлэх вэ?

-Дэвшилтэд технологиуд асар хурдацтай хөгжиж буй энэ цаг үед эх орондоо хөгжүүлэхгүй, орхиж үл болох технологи бол цөмийн технологи юм. Уг технологийн хамгийн чухал нэг төлөөлөл бол цөмийн цахилгаан станц (ЦЦС) юм. ЦЦС-ын бусад дулааны цахилгаан станцуудаас ялгарах гол ялгаа нь хүнд цөмийн задрал явагддаг цөмийн реакторын хэсэг юм. Нэг ёсондоо нүүрс шатаахын оронд тусгайлан бэлтгэсэн цөмийн түлш ашиглах ба зуух нь цөмийн реактор гэж ойлгож болно. Цөмийн реактор нь маш нарийн бүтэц, зохион байгуулалттай инженерийн цогц байгууламж ба эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглахаас гадна шинэ түлш, изотоп үйлдвэрлэх, нейтрон хэмээх эгэл бөөм гаргаж авах зэрэг давуу талуудтай. Цөмийн реакторын түлшний түүхий эд бол уран юм. Байгаль дээр уран хүдэр байдлаар орших ба түүнийг олборлохоос эхлээд боловсруулах, Цөмийн реакторын түлш үйлдвэрлэх, зөөвөрлөх, ашиглах, ашигласан түлшийг хадгалах зэрэг энэ бүх хугацаанд нарийн стандарт, өндөр хяналттай шат дамжлагууд дамждаг.

Уг технологийн хамгийн чухал нэг төлөөлөл бол цөмийн цахилгаан станц (ЦЦС) юм. ЦЦС-ын бусад дулааны цахилгаан станцуудаас ялгарах гол ялгаа нь хүнд цөмийн задрал явагддаг цөмийн реакторын хэсэг юм. Нэг ёсондоо нүүрс шатаахын оронд тусгайлан бэлтгэсэн цөмийн түлш ашиглах ба зуух нь цөмийн реактор гэж ойлгож болно. Цөмийн реактор нь маш нарийн бүтэц, зохион байгуулалттай инженерийн цогц байгууламж ба эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглахаас гадна шинэ түлш, изотоп үйлдвэрлэх, нейтрон хэмээх эгэл бөөм гаргаж авах зэрэг давуу талуудтай. Цөмийн реакторын түлшний түүхий эд бол уран юм. Байгаль дээр уран хүдэр байдлаар орших ба түүнийг олборлохоос эхлээд боловсруулах, Цөмийн реакторын түлш үйлдвэрлэх, зөөвөрлөх, ашиглах, ашигласан түлшийг хадгалах зэрэг энэ бүх хугацаанд нарийн стандарт, өндөр хяналттай шат дамжлагууд дамждаг.

Орчин үеийн техник технологийн хөгжлийн үр дүнд шинэ төрлийн реакторууд эхнээсээ ашиглалтад орж байна. Ингэснээр цөмийн реактораас хаягдал гэж бараг гарахгүй ба нэгнээс нөгөөд шилжүүлэн ашиглах боломж нээгдэж битүү циклээр ашиглана гэж үздэг ба урд өмнө нь хадгалж байсан ашигласан түлшнүүдийг дахин ашиглах туршилт судалгааны ажлууд эрчимтэй явагдаж, амжилттай, үр дүнтэй шийдэлд хүрсээр байна. 
 

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.