Б.Азжаргал: Дархан хот Улаанбаатар хотын ачааллаас хуваалцаж эхэлсэн
Б.Азжаргал: Дархан хот Улаанбаатар хотын ачааллаас хуваалцаж эхэлсэн
-Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй хэрэгжсэн төслүүдийн үр өгөөжийг Дарханчууд хүртэж эхэлсэн-
 
Азийн хөгжлийн банкнаас зохион байгуулсан хэвлэлийн аян Дархан-Уул аймгаас эхэлсэн юм. Энэ үеэр Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалтай бид ярилцлаа. Тус аймагт АХБ-ны дэмжлэгтэй хэд хэдэн төсөл амжилттай хэрэгжсэн байна. Тухайлбал, Дарханы төв цэвэрлэх байгууламж болон Дархан-Улаанбаатар чиглэлийн авто зам, нэг ээлжиндээ 960 хүүхдийн суудалтай эко сургууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв үүд хаалгаа нээгээд байна. 
 
-Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй хэчнээн төсөл танай аймаг хэрэгжсэн бэ. Төслийн үр дүнг хэрхэн үнэлж дүгнэх вэ?
 
-Азийн хөгжлийн банкны хамт олонд аймгийн Засаг даргын хувиар болон нийт Дарханчуудынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Өнөөдөр манай Дарханд хамгийн сүүлд хэрэгжиж дууссан 960 хүүхдийн суудалтай ерөнхий боловсролын эко сургууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв цаг хугацаандаа ашиглалтад орж, үр өгөөжийг нь манай Дарханчууд хүртэж эхэлсэн байна. 960 хүүхдийн сургууль гэхэд Дархан хотын өсөн нэмэгдэх хэрэгцээг хангаад зогсохгүй сургуулийн ачааллыг бууруулахад маш том үр дүнгээ өгсөн төсөл болсон. Энэ намар хүүхдүүдээ хүлээж авсан бөгөөд хоёр ээлжиндээ 2000 орчим хүүхдийг сургах бүрэн боломжтой.
May be an image of hospital
Бүс нутагт сургалтын ачааллыг тэнцвэржүүлж, гурван ээлж рүү орох гэж байсан сургуулийн ачааллыг бууруулж, орчин үеийн стандартад авчирсан. Бүх анги танхим нь тэр стандартад нийцсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийг зургаан аймагт байгуулсан. Үүний нэг нь Дархан-Уул аймагт нээгдсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн маань хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн, өөрсдийгөө хөгжүүлэх, ажлын байраар хангагдах, сургалтад хамрагдах, хөгжих, улмаар тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэсэн.
No photo description available.
Та бүхэн яваад ирсэн Дархан-Улаанбаатар хотыг холбосон авто замын төсөл маш чухал төсөл байсан. Хэдий цар цахал, зохион байгуулалттай холбоотой олон сорилт тулгарсан ч  энэ төсөл амжилттай хэрэгжиж ашиглалтад орсноор өнөөдөр үр дүнгийг нь иргэд хүртэж, Улаанбаатарын төвлөрлийг бууруулах, Дархан хот дагуул хот болон хөгжих эхлэл тавигдсан. Үр дүн нь шууд гарч байгаа. 
 
-Дархан-Улаанбаатарыг холбосон авто зам ашиглалтад орсноор ямар өөрчлөлт орон нутагт мэдрэгдэж байна вэ. Тухайлбал...?
 
-Засгийн газрын шийдвэр гарч, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг манай аймаг руу нүүлгэсэн. Энэ шийдвэртэй хамт 21 аймгийн хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л компани, аж ахуйн нэгж, хувийн хэвшил Дарханд зочлон ирж байгаа. Түргэн шуурхай ирэх боломжийг энэ зам бүрдүүлж байна гэсэн үг. Тус замаар зорчиж байгаа иргэд болон ачаа эргэлтийн тоо, урсгал эрс нэмэгдсэн. 2023 онд зам бүрэн ашиглалтад ороогүй байхад иргэдийн сэтгэл ханамжийн судалгаагаар манайх 21 аймгаас ачаа тээврийн үзүүлэлтээр 20-дугаарт эрэмбэлэгдсэн. Өөрөөр хэлбэл, хамгийн сүүлийн байранд орж байсан бол 2024 онд сэтгэл ханамжийн судалгаагаар эрс өөр дүн гарч, бизнес эрхлэгчдийн хувьд ачаа эргэлт нэмэгдэх, ачаа эргэлтийн таатай нөхцөл бүрдсэн гэж үнэлсэн.
Дархан-Уул аймаг бизнес эрхлэлтийн үр өгөөжөөр улсдаа өрсөлдөх чадварын судалгаагаар тэргүүлж байгаа. Үүний гол үндэс нь тээвэр ложистикийн үндсэн системийг сайжруулах Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжсэн авто замын төсөл. Азийн хөгжлийн банк энэ төслийн нэг эгнээ дээр оролцсон.
 
-Зам дагаж хөгжил гэдэг. Цаашид Дарханы төдийгүй бүс нутгийн хөгжилд ямар нөлөө үзүүлэх бол...
 
-Энэ зам зөвхөн Дарханчуудаар зогсохгүй хойд бүсийн иргэдийн амьжиргааны гол тулгуур, бизнес эрхлэх, аялал жуулчлал, ачаа тээвэр ложистикийн хамгийн том маршрут гэдгийг сүүлийн нэг жилийн хугацаанд харуулж байна. Зам ашиглалтад орсноор төвлөрлийг сааруулах боломж бүрдэж байна. Дарханд бизнесүүд ирэх, аж ахуйн нэгжүүд үйлдвэрээ, салбараа байгуулах, үйл ажиллагаагаа тэлэх, Дарханд иргэд шилжин ирж ажиллаж, амьдрах боломжийг тэр хэрээр олгож байна.
 
Дархан хотод барилгын салбарын үйлдвэрлэл сүүлийн хоёр жилийн хугацаанд эрчимттэй нэмэгдэж байна. Одоо 30 гаруй байршилд шинэ төслүүд хэрэгжиж байна. Төвлөрөл бий болж байна. Таталцал бий болж байна гэсэн үг. Таталцал бий болоход Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын бүтээн байгуулалт үндсэндээ шууд нөлөөлж байна.
May be an image of text
-Нийтийн аж ахуйн томоохон төсөл хэрэгжсэн нь Дарханы төв цэвэрлэх байгууламж юм байна. Энэ төслийн үр дүн, хэрэгцээ шаардлагыг та бүхэн хэрхэн дүгнэж байгаа вэ?
 
-Хоёр дахь том бүтээн байгуулалт бол яах аргагүй "Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл". Энэ төслийн хүрээнд Дархан хотын бохир усны менежментийн дэд бүтэц, үйлчилгээг сайжруулах нүсэр ажил хийгдсэн л дээ. Энэ төслөө үр дүнтэй хэрэгжүүлэхэд олон саад, даваа, бэрхшээлийг бид хамтдаа туулсан. Хэдий ийм боловч төсөл маань амжилттай хэрэгжсэн. Төсөл одоо 98.5 хувийн гүйцэтгэлтэй, лагийн байгууламж дээр туршилтын ажил хийгдэж байгаа. Бусад ажил нь бүрэн дуусаж, үр дүнг нь хүртэж эхэлсэн.
 
Төслийн хүрээнд орчин үеийн технологи бүхий бохир ус цэвэрлэх байгууламж, ариутгах татуурга, насосны станцуудыг шинэчлэх, байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх зэрэг ажил энд хамт хийгдсэн. Төв цэвэрлэх байгууламж иж бүрнээр шинэчлэгдсэн гэсэн үг. Энэ бол Дархан хотын ирээдүйн өсөн нэмэгдэх хэрэглээг хангах чухал инженерийн байгууламж. Өнөөдөр манай бохир усны хэрэглээ 7-8 мянган шоо метр. Шинэ цэвэрлэх байгууламж 24 мянган шоо метр хүчин чадалтай.
 
Манай хуучин цэвэрлэх байгууламж 1965 онд баригдсан, хуучирсан тоноглолд эвдрэл гэмтэл ихээр гардаг байсныг 2017 онд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр шинэчлэлийн ажлыг эхлүүлж өнгөрсөн жил ашиглалтад хүлээн авсан. Уг шинэчлэл хийгдсэнээр Дархан хотын хүн ам 3 дахин нэмэгдэхэд ч төв цэвэрлэх байгууламж ачааллаа дааж, бохир усыг 95 хувь хүртэл цэвэршүүлэн хэвийн ажиллах боломжтой болсон.
May be an image of 1 person and oil refinery
 
-Тэгэхээр Дархан дагуул хот болон хөгжих, төвлөрөл бий болоход цэвэрлэх байгууламжтай холбоотой хүндрэл бол үүсэхгүй нь гэж ойлголоо. 
 
-Тийм ээ. Дархан хот тэлэх, аж үйлдвэр хөгжих том суурь боломжийг нь бүрдүүлж өгсөн. Төсөл хэрэгжсэнээр Дарханд ирээдүйн дэд бүтэц бүхий орон сууцны хороолол, дэд бүтэц бүхий аж үйлдвэрийн паркууд бий болох нөхцөл бүрдсэн. Төслийн үр өгөөжийн хүрээнд Монгол Улсад анхны гэж хэлж болох 95 хувь цэвэршүүлсэн усыг байгальд гаргаж байгаа. Үүгээрээ бид их олзуурхаж байгаа. Олон техник, тоног төхөөрөмж шинэчлэгдсэн, сургалт, боловсон хүчнийг бэлдсэн. Сэтгэл ханамж маш өндөр байгаа.
 
Орон нутгийн зүгээс цаашид Азийн хөгжлийн банктай хамтарч хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт гар бие оролцож, хамтарч ажиллахад бэлэн байна. Төв цэвэрлэх байгууламж руу тавих авто замын ажлыг энэ жил эхлүүлсэн. Эхний ээлжинд нэг км авто зам тавигдсан. Ингэснээр цэвэрлэх байгууламжийн орчим, зам дэд бүтэц нь сайжрах юм. Энэ нь олон улсын санхүүжилттэй хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүдийг орон нутаг дэмжин ажиллаж буйн илрэл. Ирээдүйн Дархан хотын төвлөрөл, ачааллыг цэвэрлэх байгууламж саадгүй давахад ямар ч асуудалгүй болж байна. 
 
-Дарханы эдийн засаг ямар бүтэцтэй байна вэ?
 
-Дархан-Уул аймгийн эдийн засгийн бүтцийг авч үзвэл 43 хувь нь үйлчилгээний салбар, 47 хувь нь үйлдвэрлэлийн салбар, үлдсэн 10 хувь нь хөдөө аж ахуйн салбар. Манай эдийн засгийн бүтэц нь их эрүүл. Үйлчилгээ болон үйлдвэрлэлийн салбар нь ойролцоо хувь эзэлдэг. Зам дэд бүтэц сайжирч Дархан-Уул аймагт улсын болон бүс нутгийн олон арга хэмжээ амралтын өдрүүдэд байнга шахуу зохион байгуулагдаж байна. Энэ болгон нь бизнесийн орчинд том нөлөө үзүүлж байгаа. Зочид буудлын бизнес, нийтийн хоолны салбар, үйлчилгээний салбарт энэ нь хөрөнгө оруулалт болон үлдэж байна.
 
Дархан-Уул аймаг улсад орлого төвлөрүүлдэг зургаан аймгийн нэг. Энэ жил 1.3 тэрбумыг төвлөрүүлэхээр байгаа. Үндсэндээ орлогыг бүрдүүлэхэд томоохон үйлдвэрлэл нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр, боловсруулах үйлдвэр, үйлчилгээний байгууллагууд нөлөө үзүүлж байна. Төсвөө манайх өөрсдөө бүрдүүлээд, өөрсдөө зарцуулж ирсэн. 
 
-Хүнд, хөнгөн аж үйлдвэр хөгжих боломж хэр бүрдэж байна вэ. Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Дархан нэхий гээд суурь тулгуур үйлдвэр нь байна. Эдгээрийг дагаад шинэ үйлдвэр, шинэ ажлын байр бий болох боломж хэр нээгдэж байна вэ?
 
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Засгийн газрын шийдвэрээр Дарханд ирлээ. Үүнтэй холбоотой жижиг, дунд үйлдвэр хөгжих нөхцөл бүрдэнэ, хоёрдугаарт бидний хүсэн хүлээж байгаа Дархан арьс ширний цогцолбор урагшилна гэсэн хүлээлттэй байна. Хувийн хэвшил нь салбар яамтайгаа тохиролцоонд хүрчихвэл энэ ажил урагшлах маш том боломж харагдаж байгаа юм.
 
"Монгол ган" цогцолбор буюу Дархан төмөрлөгийн үйлдвэрт хэрэгжих төсөл, Үйлдвэрлэл, технологийн паркийн асуудал мөн ид яригдаж байгаа. Үйлдвэрлэл, технологийн парк аймгийн ИТХ-аар орох учиртай. Бидний харж байгаа хамгийн том хоёр мега төсөл бол энэ. Гаднын хөрөнгө оруулалттай ноос боловсруулах үйлдвэр байгуулагдахаар болж, газар нь олгогдсон. Ирэх хавар ажлаа эхлүүлэхээр байгаа.
 
МАК-ийн барилгын материалын маш том цогцолбор Дархан-Уул аймагт төсөл нь хэрэгжээд явж байна. Ирэх хавар ашиглалтад орно. Барилгын салбарын үйл ажиллагаа маш эрчимтэй хөгжиж байгаа. Анх Дархан хотыг байгуулахдаа барилгын материал бэлдэц, үйлдвэрийн хот гэж байгуулагдсан. Зөвхөн Дархан хотдоо хязгаарлагдахгүй Эрдэнэт, Хөтөл, Улаанбаатар хотыг барилгын материалаар хангах ийм суурь бааз болж байгаагаараа их онцлог.
 
-Шинэ цэвэрлэх байгууламж эдгээр боловсруулах үйлдвэр болон төвлөрлийн ачааллыг бүрэн даах уу?
 
-Цэвэрлэх байгууламж эдгээр үйлдвэрээс ирэх ачааллыг бүрэн даана. Тухайлбал, арьс ширний цогцолбор дэргэдээ бохир усаа цэвэрлэх байгууламжтайгаар зураг төсөл нь хийгдээд явж байгаа. Бусад жижиг дунд үйлдвэр төв цэвэрлэх байгууламж төсөлд бүрэн хамрагдаад явах бололцоотой. Манайх 7-8 мянган шоо метр бохир усыг цэвэрлэж, татан зайлуулж байна. Энэ хэмжээг 3 дахин нэмэгдүүлэх боломж нь байна. Дулааны шугам сүлжээнийхээ 85 хувийг ашиглаж байгаа. Энэ нь өсөн нэмэгдэх хэрэгцээг ирээдүйд хангаж хүчрэхгүй. Тиймээс ирэх дөрвөн жилийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөрт Дарханы хоёрдогч цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг, ялангуяа дулааны станцыг барих шаардлага үүсэж байна.
 
Өнөөдрийн байгаа нөөцөөрөө бид 120 мянган хүндээ болно оо гээд хараад сууж болохгүй. Хот өөрөө тэлж, 200, 300 мянган хүн амтай болох учраас ирээдүйн төлөвлөлтийг одооноос олж харж, хоёрдогч эх үүсвэрийн ТЭЗҮ-ийг ирэх онд хийхээр улсын төсөвт багтсан. Дарханы нэг онцлог нь зөвхөн Дарханы 100 гаруй мянган иргэн энд амьдардаг биш Сэлэнгэ аймгийн зэргэлдээ сумдын иргэд бүгд энд ажил амьдралаа явуулж, хоршиж амьдардаг. Энэ хэрээр үйлдвэр, үйлчилгээний салбар хөгжих давуу байдлыг бий болгож байна.
 
-Уул уурхайн салбарт, тэр тусмаа хүнд аж үйлдвэрийн салбарт танайх ямар бодлого баримталж байна вэ. Үүнээс гадна бичил уурхайг орон нутгийн зүгээс ямар бодлогоор зохицуулж байна вэ?
 
-Хүнд үйлдвэрийн хувьд төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн үйлдвэрлэл, технологийн парк яригдаж байна. Улсын хэмжээнд зургаан байршилд энэ паркууд төлөвлөгдөж байна. Үүний нэг нь  Дарханд хэрхэн хөгжүүлэх талаар манай ИТХ-аар хэлэлцэж шийдвэр гарна. Хэрхэн яаж хөгжүүлэх, төмөрлөгийн үйлдвэртэйгээ хэрхэн хоршиж ажиллах уу гэдэг нарийн асуудал яригдах учраас тоймтой хариулт яг одоо өгөх боломжгүй байна.
 
Боловсруулах үйлдвэрлэлийг бид аль болох л дэмжиж ажиллахыг зорьж ирсэн. Үүний цаана ажлын байр бий болно, иргэдийн амьжиргаанд ч эерэг сайн нөлөө авчирдаг. Орон нутгийн хөгжилд тэр хэрээр эдийн засгийн үр ашиг дагуулдаг. Тэр тусмаа барилгын материал үйлдвэрлэл, түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглах, түүгээр дамжуулж барилгын материал үйлдвэрлэлийг бүрэн дэмжиж ажиллаж байгаа.
 
Өмнө нь дурдсан хувийн хэвшлийн томоохон төслүүд энд хэрэгжиж байна. Харин бичил уурхайн чиглэлд бид хатуу бодлого барьж, орон нутгаас алт олборлох шинэ газар олгохгүй байх байр суурьтай байгаа. Бичил уурхайн асуудал нэлээд замбараагүй явж ирсэн, байгаль орчинд асар их сөрөг нөлөө үзүүлсэн, хохирол учруулсан асуудал байгаа. Тодорхой хэмжээнд нөхөн сэргээлтийн ажил сүүлийн жилүүдэд эрчимжсэн. 
May be an image of 2 people, newsroom and text
 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.