Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцтай санхүүгийн салбарын хүрээнд хийхээр төлөвлөж буй онцлох ажлууд болон цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-Юуны өмнө Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилогдсон Танд ажлын амжилт хүсье. СЗХ зээлийн хүүг бодитой түвшинд бууруулахад хөрөнгийн зах зээлийг гүйцэтгэх үүрэг өндөр байдаг гэж сонсож байсан. Хөрөнгийн зах зээлд ямар ажлууд хийх вэ?
-Монгол Улс банкны зээлээс хэт хамааралтай санхүүжилтийн бүтэцтэй. Харин хөрөнгийн зах зээлийн оролцоог нэмэгдүүлж, санхүүгийн эх үүсвэрийг төрөлжүүлэн зээлийн хүүг тодорхой хэмжээгээр бууруулах бүрэн боломжтой. Зээлийн хүү бууруулах стратегийн хүрээнд бид хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагуудын шимтгэл, хураамжийг үе шаттай бууруулж, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчдад татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн эрх зүйн орчныг бүрдүүлээд хэрэгжүүлж эхэлсэн.
Биржийн бус зах зээлээр сүүлийн 3 жилийн хугацаанд 148 компани бонд гаргаж 3.4 их наяд төгрөг, 117.5 сая ам. долларыг амжилттай татсан. Харин өнгөрсөн онд хөрөнгийн зах зээлийн нийт арилжааны 57.8 хувь буюу 913.1 тэрбум төгрөгийг компаниудын нийтэд гаргасан бонд эзэлж байна. Хөрөнгийн бирж, биржийн бус зах зээлд давхардсан тоогоор 102 компани 2.8 их наяд төгрөгийг бондын зах зээлээс татан төвлөрүүлсэн нь банкны жилийн дундаж хүүгээс 7 пунктээр бага эх үүсвэрийн санхүүжилтийг босгосон байна. Эндээс харахад бонд нь компаниудад шаардлагатай санхүүжилтийг банкны зээлийн хүүгээс бага зардлаар татан төвлөрүүлэх, хөрөнгө оруулагчдад эрсдэл багатай санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах боломжийг олгож байна. Иймээс хөрөнгийн зах зээл, биржийн бус зах зээлд энэ ажиллагааг хялбаршуулж, бондоор санхүүжилт татан төвлөрүүлэх хэмжээг 1-2 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна. Үүний үр дүнд жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд бодит дэмжлэг болж, тэдгээрийн эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмэр, үүрэг дээшлэх болно гэж үзэж байна.
Мөн компаниудад өрийн дарамтгүйгээр санхүүжилт татах нэг хэлбэр бол хувьцаагаа санал болгож, санхүүжилт татах арга юм. Энэ үйлчилгээ нь зээлдүүлэгч, хөрөнгө оруулагчдын хооронд зуучлагчийг багасгаж, санхүүжилтийн зардлыг бууруулж, хямд эх үүсвэрийн өрсөлдөөнт орчныг бүрдүүлдгээрээ уламжлалт банкны зээлээс илүү давуу талтай байдаг. УИХ-аас Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, эдгээр яригдаж байгаа зарим асуудалтай холбоотой суурь эрх зүйн орчныг шинээр бүрдээд байна. Үүнээс гадна СЗХ-ны зүгээс банкны салбарын хөрөнгийн зах зээлд орох боломжийг нэмэгдүүлж, мөнгөний захын санхүүгийн хэрэгсэл болох хадгаламжийн сертификатыг хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх, гарааны болон жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжсэн хувьцааны хамтын санхүүжилтийн тогтолцоог ойрын хугацаанд бий болгохоор ажиллаж байна. Хорооноос үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын итгэлцлийн санг /REITs/ хөгжүүлэх зохицуулалтын орчныг үүсгэхээр ажиллаж байна. Үүний үр дүнд үл хөдлөх хөрөнгийн салбараар дамжуулан хөрөнгийн зах зээлийг төрөлжүүлж, орон сууц, худалдааны төв, оффис зэрэг үл хөдлөх хөрөнгийг хөрөнгө оруулагчдад илүү хүртээмжтэй, эрсдэл багатай байдлаар санал болгох боломжийг бүрдүүлнэ гэж харж байна.
-Олон улсын туршлагаас харахад даатгалын салбар нь иргэд, компаниудыг санхүүгийн хүндрэлд орохоос сэргийлэх мөн эрсдэлийг хуваалцах замаар төрийн ачааллыг бууруулахад дэмжлэг үзүүлдэг ач холбогдол бүхий салбар гэж тооцдог. Иймд даатгалын салбарын хувьд ойрын хугацаанд ямар ажлуудыг голлон хийхээр төлөвлөж байна вэ?
-Санхүүгийн зах зээлийн нэг тулгуур багана бол даатгал. Даатгал нь аливаа эрсдлийг нь хүлээн авч, санхүүгийн аюулгүй байдлыг хангадаг, томоохон хуримтлал бүхий эрсдлийн сан юм. Даатгалын салбарт жилдээ дунджаар 400 гаруй их наяд төгрөгийн үнэлгээ бүхий эрсдэлийг даатгадаг. Даатгалын салбарын гол тоон үзүүлэлтүүдийг олон улсын түвшинтэй харьцуулахад сул байгаа. Иймээс салбарын хууль, эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах, салбарын хөгжлийг дэмжих зорилгоор гол, гол хуулиудад өөрчлөлт оруулахаар холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байна. Эрх зүйн орчны энэхүү шинэчлэлээр технологид суурилсан илүү хүртээмжтэй даатгалын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, нөхөн төлбөр авах процесс хялбар болгох, амьдралын даатгалыг дэмжсэн зохицуулалтын орчныг бүрдүүлэх, давхар даатгал болон даатгалын эрсдэл шилжүүлэх арга хэрэгслийг тодорхой болгоно. Түүнчлэн даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү хялбар, ойлгомжтой байдлаар боловсруулах, ойлгуулж, тайлбарлаж таниулах, мэргэжлийн байгууллагууд зах зээлд ёс зүйтэй, зүй зохистой ажиллах шаардлагыг тавих, шаардлагагүй олон баримт бичиг, тодорхойлолтыг даатгуулагчаас шаардаж байгаа үйлдэлийг зогсооно.
-Та олон тулгуурт даатгалын тогтолцоог бий болгох талаар дурдлаа. Энэ хүрээнд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Салбарын өнөөгийн нөхцөл байдлыг бүтэц, төвлөрлийн хувьд дүгнэн харвал, ердийн даатгал давамгайлсан буюу нийт хураамжийн орлогын 99 хувийг ердийн даатгалын хураамж эзэлдэг бол урт хугацааны даатгалын хувьд ердөө 1 хувийг эзэлж байна. Гэтэл даатгалын зах зээл өндөр хөгжсөн орнуудын хувьд урт хугацааны даатгал 55 орчим хувийг эзэлдэг статистик үзүүлэлт бий. Гэтэл манайд энэхүү чухал даатгалын бүтээгдэхүүнд хамрагдалт бага байдаг.
Амьдралын даатгал нь хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотойгоор урт хугацаанд хийгддэг даатгал тул урт хугацаандаа үр ашигтай, тогтвортой үйл ажиллагаа явуулах шаардлагатай байдаг. Тухайлбал, урт хугацааны даатгалын анхны компани 2008 онд байгуулагдаж байсан бол 14 жилийн дараа буюу 2022 онд 2 дахь урт хугацааны даатгалын компани байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Үндсэндээ өрсөлдөөн харьцангуй сул юм. Иймд амьдралын даатгалыг хөгжүүлэх хүрээнд хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, хувийн тэтгэврийн хуримтлалыг бодлогоор дэмжих чиглэлд Хороо нэлээдгүй арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
-ББСБ-ын салбарыг хөгжүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ?
-Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль 2002 онд батлагдаж байсан. Энэ хууль 23 жилийн хугацааны хөгжлийн үе шат бүрд үүргээ гүйцэтгэсэн одоо зах зээлийн хөгжилтэй уялдуулан шинэчлэх, хэрэгцээ, шаардлага, цаг нь болсон. Иймд бид Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Энэ хуулийн төсөл батлагдсанаар ББСБ-уудыг үйл ажиллагааны төрлөөр нь “Итгэлцлийн ББСБ”, “Зээлийн ББСБ”, “Факторингийн компани” болон “Валют арилжааны компани” гэж 4 ангилах замаар мэргэшсэн институт болгох, тусгай зөвшөөрлийн тоог бууруулах, технологид суурилсан шинэ бүтээгдэхүүн нэмэгдэнэ. Тухайлбал, “Факторингийн компани”-ын хувьд жижиг, дунд бизнес эрхлэгчдийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх, барааны эргэлтийг сайжруулах, борлуулалтыг нэмэгдүүлэхээс гадна барьцаагүй, хүү багатай байгаль орчинд ээлтэй санхүүгийн шийдлийг хэрэгжүүлэх боломжтой болно.
-УИХ-аас зээлийн хүүг бууруулах чиглэлд онцгой анхаарал хандуулж чиг үүргийн байгууллагуудадаа үүрэг болгосон. Танай байгууллагын хувьд, тэр дундаа ББСБ-уудын зээлийн хүүг бууруулах чиглэлээр ямар, ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ. ББСБ-уудын эх үүсвэрийн зардлыг бууруулах чиглэлээр ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Зээлийн хүү нь хувь хүн, өрхийн хэрэглээнд худалдан авалтын, компаниудын хувьд хөрөнгө оруулалт, санхүүжилтийн шийдвэр гаргахад шууд нөлөөлдөг. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар эрх бүхий этгээдээс олгох зээлийн хүүг зах зээлийн нөхцөлд уялдуулан харилцан тохиролцож өөрсдөө тогтоох зохицуулалтай байдаг. Бид зээлийн хэт өсөлтийг хязгаарлах, иргэд олон нийтийг өрийн дарамтад орохоос сэргийлэх зорилгоор хэрэглээний зээлийн бүтээгдэхүүнд өр, орлогын болон зээл үнэлгээний харьцааг тогтоосон. Энэ нь иргэдийг өрийн дарамтад оруулахаас сэргийлэх, хэрэглээний зээлээс бизнесийн зээл рүү чиглүүлэх, иргэд өрөөр биш ажил эрхэлсэн орлогын өсөлтөөрөө хэрэглээгээ нэмэгдүүлэх санхүүгийн зан төлөвийг бий болгох юм.
Иргэд, компаниуд банкны секторын зээлийн шалгуурыг хангаж чадахгүйн улмаас ББСБ-ын салбарын хэрэглээний зээлийн эрэлт нэмэгдэж байна. Энэхүү эрэлтийг хангахын тулд ББСБ-ууд өртөг өндөртэй эх үүсвэрийг татаж байна. Тухайлбал, ББСБ-ын санхүүжилтийн 4 төрлийн эх үүсвэрийн бүтцэд судалгаа хийж үзэхэд, эх үүсвэрийн жигнэсэн дундаж хүү жилийн 18.9 хувь буюу сарын 1.6 хувь хүүтэй байгаа нь зээлийн жигнэсэн дундаж хүү өсөхөд нөлөөлж байна. Иймд урт хугацаатай, өртөг багатай олон улсын болон дотоодын байгууллагуудын хөрөнгө оруулалтыг бодлогоор дэмжих, зорилтот бүлэгт чиглэсэн оновчтой санхүүжилтийг бий болгох замаар жижиг, дунд, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг тэтгэх гол суваг болгож зээлийн өртгийг бууруулахаар зорьж байна.
-Гадны орнуудад зээлийн хоршоо нь орон нутгийнхаа иргэдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг чухал байгууллагын нэг гэж сонсож байсан. СЗХ-ны хувьд энэ салбар дээр ирэх жилүүдэд ямар өөрчлөлт хийхээр төлөвлөж байна вэ?
-Хадгаламж, зээлийн хоршоо дэлхийд үүсэж хөгжөөд 150 гаруй жилийн хугацааг туулаад байна. Дэлхийн улс орнууд бичил, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч зэрэг зорилтот бүлгийг банкнаас бусад санхүүгийн байгууллага буюу хоршоогоороо дамжуулан санхүүжүүлж аль алийг нь дэмжиж ирсэн. Харин манайд хадгаламж, зээлийн хоршоод үүсэж хөгжөөд 25 дахь жилдээ орж байна. 2005 онд 900 гаран хоршоо бүртгэлтэй байсны 30 орчим нь дампуурч, дийлэнх нь татан буугдсан. Тус хоршоодын дампуурал нийгэмд хүчтэй сөрөг нөлөө үзүүлж, салбарт үл итгэх байдлыг бий болгож байсан тул УИХ-аас 2011 онд Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийг баталснаар ХЗХ-дын үйл ажиллагаа харьцангуй тогтворжсон. Гэхдээ салбарын хөгжлийг дараагийн шатанд гаргахын тулд нэг шатлалт хамгаалалтын тогтолцооноос гурван давхар бүхий тогтолцоонд шилжүүлэх шаардлагатай.
Хадгаламж, зээлийн хоршооны зах зээлийн найдвартай байдал, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг хамгаалахын тулд дэлхийн улс орнууд 2-3 давхар хамгаалалтын тогтолцоог бий болгодог. Эдгээр нь нөөцийн сан, тогтворжуулалтын сан, хадгаламжийн даатгал юм. Олон давхар хамгаалалтын тогтолцоог үе шаттайгаар нэвтрүүлснээр салбарын нэгдсэн бодлого, удирдлагын дор төрд үүсэх дарамтгүйгээр салбарыг тогтвортой хөгжүүлж, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж, зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Улс орнууд иргэдийн хадгаламжийг хамгаалах үүднээс банк, хадгаламж, зээлийн хоршоо ялгалгүй хадгаламжийн даатгалд хамруулдаг. Бид цаашид салбарын нэгдсэн дэд бүтэцтэй, гишүүдийн эрх ашиг бүрэн хамгаалагдсан, санхүүгийн бүрэн үйлчилгээтэй институт бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллана.
Эх сурвалж:"Өдрийн сонин"