ТОМИЛОЛТ: Дачин хүрсэн шалтгаан
2025.02.22
503
ТОМИЛОЛТ: Дачин хүрсэн шалтгаан
Газрын тос боловсруулах үйлдвэр 2027 онд ашиглалтад орно. Энэ үеэс бидэнд жилд 1.5 сая тонн газрын тос хэрэгтэй. Тосгүй бол үйлдвэр ажиллахгүй. Өчнөөн зардал мөнгө, өр зээл тавин босгох үйлдвэрээ тасралтгүй тосоор хангаж, зогсолтгүй үйл ажиллагаа нь явах учиртай. Хугацаа алдахгүй, төлөвлөгөө зөрөхгүй бол 2027 он хол биш ээ. Хоёр жилийн дараа гэхэд үйлдвэр ашиглалтад орсноор тос нэхэж эхэлнэ. Ийм цаг мөч ирэх тул олборлолтоо нэмэх бодит шаардлага газрын тосны салбарт үүссэн. Манайх одоо жилд 500 мянган тонныг л арай гэж олборлож байгаа.
 
Сүүлийн жилүүдэд газрын тосны олборлолтын хэмжээ эрс буурч, хоёр дахин багасаад байгаа нь энэ. Түүхэндээ сая тонныг олборлож байсан алтан үе бий. Одоо тус салбарт шинэ хөрөнгө оруулалт татарсан байна. Салбарын хөгжил удааширч, эрч нь саарсан байна. Иргэний нийгмийн байгууллагын нэрээр хэсэг бүлэг хүмүүс байгаа хэдийнхээ үйл ажиллагааг тасалдуулж, мөнгө төгрөг нэхэн шаналгах, шантаажлах үзэгдэл ч хавтгайрсан байна. Хариуцлагын асуудал ч бүх түвшинд яригдах хэмжээнд тулж ирсэн байна. Эрчим хүчний хүрэлцээ, хязгаарлалт ч нөлөөлж эхэлсэн байна.
 
Түлш шатахуунаар бусдаас 100 хувь хараат орны хувьд газрын тос боловсруулах үйлдвэр нь үндэсний мөрөөдөл юм. Тосгүй бол бидний мөрөөдөл биелэхгүй. Энэ мөрөөдлийг түүхий эдээр тогтвортой хангах гарц, шийдлийг тодорхойлсон томилолт БНХАУ-ын Хармөрөн мужийн Дачин хотоос эхэллээ. Дачин хот нь 60 гаруй жилийн түүхтэй. Газрын тосоо түшиглэн боссон бөгөөд хүн ам нь 3 сая давсан. Эдийн засгийн тэргүүлэх салбар нь уул уурхай, газрын тос. 
 
Цаг агаарын хувьд манайхтай тун ойролцоо. Өвлийн аялал жуулчлалыг өндөр түвшинд хөгжүүлэх болсон Харбин хотоосоо холгүй бөгөөд дунд нь явахад хоёр цаг л зарцуулах юм байна. Дачин хот буй цэлгэр талыг Шавартын хөндий гэж нэрлэдэг бөгөөд 1959 онд хайгуулын үр дүнд энд газрын тосны анхны ордыг илрүүлж, их баяр хөөр болжээ. Тиймээс газрын тосны шинэ суурьшил хотоо "Их баяр" гэсэн утга илэрхийлэх Дачин хэмээн нэрлэж, Хятадын нефтийн аж үйлдвэрийн салбарт шинэ түүх бичигджээ. "Да" нь Их, "Чин" нь баяр гэх утгыг илэрхийлдэг юм байна. Тос илэрсэн жил нь өнөөгийн Хятад улс байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байжээ. 

dachin_2025  

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааны ахалсан томилолтын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүдээс гадна Ашигт малтмал, газрын тосны газар, Дорнод аймгийн төлөөлөл багтсан. Цомхон баг. Хоног хугацаа тун шахуу томилолтын улс эхний өдрөө БНХАУ-ын “Дачин Ойлфийлд” компанийн ТУЗ-ын дарга Жу Гуо Вэнь, Ерөнхий захирал Лю Фен Хэ, Дэд захирал Фан Жүн Лин зэрэг тус компанийн хамаг том удирдлагуудтай төв оффист нь уулзлаа. 
 
Энэ уулзалт нэлээд ажил хэрэгч уур амьсгал дунд идэвхтэй өрнөж, хоёр тал өөрсдийн эрх ашиг, бизнесийн тогтвортой байдлыг бодсон, боловсруулсан тодорхой санал, шийдэл солилцлоо. Дэргэдээс нь харж, ажиглаж суусан сэтгүүлчийн хувиар дүгнэхэд, газрын тосны салбарт энэ уулзалт томоохон өөрчлөлт дагуулах юм байна. Манай тал ч хэрсүү болж, айлын тал ч айхтар хэвээр. Яриа хэлцэл ерөнхий бус маш ойлгомжтой, хэмжиж болохуйц санал дээр огтлолцсон юм. Талуудын эрх ашиг ч уулзсан хэрэг.
 
Хоёр тал өнгөрсөн хугацааны хамтын ажиллагаандаа бодитой дүгнэлт хийж, цаашид хэрхэн түншлэх, түншийн харилцаагаа яаж бэхжүүлэх, шинэ шатанд гаргах хүсэл сонирхлоо ч ний нуугүй илэрхийлсэн. Бүтээгдэхүүн хуваах гэрээ, газрын тосны олборлолт, татварын маргаан, акт, орон нутгийн харилцаа, байгаль орчин, хайгуул судалгаа тус уулзалтын түлхүүр үг байлаа. Бүтээгдэхүүн хуваах гэрээ болон бусад хууль эрх зүйн уялдаа холбоог сайжруулах, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах ажилд манай тал анхаарч эхэлсэн юм билээ. 
 
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хоёр улсын төр засгийн түвшинд зохион байгуулагдсан дээд хэмжээний уулзалтууд болон Засгийн газрын тэргүүн нарын түвшинд хийсэн уулзалтуудаар талууд ойлголтоо нэгтгэсэн, газрын тосны салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэхээр яриа хэлцэл идэвхтэй явагдаж байгааг жич онцлон тэмдэглэж байсан. Энэ нь хөрөнгө оруулагч, түншлэгч талд ч итгэл төрүүлж, бодитой санал хэлэлцэх хөрс суурь болж байлаа. Яриа хэлэлцээ цаашаа ажил болох үндэс.
 
Тиймээс газрын тосны салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, 2025 онд олборлолтын хэмжээг 750 мянган тоннд хүргэх, түүнчлэн Монгол Улсад хэрэгжүүлж буй газрын тосны үйлдвэрийг түүхий эдээр хангах, хайгуул судалгааны ажлыг эрчимжүүлэх, нөөцийг өсгөх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахыг салбарын сайд хүссэн юм.
 

tuvaan_25-25 

“Дачин ойл фийлд” компанийн тухай өгүүлэхэд 60 гаруй жилийн хөгжлийн түүхэндээ 2.5 тэрбум тонн газрын тосны олборлолт хийсэн бөгөөд үүнээс 9.8 сая тонныг Монгол Улсаас олборлоод байгаа аж. 2005 оноос хойш Тамсагийн төсөлд нийт 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн төдийгүй Монгол Улсын төсөвт 1.1 тэрбум ам.долларын орлого оруулаад байгаа гэдгээ энэ үеэр “Дачин Ойлфийлд” компанийн ТУЗ-ын дарга онцолсон нь санаандгүй ч хэрэг биш юм. УИХ-ын гишүүд болон орон нутгийн төлөөлөл ч үүнийг анзаарч, нэгийг бодож, хоёрыг тунгаасан байх.
 
Түүнчлэн Дорнод аймгийн хөгжлийн сан болон орон нутгийн бүтээн байгуулалтын санд 600 сая ам.долларын хөрөнгө оруулалт оруулаад байгаа гэж нэмж хэлнэ лээ. Уул уурхайн салбарт орон нутгийн харилцаа, байгаль орчны асуудал хамгийн их хичээл зүтгэл шаарддаг. Ярвигтай. Газрын салбарт ч энэ бүхэн давтагдан яригдаж, уулзалтын нэг хөндсөн сэдэв нь байлаа. Ийм үед л ярих, хэлэлцэх асуудлын нэг мөн.
 
“Дачин ойл фийлд” компанийн хувьд урд хөршөөс Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хамгийн том хөрөнгө оруулагч.
 
Дачинд газрын тостой холбоотой үүх түүхийг гэрчлэх юмс олоон. Үзэж сонирхох музей ч цөөнгүй. Түүхийн эзэд, анхдагчдынхаа алдрыг тэд хүндэтгэн дурсаж "Төмөр хүн" гэж музей байгуулсан нь ирсэн хүний сонирхох л ёстой газар санагдсан. Төмөр хүн нь бодит дүр бөгөөд Ван Жиншигийн музей гэдгээрээ басхүү "Төмөр хүн" дахин дахин танигджээ. Ван Жиншиг нь товчдоо тос илрүүлсэн үндэсний баатар юм байна.


tuvaan_2025 

Томилолтын бүрэлдэхүүн уулзалтаас гадна Дачин хотын бүсэд байрлаж буй газрын тосны олборлолтын ил байгууламж, “Дайчин ойл фийлд” компаниийн хайгуул олборлолтын судалгааны хүрээлэнгийн дэргэдэх судалгааны төв лабротори, Синхуогийн цахилгаан станц, 3-р газрын тосны үйлдвэрийн 8-р талбайн дижитал нэгдсэн үйлдвэрлэлийн удирдлагын төвөөр зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан юм. Газрын тосны олборлолтод сэргээгдэх эрчим хүчийг өмнөд хөрш өргөн ашиглаж байна. Дачин хот үүний нэг том жишээ, жишиг аж. Салхин сэнс, нарны дэлгэц том талбай эзэлнэ. Мод бут ч дагалдуулаад энд сүрхий их тарьжээ. 
 
Хотын эргэн тойронд "морин толгой" буюу "донки" чөлөө завсаргүй тонголзох аж. Дачин хотын өргөн чөлөөнд ч, их сургуулийн хүрээнд ч, сургууль, цэцэрлэгийн бүр хажууд, орон сууцны дэргэд ч өнөө "тонголзуур" нь тосоо олборлож, эдийн засгаа тэтгэж байх юм билээ. Манай "эх орончид" газрын тосны олборлолт хүн байгальд хортой гэж их лайвддаг. Үүнд зарим нь бас итгэдэг. Итгэдэг учраас тэр мэдээллийг бусдад хуваалцаж, нягтлахгүй түгээдэг. Гэтэл Хятадад, Дачинд тэс өөр зураглал нүдэнд бууж, хөгжлийн дараагийн үе шат яригдаж байна. Бид хөгжлөөс их л хоцорч яваа гэдгээ хажууд айлд ирэх тоолонд мэдрэх. 
 
Газрын тосны салбарт хиймэл оюун ухаан хүн түрэн орж ирж, ухаалаг систем их ачааллыг хүнтэй хамт нугалж байна. Газрын тос олборлох нь байгаль орчин, хүн амьтанд хортой, сөрөг нөлөөтэй байсан бол Хятадууд 3 сая иргэнээ ингэж л эрсдэлтэй, цаг агаарын хүнд нөхцөлтэй бүсэд үлдээхгүй байсан биз ээ. Газрын тосоороо алдартай Дачин хотод өдөр болгон 20 гаруй мянган "морин толгой" ажиллаж, олон мянган хүний ажил, амьдрал, бизнест "хар алт" өсөлт, хөгжлийн хөшүүрэг, өөдлөх тулах цэг нь болж байна. Монгол Улс мөдхөн "хар алт"-аараа түлш шатахуун үйлдвэрлэх цаг айсуй. Тосоо бэлдэхэд цаг хугацаа ч орно. 1.5 сая тонн шүү дээ, жилд. Тиймээс л одооноос шамдах, шамдуулах түмэн шалтгаан Дачинд авчирсан хэрэг.
 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.