...Хамтарсан Засгийн газар хоёр дахь /эхнийх нь уран/ түүхэн төслийн хэлэлцээрийг дөнгөж өчигдөр байгуулж, олон жил яригдсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох ажил бүтээн байгуулалт руу шилжих цаг мөч ойртлоо. Улс төрийн өрөг дээр байнга л "хөзөр" болж ирсэн төмөр замын хил холболт улс орны хөгжилд ч, хөрөнгө оруулалтын орчинд ч, бусад төслүүдэд ч түгжээ нь болж байсан. Харин энэ бүхэн одоо улирч, шинэ хүлээлт үүслээ.
1072 хувьцааны ногдол ашиг нэмэгдэх эсэхийг шийдэх хоёр улсын хэлэлцээр баталгаажиж, Үндэсний баялгийн сангийн орлого, хуримтлалын эх үүсвэр нээгдлээ.
Гэрээний алдаа, оноо, ашиг тус, үр өгөөж ирэх жилүүдэд улам тодорно. Тодорхой болно. Хэлэлцээрийн "чанар" мэдэгдээд ирнэ. Гэрээний нөхцөл цаашид ч онцгой сонин байх болно. Талууд ямар хэлэлцээр Харбинд үзэглэв, гэрээн дотор Монголын эрх ашиг, ирэх орлого, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хэт ирээдүй хэрхэн тусгагдсан гээд урт яриа одоо л эхэлнэ. Улс төр нь ч өрнөж таарна. УИХ-аар ч орно. Ямар ч байсан энэ засаг зоригтой хөдөлж мухар төмөр зам төгсгөл болох суурийг тавьж, эдийн засагт нөлөө бүхий төсөл ийнхүү хөдөлж байна.
Л.Оюун-Эрдэнэ болоод түүний тэргүүлэх хамтарсан Засгийн газар "Дубайн гэрээ" гэдэг шиг "Харбины гэрээ" гэж сайн, муу бүхэнд цоллогдох "автор"-ын эзэн боллоо.
Улсын эдийн засагт үлэмж цараатай Тавантолгой ордын хувь заяа, үнэ цэнийг тодорхойлох Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн хувьд шинэ цикль эхэлж байна гэсэн үг. 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох төсөл 2004 оноос эхлэн яригдсан.
Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид хэлэлцээрийн ширээнд олон ч удаа сууж байсан. Засгийн газрын огцрох хэмжээнд асуудал хурцдаж, баялгийн төлөөх өрсөлдөөн монголчуудыг хувааж, талцуулж, үндэсний маргаан дэгдээсэн. Бусдын гар хөл болсон, эх оронч дүрд "тоглосон" улстөрчид л эндээс хамгийн их хожоо хүртэж, хошуу нэмсэн. Үр дүнд нь алдагдсан боломж, түүний өртөг зардал асар их болсон.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төсөл 2008 оноос хойш 17 жилийн хугацаанд нийт 60 гаруй удаагийн яриа хэлэлцээ хийгдэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 3 зөвлөмж, Улсын Их Хурлын 6 тогтоол, Засгийн газрын 45 тогтоол гарсны эцэст өчигдөр ийнхүү эцэслэн шийдвэрлэгдэж байна.