Монголын эдийн засгийн тэргүүлэх салбар нь уул уурхай. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80 орчим хувийг тус салбар дангаар бүрдүүлж байгаа. Хэдий ийм боловч сүүлийн жилүүдэд эрдэс баялгийн салбарт шинэ хөрөнгө оруулалтын урсгал татарч, хөрөнгө оруулагчдын итгэл бага багаар алдарч эхэлсэн. Үүний нөлөөгөөр геологи хайгуулын хөгжил удааширч, улам л хоцрогдож буй. Тиймээс салбарын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэх, тэр тусмаа хөрөнгө оруулалт татах боломжийг эрэлхийлсэн арга хэмжээг “Монголын уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтын боломж: Геологийн Албадын хамтын ажиллагаагаар хайгуулын салбарыг дэмжих нь” сэдвийн хүрээнд Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд өнөөдөр /2025.02.13/ зохион байгууллаа.
Хагас өдрийн турш үргэлжилсэн тус хэлэлцүүлэг шинжлэх ухаанд суурилсан бүтээлч хамтын ажиллагааны үр дүнд ирээдүйн өсөн нэмэгдэх чухал ашигт малтмалын эрэлт, хэрэгцээнд түшиглэн хөрөнгө оруулалт татах зорилго дэвшүүлсэн юм. Хөрөнгө оруулалт нь зөвхөн эдийн засгийн өсөлт, тэрбум тэрбум ам.доллароор хэмжигдэхгүй. Үүнийг дагаж эрдэм мэдлэг, ноу хау, арга ухаан, технологи, инженерийн бүтээмж, соёл, хөгжил импортлогдож байдаг.
Хэлэлцүүлэгт зохион байгуулагчдаас гадна төр, хувийн хэвшил, их дээд сургууль, судалгаа шинжилгээ болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, салбарын бодлого эрх зүйн орчин, хүний нөөц, нэвтэрч буй олон улсын стандарт, орон нутгийн харилцаа, шинэ тутам хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр, цаашдын хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцсон юм. Геологи хайгуулын салбарт хөрөнгө оруулалт чухлаар тавигдаж буй. Тиймээс геологийн албадын хамтын ажиллагаа цаашид ихээхэн үүрэг гүйцэтгэх хүлээлттэй байна.
Хэлэлцүүлгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын зөвлөх Л.Чой-Иш, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Дэд тэргүүн Анди Баттсон нар нээж үг хэллээ. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хөрөнгө оруулалтын орчны нөхцөлийг сайжруулах , салбарын судалгаа шинжилгээг эрчимжүүлэх, түншлэлээ өргөжүүлэх агуулгыг дээрх зочид хэлсэн юм.
Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Анди Баттсон “Манай хоёр улсын геологийн алба харилцан мэдлэг, туршлага байнга хуваалцаж, хамтын ажиллагаагаа тогтмол хөгжүүлж ирсэн. Цэвэр энергийн ирээдүйг тодорхойлох чухал ашигт малтмалын ханган нийлүүлэлтэд Монгол Улсын байр суурь нэмэгдэх бүрэн боломжтой. Тогтвортой уул уурхайн ханган нийлүүлэлтийн сүлжээ бид бүхний хувьд ихээхэн анхаарал татаж байна" гэлээ.
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн зүгээс эрдэс баялгийн салбар дахь хариуцлагатай уул уурхайн стандартуудын талаарх мэдээллийг өгч, салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд төсөл хэрэгжүүлэгчдэд давуу тал олгоно гэдгийг онцоллоо. Хариуцлагатай уул уурхайн кодекс болон Канадын Тогтвортой уул уурхайн төлөөх стандарт Тогтвортой хөгжлийн 17 зорилттой хэрхэн нийцэж байгааг МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа онцлоод, хөрөнгө оруулалтын орчинд тогтвортой байдал хамгийн чухал гэдгийг тодотгов.
Олон улсын түвшинд мэргэжлийн үйл ажиллагаагаараа танигдсан Британийн Геологийн судалгааны албаны эдийн засгийн геологич Эймир Деди “Дэлхийн шинэ чиг хандлага: Критикал минерал” илтгэлийг хэлэлцүүлсэн юм. Тэрээр эрчим хүчний шилжилт, өндөр технологийн эрин үе нь чухал ашигт малтмалын төлөөх геологи хайгуулыг эрчимжүүлэх, тус салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэх төлөвийг тодотголоо. Мөн ирэх жилүүдэд зэсийн одоогийн эрэлт хоёр дахин нэмэгдэх төдийгүй лити, бал чулуу, никель анхаарлын төвд байхаар байна. Цэнэг хураагуур болон сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн нөлөө чухал ашигт малтмалын ханган нийлүүлэлтийн сүлжээн дэх эрэлтийг дэмжих чиг хандлагыг танилцуулав.
Монголын Үндэсний геологийн албаны хэлтсийн дарга Н.Мөнхбилэг “Геологийн суурь ба чухал хэрэгцээт ашигт малтмалын судалгааны өнөөгийн түвшин”-г Геологийн судалгаа шинжилгээний төвийн Геологийн судалгааны хэлтсийн дарга Ө.Соёл-Эрдэнэ “Геологийн судалгаа, шинжилгээний чиглэлээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд, тэдгээрийн товч үр дүн”-г тус тус хуваалцсан бол "Халзан Бүрэгтэй" төсөл хариуцсан дэд захирал Ч.Мөнхжаргал өөрсдийн хөгжүүлж буй төслийн явцыг танилцуулсан юм.
“Халзан бүрэгтэй” төслийн хувьд манай улсад шинэ тутам хэрэгжиж буй газрын ховор элементийн анхны төслийн нэг. Энэ утгаараа олон сорилтыг давж, салбар дотроо мөс хагалж яваа. Дараа дараагийн газрын ховор элементийн төсөл хэрэгжих эсэхийг "Халзан бүрэгтэй" илтгэнэ. Уг төслийн хувьд нарийвчилсан судалгааны ажил өрнөж байгаа аж.
Монгол Улс чухал ашигт малтмалын бодлогоо нарийвчлан тодорхойлох, нэршлийг зарлах, улмаар геологи хайгуулын үр дүнд чухал ашигт малтмалын нөөц баялгаа урьдчилан тогтоох хэрэгцээ шаардлага үүссэн. Энэ ажлыг цаг алдахгүй эхлүүлэх, хөрөнгө оруулагчдад, тэр тусмаа чухал ашигт малтмалын талаарх байр сууриа тодорхой болгохыг цаг үе, зах зээл "нэхэж" эхэлсэн гэдгийг энэ удаагийн хэлэлцүүлэг ч дахин харууллаа.