Хөрөнгө оруулалтгүй эдийн засагт хөгжил ярих боломжгүй
2 Өдрийн өмнө
94
Хөрөнгө оруулалтгүй эдийн засагт хөгжил ярих боломжгүй

-Хөрөнгө оруулалт нэмэгдсэн жилүүдэд Монголын эдийн засаг 20 улирал дараалан 5-аас дээш хувийн өсөлт үзүүлж байлаа-

Монголын эдийн засагт гадаадын хөрөнгө оруулалт ихээр орж ирсэн он жилүүдэд ДНБ-ий өсөлт тогтмол таван хувиас дээш байв. Энэ хэсэг үеийг захирлууд бизнес буцалж, олон төслүүд хөдөлж, боломж цэцэглэсэн цаг үе гэж дурсдаг. Тодруулбал, 2010 оноос 2014 оны хооронд Монголын эдийн засаг 20 улирлын турш /таваас дээш хувийн/ өндөр өсөлт үзүүлж, олон улсын анхааралд өртсөн. Эдийн засаг, бизнесийн хамгийн таатай үе хэмээн олон хүн энэ цаг үеийг цохон тэмдэглэдэг.

Эргэн сануулахад, эдийн засгийн өсөлт 2011 онд 17.3 хувьд хүрч, шинэ түүх эхлүүлж байлаа. 17.3 хувийн өсөлтөөрөө бид хэсэг хугацаанд “од” болж, дэлхийд хамгийн өндөр өсөлттэй орны тоонд зүй ёсоор нэрлэгдэж байв. Үүний шалтгаан нь ердөө л гадаадын хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалт нэмэгдсэн тул эдийн засгийн тамир тэнхээ сэргэж, төгрөгийн ханш тогтворжиж, хувийн хэвшлүүд бяр суусан юм. Төсвийн орлого давж, дараагийн Азийн “бар” орноор яригдаж байлаа. Дээрх жилүүдэд бизнесийн орчин ихээхэн сайжирч, урьд өмнө байгаагүй дүнгээр хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдсэн байдаг.

Уул уурхайн төслүүдийг дагасан, тэр тусмаа “Оюу толгой” төслийн хөрөнгө оруулалтын шууд нөлөө нь эдийн засаг 17.3 хувиар өсөх эхлэл нь болсон. Том төслийн бүтээн байгуулалттай холбоотойгоор 2010 оноос их хэмжээний хөрөнгө оруулалт нэмэгдсэн нь хөгжиж буй орны эдийн засагт томоохон түлхэц болж, бүхий л салбарт үр нөлөөгөө мэдрүүлсэн. Энэ бол хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөө юм. Энэхүү нөлөө нь салбар бүрт нэвчиж, ашиг тус нь урт хугацааны тогтвортой хөгжлийн үндэс суурь нь болж өгсөн. Хөрөнгө оруулалтын өгөөж нь хөгжиж буй улсын эдийн засагт илүү үйлчилж, хөгжлийн гол хөшүүрэг болдог байна. Тиймээс өөрийн хуримтлуулсан капиталгүй, шинэ тутам хөгжиж буй орнууд хөрөнгө оруулалтын төлөө дор бүрнээ өрсөлдөж, хөгжлийн санхүүжилтийн эрэлд гарч ирсэн.

Бусдын мөнгөөр өөрийн хөгжлийг бүтээсэн улс орнууд өнөөдөр дэлхийн эдийн засгийг өсөлт, бүтээмжээрээ тэргүүлж, нийгэм, засаглалын үзүүлэлтээрээ урд явна. Үүний нууц нь гадаадын хөрөнгө оруулалт байсан бөгөөд тэд хаана хөрөнгө оруулалт байна, түүнийг л эрэлхийлж, хөгжлийн санхүүжилт болгож байсанд оршдог.

Хөрөнгө оруулагчид хөгжиж буй орны хувьд хамгийн чухал түнш нь. Тиймээс хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах гэж ухаан зардаг гэсэн үг. Уул уурхайн салбарт төслийн санхүүжилт болсон хөрөнгө оруулалт үйлчилгээ, тээвэр, барилга, санхүү, даатгал, боловсрол, хөдөлмөрийн зах зээлийн өнөөдрийн үнэ цэнэ, өсөлт тэлэлтийн нэг гол баталгаа болсон юм.

Манай улсын нэг хүнд ногдох орлого тогтмол ханшаар тооцоход 1958 онд 1428 ам.доллар байсан бол 40 жилийн дараа буюу 2021 онд 4100 ам.доллар хүрч, 285 хувиар өссөн байдаг. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг ойрын хугацаанд 10 мянган ам.долларт хүргэх амбийц Монгол Улс тээж, үүний төлөө хөрөнгө оруулалт татах, төлөвлөж буй томоохон төслүүдээ урагшлуулахаар шамдаж байна.

Хөрөнгө оруулалт нь том төслийг хөдөлгөөд зогсохгүй дагалдах зах зээлийг хөгжүүлж, ажлын байрыг олноор бий болгож байдаг. Тиймээс хөрөнгө оруулалтаар дамжуулан хүний нөөц, зах зээлээ бэлдсэн улс орнууд алс хэтдээ өөрсдөө бусдад хөрөнгө оруулагч болон хувирч, эдийн засгийн дараагийн шатны хөгжил рүү шат ахиж байна.

Манай улсын хувьд олон улсаас хөрөнгө оруулалт их дүнгээр татах хамгийн өндөр потенциал бүхий салбар нь эрдэс баялгийн салбар . Тиймээс тус салбарт хөрөнгө оруулалт татах замаар эдийн засгийн өсөлтийг бий болгох, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 2030 онд 12 мянган ам.доллар, 2028 онд 38 мянган ам.долларт хүргэх зорилго тавьсан ба үүний тулд эдийн засаг 2030 он гэхэд 2.4 дахин, 2050 он гэхэд 7.5 дахин тэлэх хэрэгцээ үүсэхээр байна.

Үндэсний статистикийн хорооны тайланд 2022 онд манай улсын нэг хүнд ногдох ДНБ 5126 ам.доллар гэж мэдээллэсэн. Эдгээр зорилгыг санхүүжүүлэх эх үүсвэр нь уул уурхай, уул уурхайн төслүүдийг урагшлуулах боломж нь хөрөнгө оруулалт. Хэрэв бид хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчноо сайжруулж чадахгүй бол дээрх зорилгууд цаасан дээрх тоо төдий л үлдэнэ. Хөрөнгө оруулалтгүй эдийн засагт хөгжил ярих боломжгүй юм.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.