Эдийн засгийн шинэ тэнцвэржүүлэгч: УРАН
2 Өдрийн өмнө
338
Эдийн засгийн шинэ тэнцвэржүүлэгч: УРАН

  -Монгол Улсын валютын орлогын шинэ эх үүсвэр-

Удаан хугацааны турш яригдсан Монгол, Францын хамтарсан ураны төсөл урагшилсан нь бизнес, хөрөнгө оруулалтын орчинд 10 гаруй жил сонсоогүй нааштай мэдээ байв. Ийм мэдээ "Оюутолгой" төслөөс хойш дуулдаагүй. Тийм болохоор ураны Хөрөнгө оруулалтын гэрээ Монголыг олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө дахин авчирлаа. Итгэл алдарсан хөрөнгө оруулагчдад горьдлого төрүүлж, тэвчээр тасарсан бизнесийн орчинд сайн цагийн дохио болж өгөв. Олон улсын хөрөнгө оруулалтын орчинд нэр хүндээ ихээр алдсан Монгол Улс эргэн ирж, гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал сэргэх хүлээлт рүү хөтөллөө. 

Эдийн засгийн цар хүрээ, хөрөнгө оруулалтын дүнгээрээ "Оюутолгой"-г бараадахгүй ч дараа дараагийн "Оюутолгой" олж илрүүлэх найдвар болж, геологи хайгуул, тэр тусмаа ураны салбарын хонгилийн үзүүрт гэрэл асаасан түүхэн чухал үйл явдлын гэрч боллоо, бид. Хөрөнгө оруулалтын гэрээнд хоёр тал гарын үсэг зурснаар ураны төсөл хэрэгжих нь тодорхой болж, галт тэрэг хөдөлсөн. Ингэснээр Төсвийн орлогын гуравны нэгийг бүрдүүлдэг уул уурхайн салбарт  хөрөнгө оруулалтын шинэ суваг нээгдэж байна.

Улсын төсөвт орлого төвлөрүүлэх том татвар төлөгч 30 гаруй жилийн "мандат" авч, бид валютын орлогын өөр нэгэн эх үүсвэртэй болж байна. Цаг үргэлж хэлбэлзэж ирсэн Монгол төгрөгийн ханш тогтвортой байхад ураны шар нунтгаас ирэх орлогын үзүүлэх нөлөө их. Гадаад валютын улсын нөөц (ГВУН) 2024 онд 5.3 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болсон. Энэ хэмжээг хадгалах, дахин шинэ түвшинд хүргэхэд ураны төслийн хөрөнгө оруулалт хийгээд шар нунтгаас олох орлого чухал үүрэгтэй байх юм. Төгрөгийн ханш тогтвортой байна гэдэг Монгол айл өрхийн орлогыг хамгаалж буй хэрэг. Том зургаараа Монголын эдийн засаг хямралаас хол, өр зээлээс ангид байх тухай яриа юм. 

2_mon Ураны төслийг эртнээс улдан эсэргүүцэх иргэний хөдөлгөөн, жагсаал цуглаан "дэглэх" нөхдийн тос, ус нь ялгарч, жинхэнэ эх орончдын эгнээг энэ төсөл тодруулж байна. Дайснаа таних ухаанд биднийг сургаж, эрдэмтэн, судлаачдын үг үнэ цэнтэй болж ирлээ. Мэргэжлийн хүмүүсээ нийгэм, олон нийт илүүтэй сонсож, мэдлэг, шинжлэх ухаанаа түшлээ. Энэ хандлага дараа дараагийн том төслүүд хэрэгжих үүд хаалгыг нээж, олон жил үргэлжилсэн нийгмийн хий хоосон айдсыг үргээлээ. Хамтарсан Засгийн газрын хамтдаа хариуцлага хүлээх ураны төсөл эдийн засагт гэнэт гайхамшиг бүтээж, огцом өсөлт авчрахгүй ч хөрөнгө оруулалтыг сэргээх цэнэг, төгрөгийн ханшийг хамгаалах хана туурга болох юм. 

Монголын эдийн засгийг ураны төсөл чирэх хэмжээний том биш ч гэлээ гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтаар бидний эрх ашиг баталгаажих юм. Манай улс шинэ төрлийн ашигт малтмалыг олборлож, боловсруулж, үр өгөөж хүртэнэ гэсэн үг. Нүүрс, зэс, алт, төмрийн хүдэр, жонш гэсэн цөөн хэдэн ашигт малтмал дотор эргэлдэж байсан эдийн засагт шинэ бүтээгдэхүүн нэмэгдэнэ. Уул уурхайн салбар дахь орлогын бүтэц төрөлжиж, тодорхой зах зээлд өндөр үнээр зарах стратегийн бүтээгдэхүүнтэй манай улс болно. 

Уул уурхайн салбарт шинэ ноу хау, шинэ ур чадвар солилцож, Монгол хүний бүтээмж, үнэлэмж хамт өсөх юм. Тэрчлэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэм хэмжээ, шинэ соёл, стандарт нэвтэрнэ. Эдгээр нь шинэ тутам хэрэгжих ураны төслийн зардлыг бууруулж, буруу зөрүү ойлголтыг хална. Том төслүүдийн нэгэн адил орон нутагт хаялга нь мэдрэгдэнэ. Ханган нийлүүлэлт, туслан гүйцэтгэх ажил, үйлчилгээ Зөөвч овоо руу хөвөрч, тэндээс бизнес нь бойжих олон арван аж ахуйн нэгжийг тэтгэх нь дамжиггүй. Энэ бол үржүүлэгч нөлөө гэж ойлголт юм.

Ураны төсөл 1000 орчим ажлын байр бий болгож, 1000 хүний бүтээмж эдийн засаг, бизнесийг дэмжинэ. Орон байр, унаа тэрэг, хүний хэрэглээ рүү цалин урсаж, дундаж давхаргын эгнээ сунаж, өрхийн орлого өснө. Уул уурхайн салбар нь 60 гаруй мянган ажлын байр бий болгодог бөгөөд ажилчдын цалин нь улсын дундаж түвшнээс 2.4 дахин өндөр. 1000 хүний цалингийн дүн энэ хэмжээнд очно гэсэн үг. Үүгээр зогсохгүй орон нутагт жижиг, дунд бизнес эрхлэх боломжийг бүрдүүлж, иргэдийн худалдан авах чадварт тэр хэрээр эерэг нөлөө үзүүлнэ. 

Ураны төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улс Францын талтай байгуулснаар бидэнтэй бизнес хийх, түншлэх, хамтрах, дараа дараагийн төслүүд уул уурхай болон бусад салбарт хөдлөх юм. Дорноговь аймгийн нутаг дахь "Зөөвч Овоо" ураны төслийг хэрэгжүүлэх Хөрөнгө оруулалтын гэрээ нь манай улсын хувьд барууны хөрөнгө оруулагчтай байгуулсан хоёр дахь гэрээ. Оюутолгой Хөрөнгө оруулалтын гэрээнээс хойших /гуравдагч хөрштэй байгуулах/ анхны гэрээ болж буй. 

Тэрчлэн Оюутолгой төсөлтэй харьцуулахад 34 хувийн энгийн хувьцааг 10 хувийн давуу эрхийн хувьцаа болгож, үлдсэн 24 хувийг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр буюу АМНАТ-аар орлуулан тооцож байгаа нь Монголын ард түмэн энэ төслөөс 51 хувийн өгөөж хүртэнэ.
Мөн ногдол ашиг хүлээхгүй, нэмэлт өр үүсэх эрсдэлгүй, төсөл эхэлсэн цагаас үр өгөөжийг иргэд Хуримтлалын сангаар дамжуулж шууд хүртэж эхлэх боломжийг бүрдүүлснээрээ ач холбогдолтой гэж эрх баригчид үзэж буй.

Бид шар нунтаг үйлдвэрлэж, экспортолсноор дэлхийд үйлдвэрлэлийн чансаагаар Япон, Украйн, Австралийн үйлдвэрлэгчдийн урд гарна гэсэн судалгаа байдаг. Маш өөдрөг хэдий ч энэ боломжтой, бодитой төдийгүй цаг хугацааны л асуудал юм билээ. Манай улсын ураны батлагдсан нөөц 192 мянган тонн. Хайгуул хийх тусам л энэ хэмжээ өсөх, баяжих ирээдүйтэй. 2019 онд WNA-аас гаргасан судалгаагаар, Монгол Улс дэлхийн нийт ураны батлагдсан нөөцийн 2 хувийг эзэмшиж буй. Манай одоо байгаа 192 мянган тонн батлагдсан нөөц улсын хэрэглээг 1238 жил хангах боломжтой /нүүрстэй харьцуулахад/ юм билээ. 1 кг уран нь 2.7 сая кг нүүрстэй тэнцэх хэмжээний дулаан ялгаруулдаг гэхээр ураны ид шид гайхмаар...

Дэлхийн цөмийн нийгэмлэгээс гаргасан "Цөмийн эрчим хүчний тайлан: 2021-2040 он хүртэлх эрэлт, нийлүүлэлтийн дэлхийн хувилбарууд"-аар ирэх 20 жилд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл жилд 2.6 хувиар өсөж, 2040 он гэхэд 615 ГВт хүрэх бөгөөд эдгээр реакторын түлшинд 120 300 тонн уран шаардлагатайг тооцоолсон байдаг. Ураны эрэлт үндсэндээ нийлүүлэлтээс давж, тогтвортой эрэлт бүхий зах зээл байна гэдгийг эндээс харж болох юм. Энэ нь бидний үйлдвэрлэн гаргах шар нунтгийн үнэ цэн өсөх, үгүй юм гэхэд тогтвортой үнээ хадгалах бараа гэдгийг тодотгоно.

Төсвийн орлогоо нэмэгдүүлэх, нүүрсний хамаарлаа бууруулах, валютын нөөцөө арвижуулж, төгрөгийн ханшаа тогтвортой барих хүсэлтэй орны хувьд уран нь эдийн засгийн шинэ тэнцвэржүүлэгч байх нэг боломж юм. Дэлхий дахинаа цэвэр эрчим хүчний хэрэглээг чухалчилсан, ногоон шилжилтийн эрин цаг үед уранаа олборлон боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулснаар уул уурхайн экспорт солонгорч, технологи нь нутагшиж, гадаад худалдааны цар хүрээ өргөжих зэрэг олон эерэг үр нөлөөг нэрлэж болохоор байна. 

badrakh 

 

 



Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.