Хөгжиж буй орнууд ГШХО татахын тулд урих стратеги баримталж байна
1 Өдрийн өмнө
153
Хөгжиж буй орнууд ГШХО татахын тулд урих стратеги баримталж байна

Дэлхийн улс орнууд хөгжлийн шинэ хөдөлгүүр бол гадаадын шууд хөрөнгө оруулалт гэдгийг хэдийнэ ойлгосон. Ойлгож чадсан нь хөгжлөөрөө урд, үл ойлгосон нь бусдын адагт яваа. Гадаадын шууд хөрөнгө оруулалт /ГШХО/ татах замаар хөгжил дэвшил рүү тэмүүлж, өөрсдийн өрсөлдөх чадварыг эрс сайжруулж чадсан Сингапур, Ирланд, Арабын нэгдсэн Эмират, Казахстан зэрэг олон орон байна. Эдгээр орны иргэд нь илүү аз жаргалтай, эрүүл, аюулгүй орчинд, баталгаатай нийгэмд ажиллаж, амьдарч, хөдөлмөрийн үнэ цэн, бүтээмж нь тэр хэрээр өндөр, өрхийн орлого нь тогтвортой, эдийн засгийн өсөлт нь хүртээмжтэй байна.

Улс орон бүр дэлхийн бизнесийн орчинтой хэр харилцаж чадаж байгаагаараа ялгардаг. Урьд нь өрсөлдөх чадварыг тухайн орон экспорт болон гадагшаа чиглэсэн шууд хөрөнгө оруулалт зэргээр олон улсын зах зээлд хэр хүчтэй довтолж чадаж буйтай холбож ойлгодог байлаа. Герман, Япон, Өмнөд Солонгос зэрэг орон энэ стратегийг баримталж иржээ. Гэтэл зарим орон урих стратегийг баримтлан өрсөлдөх чадвараа сайжруулсан байдаг.

Үүний жишээ Ирланд, Сингапур улс бөгөөд эдгээр орнууд урамшууллын төрөл бүрийн арга хэрэглэн шууд хөрөнгө оруулалтыг татах замаар хөгжсөн байна. Буурай орноос маш богино хугацаанд бусдын манлайд хүрсэн улс бол Сингапур. Бусдад арилжаалах алт, зэс, нүүрс, төмрийн хүдэр гээд байгалийн ашигт малтмалын аль ч нь Сингапурт байгаагүй. Хэдий ийм боловч ГШХО, хөрөнгө оруулалтын хүчээр хөгжлийг тэд ёроолоос нь эхлүүлж чадсан байдаг.

Өрсөлдөх чадвар бол хөгжих чадвар. Өрсөлдөх чадвар судлалыг үндэслэгч эдийн засагч, нэрт эрдэмтэн Гарелли “Довтлох болон ур чадварын хоорондох харьцааны тухай” онолыг боловсруулсан бөгөөд түүнийхээр энэ харьцаа нь өрсөлдөх чадвараа удирдан сайжруулах хамгийн чухал суваг юм.

Урих стратеги нь ГШХО-ыг татаж буй улсдаа ажлын байр олноор бий болгодог. Довтлох стратеги нь нэмэлт орлогыг авчирдаг. Иймээс өнөөгийн ертөнцөд улс орнуудтай өрсөлдөхийн тулд довтлох болон урих стратегийн аль алинд анхаарлаа хандуулж, хослуулан хэрэгжүүлэх шаардлагатай болсон байна.

Хөгжиж буй орнуудын хувьд ихэвчлэн урих стратегийг баримталдаг бөгөөд бодлогын тодорхой, ойлгомжтой орчныг хэрэгжүүлж чадвал ГШХО-ыг татаад зогсохгүй өрсөлдөх чадвараа эрс дээшлүүлж чаддаг байна. Энэ жишгээр өөрсдийн хөгжлөө өөд нь татсан орны нэг бол Ирланд, Чили. Ирландын хувьд харьцангуй жижиг, нэг зах зээлээс хараат, мөн 1921 онд тусгаар тогтнолоо олсон гэдгээрээ манай улстай төстэй. Нөгөө талаас ядуурлыг бууруулах, эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэх талаар асар их туршлага хуримтлуулсан.

Чили нь уул уурхай, ялангуяа зэсийн салбараас хэт хараат гэдгээрээ манайхтай төстэй. Гэсэн хэдий ч эдийн засгаа төрөлжүүлэх, өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн тулд ГШХО-ыг татах оновчтой бодлого явуулж чадаж буй цөөн улсын нэг юм.

Манайхтай хамгийн ойр жишээ гэвэл Бүгд найрамдах Казахстан улс. Төв Азийн хамгийн том эдийн засагтай орон өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалт тах бодлогоороо бүс нутагтаа үлгэрлэж байна. Тус улс хөрөнгө оруулалтын шинэ цикль эхлүүлж, 2024-2029 он хүртэл 150 тэрбум ам.долларын дүндтэй ГШХО татах стратегийн зорилт дэвшүүлжээ.

Төв Азийн бүс нутагт хамгийн дүнтэй хөрөнгө оруулалт татсан, хөрөнгө оруулагчдын түншлэх дуртай улс болсон Казахстаны ГШХО-ын хэмжээ хамгийн сүүлийн үеийн судалгаагаар 400 тэрбум ам.долларын босго давсан билээ. Казахстаны хувьд урих стратегийг баримтлан өрсөлдөх чадвараа ахиулж байна.

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.