Засгийн газрын ээлжит хуралдаан болж, 14 мега төслийн эхэнд эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төслийг хэлэлцлээ. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах тухай төслийг хэлэлцээд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.
Тус хэлэлцээр нь хоёр талд урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлт бий болгох, хоёр талын төрийн өмчит хуулийн этгээд хооронд байгуулах нүүрс худалдах, худалдан авах гэрээг харилцан ашигтай, нийлүүлэлт тогтвортой байх зарчмын дагуу байгуулах, нүүрсний орд дахь уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой. Монгол Улсын нүүрсний олборлолт, экспортын хэмжээ нэмэгдэж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт эрчимжиж газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Үүнтэй холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрээр "Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын төслийн Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг эцэслэн УИХ-ын холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Байнгын хороодоор хэлэлцэж, гарын үсэг зурах зөвшөөрлийг олгох юм. Хоёр улсын Засгийн газар хэлэлцээрт УИХ-аар зөвшөөрөл олгосны дараа гарын үсэг зурна. Хуулийн дагуу хоёр улсын Засгийн газар гарын үсэг зурсан хэлэлцээрийг УИХ-аар батлах юм" гэв.