-Саудын Арабууд газрын ховор элементийг эдийн засгийн сэлгэн унах “хөтөлгөө морь"-оо болгохоор шийджээ-
Өндөр технологийн түүхий эдийн төлөөх өрсөлдөөн дэлхий даяар ширүүсэж, тус салбарт өөрийн нөлөө, оролцоогоо хадгалах, нэмэгдүүлэх хүсэл сонирхолтой улс орнууд олширч буй. Бодлогын дэмжлэг, татварын урамшуулал, бизнес эрхлэх тогтвортой орчныг тэд дор бүрнээ хөрөнгө оруулагчдад уралдан санал болгож, угтан мэндчилэх аж. Энэ янзаар ирээдүйн эрдэс баялаг нээн илрүүлэх хайгуулын хөрөнгө оруулалт цаашид эрс нэмэгдэх, эрчимжих өндөр хүлээлт давамгайлж байна. Эрэл хайгуул нь эдийн засгийг тэтгэх том төслүүдийн гараа болдог.
Ойрын арван жилд дэлхий даяар хайгуул, олборлолтын салбарт эргэлдэх хөрөнгө оруулалтын мөнгөн дүн томорч, 6 их наядаар /ам.доллар/ хэмжигдэх төлөвтэй байна. Үүнийг өөрийн улс оронд татах, энэ боломжоос хүртэх "марафон" эхэлжээ. Ашигт малтмалын салбарт цагийн аясаар ирж буй шинэ чиг хандлагыг “Ирээдүйн эрдэс баялаг-2025” форум улам тодотголоо.
Тус чуулга уулзалт нь Саудын Арабын Хаант Улсын нийслэл Рияд хотноо дөрөв дэх удаагаа өнгөрсөн өдрүүдэд зохион байгуулагдаж, дэлхийн уул уурхай, банк санхүү, улс төр, бизнесийн нөлөө бүхий эрхмүүд зочлон саатсан юм. Энэ хурлын дулаан уур амьсгал, гол яриа критикал минерал буюу бидний нэрлэж заншаад байгаа чухал ашигт малтмалын эргэн тойронд өрнөж, дэвшилтэт технологи, инновац, хөрөнгө оруулалт гэсэн гурван үгээр агуулгыг товчдоо базаж болохуйц байлаа. Саудын Араб бол Булангийн орнуудын тод төлөөлөл, Арабын ертөнцийн гол төв.
Гурван өдрийн турш үргэлжилсэн, дэлхийн 170 орны 20 гаруй мянган төлөөлөл нэгэн дор чуулсан тус платформ дэлхийн уул уурхайн хоёр дахь том арга хэмжээгээр нэрлэгдэж, хамрах цар хүрээ нь жил ирэх тусам өргөжин тэлж, уул уурхайн дараагийн шилжилт рүү салхи мэт хөтлөх аж.
Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, цэвэр эрчим хүчний хэрэглээ рүү шилжих үйл явц эрчимтэй өрнөж, критикал минерал нь орчин цагийн уул уурхай, хөрөнгө оруулалтын орчныг тодорхойлоход томоохон байр суурь эзлэхээр байна. Эрчим хүчний уламжлалт түүхий эдүүдийн /нүүрс, газрын тос тэргүүтэй/ үнэлэмж уруудаж, шинэ металлын эрэл судалгаа идэвхжиж байгаа.
Газрын тосны арвин их нөөц баялагтаа түшиглэн хөгжсөн Саудын Араб орлогын эх үүсвэрээ төрөлжүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлаа бэхжүүлэх, ирээдүйн тулгуур салбар, тулах түүхий эдээ чухал ашигт малтмал гэж үзэж байна. Тийм учраас критикал минерал гол сэдэв болж, хамаг л анхаарлын төвд “заларлаа”. Гол нь, Арабууд эдийн засгийн тэргүүлэх салбараа уул уурхай хэмээн үзэж, тэр тусмаа чухал ашигт малтмалд чухалчлан ач холбогдол өгч байна.
Дан ганц газрын тосны орлогодоо залбиран найдах бус орлогын өөр хувилбарыг тэд шимтэн эрэлхийлж байгаа нь чухал ашигт малтмал, газрын хорвор элемент болж байна. Эдийн засгийн сэлгэн унах “хөтөлгөө морь”-той болохоор Саудын Арабууд шийджээ гэсэн үг.
Дэлхийн ногоон шилжилт, сэргээгдэх эрчим хүчний хурдацтай хөгжил, өндөр технологи, батлан хамгаалах салбарын өсөлттэй уялдан газрын ховор элемент зэрэг чухал ашигт малтмалын эрэлт улам бүр өсөж байна. Зэсийн эрэлт л гэхэд 2035 онд 2023 оныхоос 30 хувиар нэмэгдэхээр байгаа бол газрын ховор элемент энэ хугацаанд маш хурдацтай буюу 126.7 хувиар өсөхөөр байгаа аж. Чухал ашигт малтмал, түүний дотор газрын ховор элементийн нөөцийн ашиглалт өрсөлдөөнт түвшинд хүрч байна. Өсөн нэмэгдэж буй чухал ашигт малтмалын ханган нийлүүлэлтийн сүлжээг Саудын Араб угсрах амбиц тээж эхэлжээ.
Тодруулбал, хөгжингүй орнууд технологийн үйлдвэрлэлийн түүхий эдийг хангах зорилгоор ГХЭ-ийн олборлолтыг эрчимжүүлж, шинэ төслүүдэд хөрөнгө оруулалт ихээр хийж байна. Энэ ч утгаараа Саудын Араб "Vision 2030" стратегийнхаа хүрээнд эдийн засгаа газрын тосны хамаарлаас салгаж, уул уурхай, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд энэхүү нүсэр арга хэмжээг зохион байгуулсан хэрэг.
Саудын Араб адил улс орнууд хөгжлийн стратегиа шинээр тодорхойлж, дэлхийн уул уурхай, эрчим хүчний шилжилтэд бэлэн байж, цаг үеэсээ хоцрохыг хүсэхгүй, харин уралдан өрсөлдөж байна. Асар их хувьсал өөрчлөлтийн эринд бид амьдарч байгаа. “Урьдын юм ул болов. Шинэ бүхэн зул болов” гэдэг шиг л юмс байнга шинэчлэгдэж, амархан хуучирч, ахар богино хугацаанд технологийн түүхий эдийн хэрэгцээг өөр бусдаар орлуулж байна.
Техник технологи өдөр, өдрөөр сайжран өөрчлөгдөж, улам энгийн, илүү хялбар болж байна. Өндөр технологийн түүхий эдийн эрэлт хэрэгцээ шинэ тутам хөгжиж, өрсөлдөөнт хөрөнгө оруулалтын орчин ноёлж буй. Ийм хувьсал улс орнуудад нэгийг бодуулж, өнөөдрийн орлого, ирээдүйн тогтвортой хөгжилдөө эртлэн санаа тавихаас өөр аргагүй болгож байгаа юм. Чухал ашигт малтмал нь олон улсын харилцааны гол түлхүүр болж, геополотик, худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны "шинэ бүтээгдэхүүн"-д тооцогдож буй.
Саудын Араб бол ирж буй цагийн эерэг, сөрөг өөрчлөлтөд урьдаас бэлтгэн, амдан хөгжих үүд хаалгаа нээж буй тод жишээ. 2.2 их наяд ам.долларын эдийн засагтай тус улс газрын тосноос бусад салбарт ашигт малтмалын хайгуулаа нээж, тэр тусмаа ирээдүйн эрдэс баялагт зүй ёсоор нэрлэгдэх критикал минерал, газрын ховор элемент рүү “хар алт”-наас олсон мөнгөнийхөө тодорхой хувийг зарцуулна гэдгээ ч сая дахин зарлалаа.
Баялгаас олсон мөнгөөрөө дараагийн баялгийг бүтээхээр тэд бодитой, зоригтой алхам хийж, олон улсын чухал ашигт малтмалын талбарт онцгой байршил эзлэхээр хайгуулын салбараа хөрөнгө оруулагчдад чөлөөлж, хамтарч бизнес хийх саналаа хамгийн таатайгаар илэрхийлж байна. Эдийн засгаа хоёр дахин тэлэх гарцаа ирээдүйн эрдэс рүү чиглүүлж, тэндээс хүртэх үр ашгаа урт хугацааны хөгжлийн тасалбар гэж үзжээ.
Газрын тосоороо нэгэн цаг үе гайхагдсан, байгалийн нөөц баялаг нь хөгжил рүү хөтлөн хүргэсэн, одоо ч том тоглогчдын эгнээнд буй Саудын Арабчууд эдийн засгийн дараагийн “хөдөлгүүр”-ээ асахаар эргэлт буцалтгүй шийдсэн байна. Арабын ертөнц дэлхийн уул уурхай, хөрөнгө оруулалт, бизнесийн төв цэг байхаар зорьж, чухал ашигт малтмалд хамаг бооцоогоо тавьжээ. Харин бид чухал ашигт малтмалд багтах газрын ховор элементийн дөнгөж эхэлж буй хайгуулын төслөө түйвээж, дэлхий нийтийн шинэ чиг хандлагыг улдан эсэргүүцэж суугаа нь хүн төрөлхтний хөгжлөөс хэчнээн их хоцрогдож яваагийн бодит жишээ биз ээ.
Хөмөрсөн тогооны дотор гэрэл тусч, эдийн засгийн "хөдөлгүүр"-ээ Монгол Улс асаах цаг ойрхон байгаасай. Эрчим хүчний шилжилт, технологийн хувьслаас үүдэн критикал минерал буюу чухал ашигт малтмал орчин цагийн трэнд болж, уул уурхайн салбарт шинэ хөрөнгө оруулалтын гол суваг болж байна.