Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын ээлжит Өглөөний уулзалт Монгол Улсын Хөгжлийн банкаар үргэлжиллээ. Тус банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа Өглөөний уулзалтад оролцож, Хөгжлийн банкны өнөөгийн байдал, хүлээгдэж буй өр төлбөр, зээлийн чанар, банкны актив, засаглал, 2030 он хүртэлх шинэ стратегиа сэтгүүлчдэд танилцуулсан юм.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Биржээр нүүрсний арилжаа өнгөрсөн хугацаанд хамгийн их хийгдсэн. Төлбөр тооцоог нь арилжааны банкаар дамжуулан хийж буй. Арилжаа нь олон улсын хөрөнгийн зах зээлийн жишгээр бус бүртгэлийн шинж чанар илүүтэй давамгайлж байгаа. Тиймээс биржийн арилжааг ил тод, хяналттай, нээлттэй байлгах, санхүүгийн зөв тогтолцоо руу шилжүүлэх, төлбөр тооцоог Хөгжлийн банкаар явуулах боломжтой гэж тус банкны Гүйцэтгэх захирал З.Нарантуяа хэллээ. Хөгжлийн банкны зүгээс холбогдох судалгааг хийж үзээд энэхүү шийдэлд хүрсэн байна.
Хөгжлийн банк уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны төлбөр тооцоог гүйцэтгээд зогсохгүй хяналт тавих, бирж дээр бүтээгдэхүүнээ Хөгжлийн банк байршуулах, тодорхой хэмжээний баталгаа гаргах, худалдан авагч, нийлүүлэгчдийн гэрээнд үндэслэн санхүүжилт олгох боломжтой аж.