“Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “МИАТ” ТӨХК, “Төрийн банк” ХК 2023 оны жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайлангаар нийт 15 их наяд 304 тэрбум төгрөгийн орлого олж, есөн их наяд 247 тэрбум төгрөгийн зардал гарган дөрвөн их наяд 504 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой нийт 122 компани, үйлдвэрийн газар эрчим хүч, зам, тээвэр, уул уурхай, банк санхүү, мэдээлэл, харилцаа холбоо, хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, барилга хот байгуулалт, байгаль орчин, аялал жуулчлал, спорт, соёл урлаг, гадаад харилцаа зэрэг салбарт үйл ажиллагаа явуулж байна.
Эдгээр компани, үйлдвэрийн газар 2023 оны санхүүгийн аудитлагдсан тайлангаар нийт 64 их наяд 200 тэрбум төгрөгийн нийт хөрөнгө эзэмшиж, 23 их наяд 617 тэрбум төгрөгийн орлого олж, 16 их наяд 912 тэрбум төгрөгийн зардал гарган, дөрвөн их наяд 983 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.
Нэгдсэн дүнгээр таван их наяд шахуу төгрөгийн цэвэр ашигтай ажилласан хэдий ч нийт цэвэр ашгийн дүнгийн 4.75 их наяд төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Монгол”, “Хөдөө аж ахуйн корпорац”, “Төрийн банк” зэрэг таван компани, үйлдвэрийн газар, 380 тэрбумыг нь бусад 51 компани, үйлдвэрийн газрууд бүрдүүлжээ. 43 компани, үйлдвэрийн газар алдагдалтай ажиллаж, алдагдлын нийт дүн 150 тэрбум төгрөг байна.