Тэд 20 жилийн алдааг давтах уу, эсвэл...
4 Өдрийн өмнө
126
Тэд 20 жилийн алдааг давтах уу, эсвэл...

"Монгол Улс уул уурхайн орлогыхоо дийлэнхийг хэрэглээд зогсохгүй ирээдүйн орлогоо барьцаалан зээл авч байгаа тул хойч үедээ өр өвлүүлэхээр байна" хэмээн Дэлхийн банк 2020 онд бидэнд анхааруулж байлаа.

Тус банкнаас гаргасан тэр үеийн тайланд "Өнгөрсөн 20 жилийн туршид Монгол Улс уул уурхайгаас олсон орлогын нэг ам.доллар бүрийн 99 центийг хэрэглэж, дөнгөж нэг центийг л хуримтлуулжээ /Тогтворжуулалтын болон Ирээдүйн өв санд хуримтлуулсан/. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс гадна Засгийн газар ирээдүйн ашигт малтмалын орлогоо барьцаалан 8.7 тэрбум ам.долларын зээл аваад байна. Товчхондоо Монгол Улс уул уурхайн орлогоо бараг бүгдийг нь зарцуулжээ" хэмээн тэмдэглэсэн байдаг. Энэ алдааг дахин давтахгүй гэж одоогийн эрх баригчид үзэж, Баялгийн сангийн хуулийг баталсан биз ээ.

Баялгийн санг мөнгөжүүлэх үүргийг "Эрдэнэс Монгол" нэгдлийн компаниуд хамгийн эхэнд хүлээж байгаа. Тэр тусмаа "Эрдэнэт", "Эрдэнэс Тавантолгой" илүү их ачаа үүрэх бөгөөд 2030 он гэхэд тус сангийн хуримтлал 20 их наяд төгрөгт хүрэх, үүний тулд бусад стратегийн ордуудыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх хэлэлцээ эхэлнэ гэж Засгийн газрын тэргүүн шинэ оны босгон дээр мэдэгдсэн. 

Баялгийн сангийн орлого уул уурхайд түшиглэнэ. Уул уурхай дэлхийн зах зээлээс, Хятадын эдийн засгаас үлэмж хамаарна. Манай эдийн засаг түүхий эдийн үнийн огцом хэлбэлзэлд байнга өртөж байдаг, тэр хэрээр эмзэг, хэврэг. Уул уурхайн түүхий эд, нүүрс, зэсийн үнэ унасан жилүүдэд эдийн засаг хямралд автаж, нэг салбарын хэт хамаарал, нөлөө том сорилт дагуулдаг. Ийм нөхцөлд бид Баялгийн санг мөнгөжүүлнэ гэдэг бэрх даваа юм. Бэрх гээд 20 жилийн алдаагаа дахин давтаж, хойч үедээ өр зээл үлдээх нь хөгжил биш. Тиймээс зах зээлд тоогдож, өрсөлдөх чадвартай байгаа уул уурхайгаа хөгжүүлэх л баялгийн санг богино хугацаанд мөнгөжүүлэх хамгийн дөт арга зам, хөгжил дэвшилд улсаараа хурдан хүрэх гарц боломж юм. Тэрчлэн бусад салбараа дэмжин тэтгэх, хөгжүүлэх үүд хаалга. Байгалийн баялагт суурилан хөгжсөн дэлхийн улс орнууд энэ жишгээр л өнөөдрөө бүтээсэн байдаг. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.