АҮЭБЯ: Рио Тинтотой менежментийн төлбөрийг эрс бууруулах, засаглалыг сайжруулах протоколд гарын үсэг зурлаа
2 Өдрийн өмнө
160
АҮЭБЯ: Рио Тинтотой менежментийн төлбөрийг эрс бууруулах, засаглалыг сайжруулах протоколд гарын үсэг зурлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг болон "Рио Тинто" групп хоорондын хэлэлцээний протоколд талууд өнөөдөр гарын үсэг зурлаа. Хэлэлцээний талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Рио Тинто" групптэй менежментийн төлбөрийг эрс бууруулах, засаглалыг сайжруулах протоколд гарын үсэг зурлаа” хэмээн онцоллоо.
 
Тэрбээр "Оюутолгой компанид болж буй зарим болохгүй байгаа асуудлуудыг шийдье, эцсийн үр дүнд нь Монголын ард түмэнд ирэх байгалийн баялгийн өгөөжийг наашлуулж, хурдлуулах чиглэлд тохиролцсон протоколыг зурж чадлаа. Өмнө нь бидний тавьсан шаардлагыг хангахгүй байгаа учир энэ хэлэлцээрийг зогсоож байгаагаа мэдэгдэж хэлэлцээрээс гарсан.
 
"Рио Тинто" компанитай ажил хэргийн шугамаар ярилцсаны үр дүнд бид бүхэн өнөөдөр амжилтад хүрч, эхний бодит үр дүн гарч, протоколд гарын үсэг зурлаа. Энэхүү протоколын агуулга нь маш тодорхой. Менежментийн төлбөрийг эрс бууруулъя, засаглалыг сайжруулах чиглэлд "Рио Тинто" болон Монголын Засгийн газар хувь нийлүүлэгчдийн хувьд Оюутолгой компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөр холбогдох шийдвэрийг гаргуулъя гэсэн шийдвэрт хүрч чадлаа.
 
Хэлэлцээр үргэлжилж байна. Энэ сард багтаан Монголын талаас хариугаа өгөх ёстой. Протоколд гарын үсэг зурж, "Рио Тинто" компанийн зүгээс бидэнд менежментийн гэрээний ямар өөрчлөлт оруулах талаар саналаа өглөө. Үүн дээр бид ажиллаж арваннэгдүгээр сардаа багтаан хариугаа өгнө. Энэ ондоо багтаан менежментийн төлбөр болон засаглалтай холбоотой асуудал дээр ахиц гаргасан шийдвэрт хүрэхэд их ойрхон байна” гэлээ.
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.