Халзан бүрэгтэй ордод хийгдэж буй хайгуул, судалгааны ажлыг үргэлжлүүлж, нөөцийг бүрэн тогтоох нь зүйтэй гэж дүгнэжээ
2 Өдрийн өмнө
132
Халзан бүрэгтэй ордод хийгдэж буй хайгуул, судалгааны ажлыг үргэлжлүүлж, нөөцийг бүрэн тогтоох нь зүйтэй гэж дүгнэжээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар “Халзан бүрэгтэй”-н орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах" сэдвээр зохион байгуулсан ерөнхий хяналтын сонсголын тайланг сонслоо. Ерөнхий хяналтын сонсголын тайланг Улсын Их Хурлын гишүүн, тус сонсголын даргалагч Б.Баярбаатар гишүүн танилцуулав. Хяналтын 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулсан юм. 

Тус сонсголд нийт 132 хүн оролцсон бөгөөд сонсголд оролцож санал хэлэхээр хүсэлт гарган, бүртгүүлсэн Ховд аймгийн 24 иргэн, цахим хуудсаар саналаа ирүүлсэн 17 иргэн, заалнаас 19 нийт 60 иргэн үг хэлжээ. Ерөнхий хяналтын сонсголоос гарсан нэгдсэн дүгнэлтийг товчлон Б.Баярбаатар гишүүн хуралдаанд танилцуулав.

Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичигт Монгол Улсад газрын ховор элементийн чиглэлээр Төрөөс баримтлах бодлогыг тодорхойлсон. Халзан бүрэгтэй орд бол газрын ховор элементийн орд бөгөөд хайгуулын шатанд явж байгаа бөгөөд цаашид ашиглалтад бэлтгэгдэж байгаа төсөл. Тус ордод диспрози, терби, ниодим, паразиоди гэх 4 тогтмол соронзонгийн түүхий эд газрын ховор элемент агуулагддаг бөгөөд эдгээр нь өөрөөсөө цацраг идэвхгүй.

Зах зээлийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж буй өнөө үед Халзан бүрэгтэй ордын газрын ховор элементийн ордыг ашиглан, түүхий эдийг дунд шат хүртэл боловсруулж, нийлмэл исэл үйлдвэрлэх нь өндөр ач холбогдолтой. Энэ нь ордын нөөцийг илүү үр ашигтай ашиглах, дотооддоо нэмүү өртөг шингээх, улмаар дэлхийн тогтмол соронзонгийн зах зээлд урт хугацаанд найдвартай нийлүүлэгч болох боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулах чухал төсөл болох аж.

Байгалийн цацраг гэдэг нь ердийн ашигт малтмалын ордуудад ч байх бөгөөд Халзан бүрэгтэй ордод агуулагдах уран 0.009 хувь байгаа нь газрын ховор элементийн Монгол Улс дахь бусад ордоос бага үзүүлэлт гэжээ. Халзан бүрэгтэй ордод 2000 онд анх хайгуулын тусгай зөвшөөрлийг 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн дагуу олгосон. Үүний дараа, 2001 болон 2004 онуудад уг зөвшөөрөл тус хуулийн 18.6.1 дэх заалтын дагуу хайгуулаас ашиглалтын тусгай зөвшөөрөлд шилжсэн. Одоогийн тусгай зөвшөөрөл эзэмшигч рүү 2011 онд Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 242, 243 тоот тушаалаар 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн 49.1 дэх хэсгийн дагуу шилжүүлсэн. Сонсголын үеэр Төрийн байгууллага болон шинжээчийн гаргасан дүгнэлтээр тусгай зөвшөөрөл нь хуульд заасан шаардлагыг хангасан хууль ёсны бөгөөд хүчинтэй хэмээн дүгнэжээ.

Өмнөх жилүүдэд ордыг ашиглаагүй, хөрс хөндөгдөөгүй, зөвхөн хайгуул судалгааны ажил хийж, нөөцийг нэмэгдүүлэх, боловсруулалтын аргыг судлах үйл ажиллагаанууд явагдаж байгааг тус дүгнэлтэд дурдсан байна.

Малын эрүүл мэндийн талаар Мянгад суманд өмнөх онуудад төрсөн гажигтай төлүүдэд хийсэн Мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн шинжилгээ дүгнэлтээр цацрагийн хордлого илрээгүй, цацрагаас болсон гэдэг нь тогтоогдоогүй. Мянгад суманд 2025 оны хавар ургийн гажигтай төрсөн төлүүдэд цацрагийн шинжилгээг итгэмжлэгдсэн лабораториор хийлгэж,  цацрагаас шалтгаалсан эсэхийг баталгаажуулах шаардлагатай. Учир нь Мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн цацрагийн тоног төхөөрөмж эвдэрсний улмаас одоогоор цацрагийн шинжилгээ хийх боломжгүй гэдгийг ерөнхий хяналтын сонсголоор дүгнэжээ.

Төрийн байгууллагын зүгээс танилцуулсан мэдээлэл болон шинжээчдийн дүгнэлтээр хайгуулын үйл ажиллагаа явагдаж байх үед байгалийн цацрагийн хэмжээ хүрээлэн буй орчин, хүн малын эрүүл мэндэд хордлого үүсгэх тунгаас эрс бага болохыг мөн тус нэгтгэсэн дүгнэлтийг танилцуулахдаа Б.Баярбаатар гишүүн тэмдэглэв.

Төсөл хэрэгжүүлэгч нь Халзан бүрэгтэй ордын нөөцийн тооцоо, ТЭЗҮ, Байгаль орчны ерөнхий үнэлгээ, Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө зэргийг боловсруулсан. Ордын ашиглалтын үйл ажиллагааг эхлүүлэхээс өмнө Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг харьяа яамнаас өгсөн зөвлөмжийн дагуу сайжруулж, иргэдээс санал авч, баталгаажуулах шаардлагатай гэж дүгнэжээ.

Хайгуулын шатанд усны нөөц болон чанарт онц ноцтой хохирол учруулсан гэсэн нь шинжээчийн дүгнэлт болон төрийн байгууллагаас өгсөн мэдээллээр нотлогдоогүй гэжээ. Гэхдээ ашиглалтад шилжих үеийн технологийн усны хэрэглээг эцэслэн тооцоолох, эх үүсвэрийг тодорхойлох, усны нөөц, чанарыг хамгаалах төлөвлөгөөг боловсруулах зайлшгүй шаардлагатай гэж дүгнэсэн байна. Орон нутгийн иргэд болон иргэний нийгмийн байгууллагуудаас төслийн үйл ажиллагаатай холбоотой гаргасан гомдлуудыг төрийн байгууллагуудаас сонсголын явцад тодруулахад тухайн гомдлуудад дурдсан нөхцөл үндэслэл  муутай, нотлогдохгүй байсан хэмээн Б.Баярбаатар гишүүн дурдав.

Сонсголын оролцогчид,  Улсын Их Хурлын гишүүдийн зүгээс газрын ховор элементтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг давхардуулан хуульчилсан нь ойлгомжгүй, сайжруулах шаардлагатай болохыг илэрхийлж байсныг мөн танилцууллаа.

Газрын ховор элементийн талаар төрөөс баримтлах бодлого чиглэлийн талаар харилцан ойлголцол, ойлголт муутай байгааг, төрөөс олгосон тусгай зөвшөөрөл дээр үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хангах чиглэлээр дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж дүгнэлтэд дурдсан байна.

Орон нутгийн иргэд, төрийн захиргааны байгууллага, төсөл хэрэгжүүлэгчийн хамтын ажиллагаа хангалтгүй, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа маш муу явуулсан бөгөөд төслийг хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагуудын санаачилга сул байсан болохыг тэмдэглэжээ. Төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс орон нутгийн иргэдэд төслийн үйл ажиллагаа, үр ашиг, үүнээс тухайн орон нутагт шууд үзүүлэх үр ашиг, хүрээлэн буй орчинд үзүүлэх үр нөлөөг ойлгуулах талаар хангалтгүй ажилласан болохыг ерөнхий хяналтын сонсголоос гарсан нэгдсэн дүгнэлт тэмдэглэсэн байна.

“Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах" сэдэвт, 132 хүн оролцсон ерөнхий хяналтын сонсголоос цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналуудыг мөн гаргажээ. Тухайлбал, Монгол Улсын газрын ховор элемент хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин дахь тулгамдсан асуудал, хуулийн нийцлийг хангах, давхардлыг арилгах,  газрын ховор элементийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах, гадаадын хөрөнгө оруулалт татахад саад учруулж, давхардал үүсгэж буй Ашигт малтмалын тухай хууль болон Цөмийн энергийн тухай хуулиудын хийдлийг арилгаж, цаашид энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг тодорхой болгох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлагатай гэжээ.

Монгол Улсад эрдэс баялгийн салбарт газрын ховор элементийн хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлэх, төрийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Халзан бүрэгтэй ордод хийгдэж буй хайгуул судалгааны ажлыг үргэлжлүүлж, нөөцийг бүрэн тогтоох, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг шинжлэх ухаанч байдлаар тодорхойлох зэргийг харьяа төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн удирдлага, төсөл хэрэгжүүлэгч нар хариуцах нь зүйтэй гэжээ.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг баталгаажуулах, геологи хайгуулд гадаадын хөрөнгө оруулагчийн итгэлийг хамгаалах үүднээс хууль хяналтын байгууллагаас үйл ажиллагааг нь зогсоохоос бусад тохиолдолд хайгуул судалгааны ажлыг тасралтгүй явуулахад харьяа төрийн захиргааны байгууллагаас анхаарах шаардлагатай гэсэн байна.  Нөгөө талаас төслийн үйл ажиллагааны явц дахь байгаль орчны нөлөөллийг тасралтгүй хянах, иргэдийн санаа зовоосон асуудлуудад мэдээлэлтэй байх үүднээс харьяа төрийн захиргааны байгууллага, орон нутаг дахь хяналт шалгалтын эрх бүхий нэгжүүд тогтмол хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Төсөл хэрэгжүүлэгч болон орон нутгийн иргэд, төрийн захиргааны байгууллагууд, мэргэжлийн эрдэмтдийн хамтарсан ажлын хэсэг байгуулж, төслийн талаар нэгдсэн мэдээлэл, ойлголттой болох, харилцан ойлголцлыг нэгтгэх үйл ажиллагааг санаачилж зохион байгуулах шаардлагатай гэдэг саналыг мөн гаргажээ.

Хайгуул судалгааны ажил дууссаны дараа Халзан бүрэгтэй ордын нөөцийн тооцоолол, ТЭЗҮ, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ зэргийг харьяа яамд мэргэжлийн зөвлөлүүдээрээ хэлэлцүүлж, ордыг ашиглалтад бүрэн бэлтгэгдсэн эсэх, ашиглалтаас үүдэх экологи, эдийн засгийн болзошгүй хохирлын талаар дүгнэлт гаргах шаардлагатай болохыг чухалчилсан байна. Иймээс чиг үүргийн төрийн захиргааны төв байгууллагууд газрын ховор элемент дээр шинжлэх ухаанд суурилсан нарийвчилсан судалгаа, шинжилгээтэй, хангалттай мэдээлэлтэй байх шаардлагатай гэжээ.

Халзан бүрэгтэй ордоос Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг дээр 4.2.13-т заасан зорилтын хэрэгжилтийг хангах үүднээс тус ордын түүхий эдийг боловсруулахдаа баяжуулалт болон боловсруулалтын үйлдвэрийг ашиглан нэмүү өртөг шингээсэн, эдийн засгийн тэлэлтийг дэмжих бүтээгдэхүүн гаргах нь зүйтэй хэмээн үзсэн болохыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар тайландаа танилцуулсан. 

Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга ерөнхий хяналтын сонсголын тайлантай холбогдуулан үг хэлэв. Тус ордын хайгуул дуусаагүй, хайгуул үргэлжлэх дундаж хугацаа 10-15 жил байдаг гэдгийг тэрбээр тайлбарлаад сонсголын дүгнэлтэд хайгуулын ажлыг үргэлжлүүлэхээр тусгасан байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Газрын ховор элемент гэхээр зэрэгцүүлээд уран гэж хольж, мэдээлэл тарааж иргэдийг төөрөгдүүлж байсныг дурдаад, сонсголын тайланд энэ хоёр тусдаа, Халзан бүрэгтэйгээс уран олборлохгүй гэдгийг тодорхой болгож, талууд нэгдсэн ойлголт, мэдээлэлтэй болсноороо чухал ач холбогдолтой хэмээн онцолсон.

Мөн сонсголын тайлан дахь дүгнэлт, гишүүдийн хэлж байгаачлан төр тусгай зөвшөөрөл олгосон бол хамгаалдаг байх шаардлагыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Б.Уянга гишүүн Ховд аймгийн Мянгад сумын Засаг дарга, ИТХ-ын төлөөлөл сонсголд оролцоогүйг дурдаад цаашид Улсын Их Хурал аль нэг аймаг, суманд хэрэгжих төслийн асуудлыг авч хэлэлцэх бол орон нутгийн удирдлагуудыг заавал оролцуулдаг байх хэрэгтэй гэдэг санал хэлж байв. Ийнхүү ерөнхий хяналтын сонсголын тайланг хэлэлцэж дууссанаар Байнгын хороодын хамтарсан хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

 

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.