Хөгжлийн банк 2024 онд
4 Өдрийн өмнө
88
Хөгжлийн банк 2024 онд

Монгол Улсын Хөгжлийн банк ирэх онд эдийн засгийг хөдөлгөх шинэ төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөж буйг гүйцэтгэх захирал З.Нарантуяа яриандаа дурдсан. Гэхдээ олон улсын байгууллагаас ногоон зээлийн хямд эх үүсвэрийг татан төвлөрүүлж, экспортыг дэмжсэн зорилтот төсөл, хөтөлбөрүүдээр дамжуулан эдийн засгийг дэмжихэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн. Тэгвэл тус банк 2024 онд ямар онцлох ажлууд хийсэн талаар товчлон хүргэе.

Чойбалсангийн дулааны цахилгаан станцын 50 МВт-ын өргөтгөлийг санхүүжүүлж, ашиглалтад оруулав

Монгол Улсын Хөгжлийн банк БНХАУ-ын Хөгжлийн банкны эх үүсвэрээр 420 сая юанийн санхүүжилт олгож, эрчим хүчний салбарт олон жил хийгдээгүй томоохон бүтээн байгуулалтад хувь нэмрээ орууллаа.

Тус дулааны цахилгаан станц нь Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн 36 сумын 38,000 айл өрх, 9,000 гаруй аж ахуйн нэгжийг найдвартай, тогтвортой эрчим хүчээр хангаснаар экспортын орлого өсөж, ажлын байр шинээр нэмэгдэх боломжийг олгосон, олон талын чухал ач холбогдолтой төсөл болсон. 

Азийн хөгжлийн банкнаас техникийн туслалцаа авах хамтын ажиллагааг эхлүүлэв

Азийн хөгжлийн банктай амжилттай хэлэлцээр хийж, техникийн туслалцаа авах хамтын ажиллагааг эхлүүлэв. Ингэснээр Хөгжлийн банк олон улсын түвшинд хүрч ажиллах, хүлээн зөвшөөрөгдсөн банк болох эхлэл тавигдлаа.

Банкны зээлжих зэрэглэлийг В+ (тогтвортой) болгож сайжруулав

Монгол Улсын Хөгжлийн банк нь олон улсын зах зээлд гаргасан гадаад бондуудаа цаг хугацаанд нь эргэн төлж, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлснийг үндэслэн Standard & Poors, Fitch болон Moody’s агентлагууд Монгол Улсын Хөгжлийн банкны урт хугацааны зээлжих зэрэглэлийг B+ (тогтвортой) болгон ахиуллаа.

Хөрөнгө оруулалтын сан байгуулав

Эко хороолол ба орлогод нийцсэн орон сууцны санд хөрөнгө оруулах тухай НИТХ-ын тогтоол гарсан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос санг бүртгэх зөвшөөрөл олгов. Ингэснээр Баянхошуу, Шархад орчмын бүсэд 50 гаруй га газарт эрчим хүчний хэмнэлттэй, дулаан алдагдлыг бууруулсан, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, дахин боловсруулсан барилгын материал ашигласан, сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй, цэвэр усны хэрэглээг ухаалгаар шийдсэн зэрэг олон улсын ногоон барилгын үнэлгээний систем болох EDGE стандартыг хангасан 5,000 айлын, 10 эко хорооллыг байгуулна. Тус бүтээн байгуулалтын санхүүжилтийг арилжааны банкуудтай хамтран олгох ба худалдан авагчдад ногоон ипотекийн зээл олгох санхүүжилтийн механизм бүрдэх юм.

“Ди Би Эм лизинг” компани Амгалан ДЦС-ын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөх төслийг хугацаанаас нь 4 сарын өмнө бүрэн ашиглалтад оруулав

Уг өргөтгөл ашиглалтад орсноор Улаанбаатар хотын зүүн бүсийн өсөн нэмэгдэх хэрэглээг хангаж, 73.6 Гкал/ц-ийн ачаалал буюу 12,000 орчим айл өрхийн орон сууцны шинэ хороолол, 14 сургууль, цэцэрлэгийг эрчим хүчээр хангах боломж бүрдсэн. Ингэснээр 40 орчим халаалтын зуухыг буулгаж, агаарын бохирдлыг тэр хэрээр бууруулах боломжийг бүрдүүлэв.

Мөн тус компани нь Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр шалгаруулдаг “ТОП-250” аж ахуй нэгж байгууллагын нэгээр шалгарсан нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлсэн үйл явдал байлаа.

Олон улсын захад 200 сая ам.долларын бонд арилжаалав

Олон улсын зах зээлд хаалттай хэлбэрээр 200 сая ам.долларын бонд арилжаалж, хөрөнгийн зах зээл дэх байр сууриа бататгав.

142 тэрбум төгрөгийн бондыг дахин санхүүжүүллээ

Хөгжлийн банк 142 тэрбум төгрөгийн бондыг дотоодын биржийн бус зах зээлд дахин санхүүжүүлж, өрийн удирдлагыг амжилттай хэрэгжүүллээ. Ийнхүү Хөгжлийн банк дотоодын биржийн бус зах зээлийн хамгийн өндөр дүн бүхий үнэт цаас гаргасан банк болохоо баталгаажуулав.

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.