Төрийн өмчит компаниуд ашигт ажиллагаа, хөрөнгийн өгөөжөөр хувийн хэвшлийн компаниудаас хол хоцорч, дийлэнх нь алдагдалтай ажиллаж ирсэн. Эдийн засгийн тамир тэнхээ нь сайжирдаггүй, үйл ажиллагаа нь доголдолтой олон оныг элээж, буруу жишиг өнгөрсөн хугацаанд тогтжээ. Тэгвэл энэ ужгирсан байдлыг өөрчлөх, засах дорвитой алхмыг өнөөдрийн Засгийн газар эхлүүлээд байгаа. Төр өмчөө цэгцлэх, нийгэм, эдийн засгийн үр ашгаар үйл ажиллагааг нь хэмжих, зах зээлд зам мөрийг нь даатгах реформ хөдөлжээ. Энэ хүрээнд төрийн өмчит компанийн ашиг, алдагдлыг олон нийтэд ил болгож, хаалттай мэдээлэл нээлттэй болж эхэллээ. Санхүүгийн тайлан баланс, удирдлагын шийдвэр, тендер тэргүүтэй эдгээр мэдээлэл гэсэн үг.
soe.gov.mn гэж цахим хуудаснаас бүхнийг харах, хяналт тавих, асуудлыг хөндөх мэдэх эрх нээгдлээ. Төрийн өмчит аль ч компанийн алдагдал, ашгийн мэдээллийг бүрэн эндээс аваад зогсохгүй санхүүгийн тайлан, төлсөн татвар түмэнд ил болж байна. Өмнө нь эдгээр мэдээлэл төрийн нууц мэт цөөн хүний түвшинд эргэлдэж, нийтийн өмч хяналтгүй үрэгдэж байсан нь нууц биш. Хаалттай учраас хэмжих, хянах, оролцох, мэдэх боломжгүй байсан гэсэн үг. Энэ байдал нь төрийн өмчит компаниудын өсөлт, хөгжлийн үүд хаалгыг түгжиж, чөлөөт өрсөлдөөнийг чөдөрлөсөн юм. Төрийн өмчит гэх нэрийн дор асуудал томорч, төрд ч, түмэнд ч хүртээл бага байсан.
2025 оны Төсвийн тухай хуулийг дагалдуулан өргөн барьсан хуулиудын дунд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар өргөн барьж батлуулсан.
Тус хуулийн өөрчлөлтөөр өнгөрсөн хугацаанд алдагдалтай ажиллаж ирсэн ч хариуцлагагүй хүлээдэггүй, төрөөс нэмээд татаас авч ирсэн төрийн өмчит компанийн орших, эс орших тухай ярих, хэлэлцэх, мэдээллийг нь олон нийтэд нээлттэй болгох, улмаар алдагдалтай ажиллаж буй компаниудыг татан буулгах хүртэл арга хэмжээ авахаар тусаж батлагдсан юм.
Засгийн газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын түвшинд төрийн өмчөө бүртгэх, өмчийн оролцоог тодорхой болгох, төрийн өмчийн хуулийн этгээдийн харилцаа, хэмжээ, үүрэг хариуцлагыг дахин тодотгож, 30 жилийн завхрал, алдааг засах ажил урагшилж байна. Төрийн өмчит компаниудыг цэгцлэх нь нийгмийн захиалга төдийгүй улс төрийн шийдвэр байсан. Төрийн өмчит учраас гэх өмгөөлөх, хамгаалах, бусдаас давуу эрх эдлэх байдлыг хязгаарлаж, бүх шатанд хариуцлага, үр ашгийн эрэмбэ яригдаж байна.
Нээлттэй, ил тод байдлаас төрийн өмчит хуулийн этгээд нь төсөв, төлөвлөгөө, хөндлөнгийн аудитын дүгнэлт, их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй гэрээ, ТУЗ-ийн шийдвэр /төрөөс авсан татаас, хандив тусламж, төлбөр, татвар, хураамж, нууцад хамааруулсан мэдээллийн жагсаалт тэргүүтэй нийт 12 төрлийн мэдээллийг нээлттэй болгох, үүний эхлэл болж,
https://soe.gov.mn/ цахим хуудсаар дамжуулан ашигтай болон алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудын мэдээллийг шат дамжлагагүй, түргэн шуурхай, хүнд сурталгүй хүлээж авах гарц үүссэн. Өнгөрсөн онд төрийн өмчийн 54 компани алдагдалтай ажилласан байх жишээтэй.
Иргэд төрд, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд хяналт тавих, хариуцлага нэхэх, ил тод, нээлттэй байдлыг шаардах талбар бий боллоо. Төрийн өмч толгойлсон, удирдсан захирлуудын гаргасан шийдвэр, ажлын үр дүн, бүтээмж тооны хэлээр баримттайгаа олны өмнө ирдэг болж эхэллээ. Эндээс л эрүүл засаглал, үр ашиг, бизнесийн ёс зүй, хариуцлага, сайн менежмент тодрох учиртай.