“Хөрөнгийн зах зээлийн зохицуулагч байгууллага 30 жил” дурсгалын зоос худалдаанд гарлаа
1 Өдрийн өмнө
62
“Хөрөнгийн зах зээлийн зохицуулагч байгууллага 30 жил” дурсгалын зоос худалдаанд гарлаа

Монгол Улсад Үнэт цаасны зах зээлийн хууль эрх зүйн орчин бүрдэж, хяналт зохицуулалтын институци бий болсны 30 жилийн ойг  тохиолдуулан “Хөрөнгийн зах зээлийн зохицуулагч байгууллага 30 жил” 1 унцын мөнгөн дурсгалын зоосыг үйлдвэрлүүлэн хүлээн авч, тус дурсгалын зоосны нээлтийн үйл ажиллагааг Монголбанкны Эрдэнэсийн сангийн мөнгөн тэмдэгтийн танхимд зохион байгууллаа.

Монголбанкнаас улс орны түүхэн үйл явдал, тэмдэглэлт ойг тохиолдуулан дурсгалын зоос гаргадаг бөгөөд “Хөрөнгийн зах зээлийн зохицуулагч байгууллага 30 жил” дурсгалын мөнгөн зоосыг 1 унц буюу 31.1 гр жинтэй, 38.61 мм диаметртэй, классик рилийф (classic relief) технологиор “Койн Инвест Траст” компанид үйлдвэрлүүлэн худалдаанд гаргалаа.

УИХ-аас 1994 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хөрөнгийн зах зээлийн харилцааг зохицуулах зорилгоор Үнэт цаасны тухай хуулийг баталсан бөгөөд 2024 онд тохиож буй үнэт цаасны зах зээлийн харилцааны анхны бие даасан эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлсний 30 жилийн ойг тохиолдуулан “Хөрөнгийн зах зээлийн зохицуулагч байгууллага 30 жил” дурсгалын зоосыг Санхүүгийн зохицуулах хороотой хамтран гаргав.

Тус дурсгалын зоосны нүүрэн талд Монгол Улсад орчин цагийн банкны салбар үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойд зориулан Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, “Тэрбум мод” сан болон бусад байгууллагатай хамтран хөрөнгийн зах зээлийн өсөлт, хүч чадлыг бэлгэдэн бүтээлгэсэн бухын хөшөөг дүрсэлсэн бол ар талд нь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны логог байршуулсан.

Санхүүгийн салбарын бэлгэдэл болсон Бухын хүрэл хөшөөг Монголын Урчуудын эвлэл, уран бүтээлчид бүтээсэн юм. Дэлхий дахинаа эдийн засаг, санхүүгийн томоохон бүсүүдэд хүч чадал, эрх мэдэл, ололт амжилтын бэлгэдэл болгон бухын дүрслэлийг хэрэглэдэг нь нэгэн соёл болсон. Энэ жишгээр Монголын санхүүгийн зах зээлийн бэлгэдэл болгон бухын дүрслэлийг өөрийн орны онцлог, ёс бэлгэдлийг шингээн урласан. Зохиомжийн хувьд бодит дүрслэлээс эрс ялгагдах, эрчилсэн хүчтэй хөдөлгөөнийг хагас дугуй хэлбэрт зохиомжилсон бөгөөд энэ нь санхүүгийн зах зээлийн зүй тогтол, тойрог, эргэлдэх, өсөж нэмэгдэх агуулгыг гүн шингээж өгчээ.

Монголбанкны Эрдэнэсийн сангаас худалдаалж байгаа дурсгалын зоосны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг erdenesiinsan.mn сайтаас авах боломжтой.

mongol_bank_zoos_241225 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.