УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хоёр дахь удаагаа хэлэлцэн баталж, 2025 оны төсвийн төслийг эцэслэн баталлаа.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 86.4 хувь, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 81.8 хувь тус тус дэмжлээ.
2025 оны төсвийн төсөлд Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий бодит өсөлтийг 2025 онд 8.0 хувь, 2026-2027 онд 6.5 хувь байх, хэрэглээний үнийн өсөлтийн түвшнийг 2025 онд 7.2 хувь, 2026 онд 5.0 хувь, 2027 онд 4.0 хувьд хүргэхээр тооцсон байна. Мөн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2025-2027 онд алдагдалгүй байхаар тооцож, Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь 2025 онд 55 хувь, 2026 онд 50 хувь, 2027 онд 45 хувьтай тэнцэхээр байна.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа Монгол Улсын 2025 оны төсвийг алдагдалгүй болгож, нийт 35.8 их наяд төгрөгийг 33.7 их наяд болгон бууруулж чадсан нь том дэвшил болсныг онцоллоо.