-Гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр хөгжсөн улс орон гэж байхгүй-
Эдийн засгийн сэтгүүлчдийн клубийн ээлжит өглөөний уулзалт "Хөрөнгө оруулалтын орчин, гадаадын хөрөнгө оруулалт" сэдвээр зохион байгуулагдсан юм. Энэхүү уулзалтад эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан уригдан оролцсон билээ. Түүний хувьд М.Энхсайханы Засгийн газарт Гадаадын хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан.
Өнөө Хамтарсан Засгийн газар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, зарчмын тодорхой өөрчлөлтүүдийг хийх хүлээлттэй байна. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль болгон өөрчлөх, гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн татах вэ гэдэгт онцлон анхаарч, эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдэд харьцангуй давуу талыг нэмэгдүүлэх, урамшууллын зохих бодлогуудыг тусгахаар хэлэлцэж байна.
Сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа явуулаагүй Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг Гадаадын хөрөнгө оруулагчдын зөвлөл болгон өөрчилж, тогтмол үйл ажиллагаа явуулдаг, бодлогын зөвлөмж гаргадаг, чухал шаардлагатай бодлогуудыг зангиддаг байгууллага болгох, уг зөвлөлд хувийн хэвшлийн, бизнесийн танхимуудын төлөөллүүд багтах зэрэг төслийн түвшинд томоохон зарчмын өөрчлөлт яригдаж байна.
Манай улс руу чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд эрс буурсан төдийгүй хөрөнгө оруулалтын орчин ихээхэн муудсан юм. Ийм цаг үед эрх зүйн орчны шинэчлэл эхэлж байна. Хөрөнгө оруулалт, тэр тусмаа гадаадын хөрөнгө оруулалттай холбогдуулан Эдийн засагч Д.Жаргалсайхан дараах байр суурийг илэрхийлсэн юм.
Эдийн засагч Д.Жаргалсайхан "Гадна, дотнын аль нь мэдэгдэхгүй, ямар л санал санаачилга гарч ирнэ түүнийг үгүйсгэдэг, төсөл унагадаг байдал үүсээд удлаа. Нийгмийн сүлжээг ашигласан ийм сонин нөхцөл байдал өөрөө их хортой юм. Бүр энэ нь мэргэшсэн, нарийн аргатай болчихсон. Гадаадын хөрөнгө оруулалт, барууны төсөл ярихаар энэ байдал илүү даамжирч, идэвхждэг. Бид нар том дүнтэй хөрөнгө оруулалт ярих цаг болсон. Том хөрөнгө оруулалт гэдэгт нь цахилгаан станц барих орно. Хөрөнгө оруулалтгүйгээр хөгжсөн улс орон гэж байхгүй. Хэрвээ бид энэ Засгийн газраа унагачих юм бол дараагийн Засгийн газар тогтворгүй байх эрсдэлтэй. Тогтворгүй байна гэдэг том төслүүд хэрэгжиж чадахгүй гэсэн үг. Ийм орчин нөхцөлд гадаадын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хөгжил ярих боломжгүй. Өнөөдөр хамтарсан Засгийн газар байгуулагдсан учраас л бид гадаадын хөрөнгө оруулалт, том төслүүдийн талаар илүү ярьж, олон жил гацсан, улс орны хөгжилд нэн хэрэгцээ, шаардлагатай төслүүдийг хэрэгжүүлэхээр зорьж, бодитой алхмууд хийгдэж эхэлж байна. Хамтарсан засаг бүрдсэн учраас тэр ярих, хэлэлцэх боломж нь бүрдэж байна гэсэн үг. Энэ түүхэн цаг үе, боломжоо ашигламаар байгаа юм. Түүнээс МАН дангаараа Засгийн газар байгуулсан бол өнөөдөр бид энд суугаад том төслүүд, гадаадын хөрөнгө оруулалт ярихгүй л дээ. Яриад ч тэр бүтэлтэй байхгүй. Засгийн газар нь тогтворгүй байвал энэ бүхэн ажил болж чадахгүй. Улс төрийн тогтворгүй байдал руу улс орныг оруулах ил, далд сонирхол их аюултай, улс оронд ч их сөрөг нөлөөтэй. Ийм сонирхол улс орны хөгжлийг хойш нь татдаг. Энхсайханы Засгийн газар дээр энэ байдал явагдсан. Дараа дараагийн Засгийн газар дээр ч давтагдсан. Жил, жилээр л... Тогтворгүй улс төрийн орчин үүссэн. Бодлого тогтворгүй болсон. Үүнийг бид давтмааргүй байна. Улс төрд ойрхон хараатай хүмүүсийн зодоон болгоод дуусмааргүй байна. Бид нарыг урт хугацаагаар юм хийлгэхгүй байлгах сонирхол их байна. Аюултай сонирхол гэж хэлнэ. Төслүүдийг нь явуулахгүй байх, гацаах, энэ их ноцтой. Алсыг бодох хэрэгтэй байна. Хүүхдүүд, залуучууд маань энэ бүх байдлаас болж гадагш зугтаад дууслаа. Виз өгчих л юм бол энэ хотын түгжрэл чинь бараг шийдэгдчих гээд байна шүү, Солонгос руу яваад. Тиймээс дахиад хэлэхэд алсыг бодохгүй бол болохгүй нь" хэмээн Д.Жаргалсайхан эдийн засагч өөрийн байр сууриа хуваалцсан юм.