Уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засаг гэж улиг болтлоо ярьж байгаа ч Монгол Улс эдийн засгаа солонгоруулж, төрөлжүүлж чадахгүй явсаар байгаа нь үнэн билээ. Ойрын 10-20 жилдээ энэ хараат бус байдлаас гарна гэдэг эргэлзээтэй буюу уул уурхай манай эдийн засгийг тэжээж тэтгэх гол салбар хэвээр байх нь тодорхой байна. Гэвч уул уурхайд тусгай мэргэжил бүхий цөөхөн хүн л өндөр цалингаар ажилладаг, ашгийг нь ч цөөн компани, цөөн хүн хүртдэг учраас тоон утгаараа өсөлт нь өндөр боловч нийт иргэдэд хүртээмжтэй байж чадахгүй байгаа. Энэ нь манай улсад баялгийн тэгш бус хуваарилалт, төсвийн буруу бодлого хэрэгжиж ирсэнтэй холбоотой.
ДНБ-нд боловсруулах үйлдвэрлэл илүү хувь хэмжээтэй бол тэр нь сая эдийн засаг солонгорч, дотоодын үйлдвэрлэл хөгжиж буйг харуулах юм. Гэтэл уул уурхай илүү хувьтай байгаа нь “Баялагийн хараал”-аас одоог хүртэл салаагүйг харуулж байна.
Өнөөдөр манай улсын эдийн засаг өсөж, их хэмжээний түүхий эд гаргаж байгааг бид шагшиж байгаа ч БНХАУ хилээ хаахад, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ унахад, хэн ч таамаглаагүй өвчин, цар тахал, байгалийн гамшиг тохиолдоход манай эдийн засаг шууд хямрах, уналтад орох өндөр эрсдэлтэй, маш эмзэг бүтэцтэй.
Иймд эдийн засгаа цаашид эмзэг биш тогтвортой удаан хугацаанд өсгөхийн тулд дөрвөн асуудлыг зайлшгүй анхаарах шаардлагатай гэж үзэж байна. Мэдээж тэдгээр нь бүхэлдээ дэлхийн чиг хандлагаас зөрөөгүй байх буюу уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах бодлогыг дэмжиж, түүнд дасан зохицоход чиглэсэн байх ёстойг энд сануулах нь илүүц биз ээ.
Ингээд улиг болсон зүйлсийг орхиод цаашид анхаарвал эдийн засгийг тогтвортой өсгөх суурь болох дөрвөн шийдлийг онцолмоор байна.
Яагаад гэвэл дэлхий нийтээр хэрэгжүүлэхээр зорьж буй зарим улс аль хэдийн хэрэгжүүлээд эхэлсэн Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан манай улсад нэн тэргүүнд анхаарч хэрэгжүүлбэл эдийн засгийн өсөлтөд шууд болон дам байдлаар нөлөөлөх тул сонгож авсан юм.
Зөв хөрөнгө оруулалт хийхийг тогтвортой өсөлтийн нэг чухал суурь хэмээн улс орнууд ч үзэж байгаа билээ. “Зөв” гэж тодотгоод байгаагийн учир нь тухайн хөрөнгө оруулалт ирээдүйд эдийн засгийн хөгжлийг тэтгэсэн, нийгмийн сайн сайхан байдлын төлөө үзэл санааг шингээсэн байх шаардлагатай. Цаашлаад цэвэр, ногоон бодлогыг дэмжсэн, ажлын байр олноор бий болгохуйц, эрүүл эдийн засгийн өсөлтийг өдөөж чадах хөрөнгө оруулалт ирээдүйг тодорхойлно.
Ийм хөрөнгө оруулалтыг хувийн хэвшил маш сайн хийдэг учраас ийм орон зайг төрөөс бий болгох нь манай улсад тулгамдсан асуудлын нэг болсон. Төсвийн хөрөнгө оруулалт хэдэн төгрөгөөр нэмэгдэнэ, төдий хэмжээгээр хувийн хөрөнгө оруулалт хумигдаж байдаг. Тиймээс хувийн хэвшлийн хийх боломжтой ажлуудыг төрийн мөнгөөр хийдэг манай буруу бодлогыг засахгүйгээр эдийн засаг тогтвортой өсөх боломжгүй. Төсвийн хөрөнгө оруулалт нь боловсрол, эрүүл мэндийн гээд нийгэмд үйлчлэх салбаруудын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэх хэрэгтэй бөгөөд үүнийг зардал гэж андуурч болохгүй.
Эдийн засгийн өсөлтийг бий болгож чадах зөв хөрөнгө оруулалт ирэх 10-20 жилийн тогтвортой өсөлтийн чухал суурь болно.
Инновац, системийн өөрчлөлтгүйгээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг ярих боломжгүй болсон. Тэр тусмаа эрчим хүч, тээвэр, барилга, хүнс болон хөдөө аж ахуй гээд бүхий л салбарт нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулж, бүтээмжийг өсгөх системийн шинэчлэл, инновац шаардаж байна. Эдгээр нь эхний ээлжинд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардах ч ирээдүйд үйл ажиллагааны зардлыг бууруулж, өгөөжийг нэмэгдүүлэх юм. Ажилчдын ур чадвар нэмэгдэж, бүтээмж өсгөдгөөрөө өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байна.
Аливаа бодлого хөгжлийн тэгш байдлыг хангахад чиглэж байгаа нь өнөөгийн дэлхий нийтийн чиг хандлага. Үүний тулд бодлого ил тод нээлттэй, шударга засаглалтай байхын зэрэгцээ нэг асуудлыг шийдэж байгаа гээд нөгөө талыг хохироох ёсгүй.
Түүнчлэн дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдад тогтвортой, ойлгомжтой хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой. Тэднийг татварын бодлогоор дэмжихийн зэрэгцээ инновацлаг төслүүдийг онцгойлон дэмжих бодлого хэрэгжүүлэх нь олон улс орны нэгдүгээр асуудал болсон. Урт хугацаанд, тогтвортой санхүүжилт олгож ажиллах боломжийг бодлогоор бүрдүүлэх нь чухал байна.
Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, их, дээд сургуулиуд болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, инновац хөгжүүлэх судалгааны төвүүдийг байгуулах нь төрийн бас нэг бодлого байх ёстой.
Мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх, ногоон хүртээмжтэй эдийн засгийн бодлогоо гаргахад олон талын хамтын ажиллагаа чухлаар хөндөгдөж байна.
Монгол шиг хөгжиж байгаа оронд бодлого, институтийн бэрхшээл, төсөл боловсруулах чадавх сул, их хэмжээний санхүүжилтийн найдвартай суваг байхгүй зэрэг хүндрэлүүд бий. Үүнийг олон улсын хамтын ажиллагаар шийдэх боломжтой. Манай улсад хамтын ажиллагаа харьцангуй сайн ч хэрэгжилт хангалтгүй байдаг нь асуудал юм. Ялангуяа, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор ногоон санхүүжилтийн эх үүсвэр маш их болсон бөгөөд үүнээс хүртэх боломж нээлттэй байна. Харин түүнийг зөв бодлогоор удирдаж, санхүүжүүлэх нь Монгол Улсын хувьд анхаарах асуудал юм.
Монгол Улсад хувийн хэвшлийн санхүүжилтийн маш том нөөц боломж бий гэж үзэж байгаа ба гагцхүү улсын сайн бодлого дутагдаж байна.
Ийнхүү тоочсончлон Монгол Улс инновац, хөрөнгө оруулалтыг дэмжсэн төрийн тогтвортой зөв бодлого явуулж, олон улсын хамтын ажиллагааг үр дүнтэй ашиглаж чадвал урт хугацаанд эдийн засгаа тогтвортой хөгжүүлэх бүрэн боломжтой.
Ц.Баасансүрэн