Тавантолгойг дахин явцуу эрх ашгийн бай болгомооргүй байна, харин...
2024.11.20
134
Тавантолгойг дахин явцуу эрх ашгийн бай болгомооргүй байна, харин...
Түүх давтагдах ч эрсдэлтэй. Гэхдээ энэ удаа Тавантолгойг дахин явцуу эрх ашгийн бай болгомооргүй байна. Болгохгүй гэж л хамтарсан засаг хана туургаа нийлүүлж, нэг гэрт орсон биз ээ. Энэ орд газарт өөрийн нөлөө, оролцоогоо хадгалж үлдэх, эсвэл шинээр эзэн суухыг хүсэгчдийн эрх ашгийн зөрчилдөөн цагийн цагт байсан. Одоо ч байгаа. Эх орон, ард түмэн гэх эчнээ танил үгийг тэд дор бүрнээ бамбай болгож, өөрсдийн хүслийг гүйцэлдүүлэхээр улайрч л ирсэн. Эргэн сануулахад, 2009, 2010 онд мөн л энэ "зодоон" өндрөө авч, Тавантолгой орд газрыг тав хуваах хэмжээнд асуудал хурцдаж байлаа. 
 
Өнөөгийн улс төрд мөнгөтэй, нөлөөтэй нь шат ахих, эрх мэдлийг өөртөө илүүтэй төвлөрүүлэх гэж оролдох болсон. Ийм улстөрчдөд мөнгөтэй байх тэр арга зам нь Тавантолгой болж хувирсан. Тийм болохоор зарим нь нүүрсний уурхайн ам, экспортын гарц, тээвэр дээр эрхшээн суух нь мөнхийн хүслэн. Нөлөөгөө тогтоох, тогтоон барих нь Тавантолгойн нүүрс. Өнөөдөр өрнөж буй үйл явдлаас харахад гэнэт сэдэрсэн эрх ашиг бус эрх ашиг нь хөндөгсөн учраас улс төрийн өрөг дээр Тавантолгойг гаргаж ирлээ. 
 
Монголын эдийн засгийг тодорхойлж буй уул уурхайн бараа бол нүүрс, зэсийн баяжмал. Энэ хоёр л улсын төсвийн орлогыг, эдийн засгийн эрчмийг тэнцүүлж, тулж ирсэн. Нүүрсний хувьд Тавантолгой онцгой "объект". Үе үеийн Засгийн газар Тавантолгойг өөрийн дураар хөдөлгөж бараагүй. Хүсэл байсан ч хүч нь хүрдэггүй байлаа. Улс төрөө ч дийлээгүй. Эдгээрээс болж Тавантолгойн ордын хувь заяа ч, Монголын эдийн засагт наалдах ажил хэрэгч саналууд ч орхигдсон.
 
Тавантолгойг тоож байсан хөрөнгө оруулагчид нь үргэж, тогоон дотроо л бид хоорондоо хэмлэлдэн үзэлцсээр өдий хүрэв. Дотоод нөөц, боломж, цаг хугацаагаа л бид хий барж, алдагдсан боломжийн өртгөө агуу ихээр нэмж ирлээ. Харин одоо шинэ нөхцөл үүслээ.
 
"Эрдэнэс Тавантолгой"-г хөрөнгийн бирж дээр гаргах, эдийн засгийн эргэлтэд бүрэн оруулах, хил холболтын төмөр замын төслөө эрчимжүүлэх, олон жилийн эдийн засгийн гацааг арилгах цаг үеийн нэн шинэ тохироо бүрдээд байна. Улс төр, эдийн засаг, гадаад харилцаа гээд бүхий л түвшинд энэ уур амьсгал тодоор илэрч буй. 
 
Ерөнхий сайдын Л.Оюун-Эрдэнийн хувьд Шанхай хүртэл хамтарсан засагт эвсэн нэгдсэн хоёр намын дарга нар буюу Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Шадар сайд Т.Доржхандаа дагуулж явсан нь кабинетаа зангидаж буйн илрэл гэж бусдын нүдэнд харагдаж байсан.
Гэхдээ үүнээс илүү эрчим хүч, дэд бүтцийн тулсан мега төслүүдээ хамтран эхлүүлэхэд манай Засгийн газар бэлэн гэдгээ л нотлохыг хүссэн мэт. Тэд хамтдаа хэлэлцээрийн ширээний ард сууж, хамтарсан Засгийн газрын тогтвортой байдалд өөрсдөө баталгаа гэдгээ ч илтгэсэн. Хэлэлцээрт тогтвортой байдал хамгийн чухал гэдгээ ч аль аль нь мэднэ. 
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай Шанхай хотноо албан ёсны уулзалт хийж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төслийг хоёр тал шамдуулан зүтгүүлэхээр шийдсэн. Шанхайг зорьсон ажлын айлчлалын гол агуулга энд л огтлолцож байсан хэрэг.
 
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төсөлд "Чайна Энержи" олон янзаар буулт хийж, эцсийн мөчид нэг л нөхцөл тавиад байгаа. Энэ нь 20 жилийн хугацаатай нүүрс худалдан авах гэрээ байгуулах. Гэхдээ “Чалко”-д өгч байгаа нөхцлөөр нүүрс нийлүүлэх. Гэрээ байгуулахад хамгийн ярвигтай нь энэ. 20 жилийн дараах нүүрсний зах зээлийн төлөв, үнэ ханшийг одоо таамаглах нь учир дутагдалтай. Энд олон талын байр суурь, эрх ашиг хөндөгдөж, хөвөрч таарна. 
 
Засгийн газар "Чайна Энержи"-тэй гэрээ байгуулах асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж, дараа дараагийн замын зураг гарна. УИХ-ын шийдвэр нь Тавантолгой, та бидний амьдралд, улсын эдийн засагт, урагшлах том төслүүдэд хамгийн их хамаатай юм. 
 
 Хамтарсан Засгийн газар байгуулагдсан, олон жил яригдсан мега төслүүдээ ажил болгохоор шийдсэн нь улс төрийн ховорхон тохироо. Ийм тохироо бүрдсэн нь урагшилж чаддаггүй улсын эдийн засагт цараатай төслүүдэд түүхэн боломж. Том төслөө улс төрийн хүлээснээс гаргаж амждаггүй Засгийн газарт завшаан юм. Хувийн хэвшилд ч шинэ өрсөлдөөн. Явцуу эрх ашгаас холдож, том эрх ашгаа улсаараа түрэх гарааны нөхцөл ч байж мэднэ. 
 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.