Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайн экспод "Оюу толгой" төслийг онцоллоо
2024.11.05
100
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайн экспод "Оюу толгой" төслийг онцоллоо
БНХАУ-ын Худалдааны яам, Шанхай хотын Ардын Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг “Хятадын олон улсын импортын VII экспо”-гийн нээлт өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үг хэллээ.
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уул уурхайн салбарт хэрэгжиж буй зэсийн "Оюу толгой" төслийг онцолж, "Монгол Улс дэлхийд дөрөвдэх том зэсийн гүний уурхайг Рио Тинто компанитай хамтран ашиглалтад оруулсан бөгөөд энэ нь цахилгаан машины үйлдвэрлэл, ногоон хөгжилд оруулж буй манай улсын томоохон хувь нэмэр юм" хэмээн хэлсэн үгэндээ тодотгов.
 
"Монгол Улсын аж ахуйн нэгжүүд энэ удаагийн Шанхайн экспод дэлхийд танигдсан ноос, ноолуур зэрэг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээс гадна уул уурхайн салбарынхаа хөгжил дэвшил, зах зээлд өрсөлдөх боломжийг өргөнөөр танилцуулж буй нь цаашид байгалийн баялгийн бэлтгэн нийлүүлэгчээс үйлдвэрлэлд суурилсан ханган нийлүүлэгчийн байр сууринд хүрэх зорилготой" хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.
 
Энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа. Хоёр улсын худалдааны эргэлт 2023 оны байдлаар 17.6 тэрбум ам.долларт хүрсэн. Цаашид 20 тэрбумд хүргэхээр талууд зорьж байна.
 
“Шинэ эрин үед ирээдүйгээ хамтдаа хуваалцъя” уриан дор болж буй энэ удаагийн
“Хятадын олон улсын импортын VII экспо” өнөөдрөөс 5 хоногийн турш буюу 11 дүгээр сарын 10-ныг хүртэл зохион байгуулагдах юм.
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.