Бүтэн сарын туршид улс орон даяар амжилттай хэрэгжүүлсэн “Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалтын үйл ажиллагаа өнөөдөр буюу 2024 оны аравдугаар сарын 31-ний энэ өдөр Орхон аймгийн Эрдэнэт хотод боллоо.
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван болон хамтрагч байгууллагуудын төлөөлөл оролцсон энэ арга хэмжээний үеэр хуримтлал, хадгаламжийн ач холбогдлын талаар илтгэл тавьж, санхүүгийн мэдлэг олгох аппликейшн танилцуулж, “Халаасны мөнгөө зарцуулах төлөвлөгөө” дэвтрээ хэн сайн хөтлөх вэ? сэдэвт уралдаанд шалгарсан сурагчдыг шагнаж урамшууллаа.
Монголбанк, ХБНГУ-ын Хадгаламжийн банкны Монгол дахь сан, Монголын банкны холбооноос хамтран уламжлал болгон зохион байгуулдаг тус аян нь энэ жил “Зорилготой хуримтлуулъя” уриа дор хамтрагч байгууллагуудын оролцоотойгоор хэрэгжсэн бөгөөд хүүхэд залуучуудад зориулсан хуримтлалыг дадал болгох чиглэлийн сургалт, нөлөөллийн үйл ажиллагаануудаас гадна хүүхэд, залуучуудын дунд гар зураг болон цахим орчинд хуримтлалын ач холбогдлыг сурталчилсан зураг, постерын уралдаануудыг ч мөн зохион байгуулсан юм.