Жил бүрийн намар зохиогдох “Mining Week” хоёр дахь удаагаа болж байна. Энэ жилийн чуулга уулзалт ил тод, хариуцлагатай уул уурхайн хөгжлийг чухалчлан авч үзлээ. Эрдэс баялгийн салбар дахь хариуцлагыг нэмэгдүүлж, босгыг өндөрсгөх, байгаль орчны нөхөн сэргээлтийг олон улсын жишигт хүргэх, нийгмийн зөвшөөрөлтэй салбар болох, олон нийтийн итгэлийг олох өргөн агуулга дор ийнхүү үргэлжилж байна.
Төр, олон нийтийн хяналт, оролцоог уул уурхайн салбарт хангах талаар тухайлан онцоллоо. Уул уурхайн үйл ажиллагаанаас үүдсэн эрсдэл, сөрөг нөлөөллийг бууруулах, хууль бусаар ашигт малтмал олборлох хор уршгийг таниулах, үүнээс сэргийлэх, орон нутгийн харилцааг шинэ түвшинд гаргах сэдвүүдээр үндсэн илтгэлүүд тавигдсан юм.
“Хариуцлагатай уул уурхайг Монголд нутагшуулах нь” салбар хэлэлцүүлгийг “Mining Week” арга хэмжээг хамтран зохион байгуулагч Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа чиглүүлнэ. Эдийн засгийн тэргүүлэх салбарт сүүлийн жилүүдэд хариуцлага хамгийн ихээр дурдагдах болсон.
Шавхагддаг байгалийн давтагдашгүй нөөцийг зүй зохистой ашиглаж, үр өгөөж, үнэ цэнийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээж, хойч үедээ өвлүүлэх асуудлыг хөгжлийн зорилт болгон “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тодорхойлсон.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Mining Week” арга хэмжээг өчигдөр нээж үг хэлэхдээ “Уул уурхайн салбарын нээлттэй, ил тод байдлыг сайжруулах, орлогоосоо хуримтлал үүсгэх, зам, тээвэр-ложистик, эрчим хүч, усан хангамж зэрэг суурь дэд бүтцийг хөгжүүлэх, салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг сайжруулах зэрэг олон чухал асуудлыг шийдвэрлэх ёстой” хэмээн захисан.
Монгол Улс хариуцлагатай, нээлттэй, ил тод уул уурхайн салбарыг дэлхийн жишигт нийцүүлэх хөгжүүлэх шилжилтийн цаг үед тулж ирээд байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар ил тод, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх, үүний төлөө компаниуд зорьж ажиллах, хөрөнгө оруулагчид мөн адил энэхүү шилжилтийг соргог хүлээн авч, хамтдаа ахиц, дэвшил гаргана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн.
Нөхөн сэргээлт уул уурхайн салбарт төдийгүй хөдөө аж ахуй, барилга, зам бусад дэд бүтцийн салбарт ч зайлшгүй хийгдэх ажил. Уул уурхайн үйл ажиллагаанаас болж эвдэрч орхигдсон 8000 га талбайг нөхөн сэргээхээс 6250 га-д техникийн, 2086 га-д биологийн нөхөн сэргээлт хийсэн гэсэн сайн мэдээгээр энэ удаагийн “Mining Week” арга хэмжээг угтлаа. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэлээр орхигдож ирсэн уурхайн хаалтын эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэхээр болсон юм.
Уул уурхайн салбарт орон нутгийн харилцаа ихээхэн хичээл зүтгэл, цаг хугацаа, хүч хөдөлмөр шаарддаг. Дэлхийн уул уурхайн салбарт тулгамдаж буй гол асуудал байгаль орчин, нийгмийн зөвшөөрөл. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхгүй бол орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй ямар ч компани нүүр тулна. Үүнийг тойрох зам нь хариуцлага.
“Mining Week” уул уурхайн нэгдсэн арга хэмжээ хариуцлагыг төлөвшүүлэх, “Хариуцлагатай уул уурхайн кодекс”-ийг компаниуд үйл ажиллагаандаа нэвтрүүлж цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх, нэр хүндээ ч хадгалах төдийгүй нийгмийн зөвшөөрөл авах тэрхүү боломж бүрдэхээр байна.